Categories
мэдээ нийгэм

Зайсангийн зам ба орчин үеийн хүн төрөлхтний ёс зүйн код

Бөөрөнхий улаан дотор 40, 50 гэсэн тоо байдаг. стандарт мэддэг хүн бол үүнийг хараад шууд мэдэрнэ. энд машинтай хүний тухай бичээд буйг ойлгож байгаа биз дээ. замын хажууд үзэгдэх энэ тэмдгийг хараад 40, 50 км цагийн хурдтай давхих юм байна гэдэг бодол бидний толгойд автоматаар буух ёстой. Хаазаа хасч, хурдаа тааруулж, орчноо мэдрэх хэрэгтэй. Манайхаас бусад орныхны ой ухаанд бол нэгэнт суучихсан стандарт. Бөөрөнхий дотор 20, 40,
50 гээд л биччихсэн бол оросууд хэдэн милийн хурдтай, америкчууд хичнээн майлтай давхихаа хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг. Хүн хорвоод мэндэлж, ухаан орохдоо аав, ээжийгээ бусдаар заалгалгүй таньдагтай адил. Өглөө бүхэн сайн байна уу гэж өөр хоорондоо мэндэлдэгтэй ижил ой тойнд нь суусан орчин үеийн ёс зүйн код.

тэд яарч байсан ч дүрмээ баримтална. замаар ганцаараа давхилаа ч стандартаа мөрдөнө. Машиндаа хүнтэй, хүнгүй хамаагүй зөвхөн бөөрөнхий улаан дотор юу гэж бичсэнийг л дагадаг. Яагаад гэвэл тэр тоо шинжлэх ухааны судалгаагаар тогтоосон хурдны хязгаар юм.

уг нь Богд уулын араас Яармаг руу тавьсан шинэ замд яг энэ хурдны хязгаар үйлчилдэг юм билээ. тэмдэгт бичсэн тоонд багтаж, хурдаа хязгаарлавал аваар осол хийхгүй, хүний алтан аминд хүрч, хувь заяагаараа тоглохгүй л гэсэн үг. гэтэл манайхан тэр тоог хардаггүй. Хараад юу ч ойлгодоггүй. ойлголоо гэхэд тоодоггүй. Уралдааны замд хөлгийнхөө тэнхээг мэдэн давхих шиг хурдалдаг. уяан дээрээс мориндоо мордсон монгол хүн ихэнхдээ чүү гээд ухасхийдэгтэй адил сайхан замд орсон машинтай монгол хүн хаазаа гишгэдэг.

Ер нь монголчуудад нэг муу зан бий. Хэзээ тийм юм байлаа гэдэг. Дүрэм, журам, стандарт ярихаар ингэж л хэлдэг. Үүнийгээ хээгүй, гүндүүгүй монгол хүний зан гэж сайхнаар тайлбарлах нь бий. гэвч толь шиг зам байлаа ч зоргоороо давхиж болохгүй. Хэзээ тийм юм байлаа гэдэг хээгүй, гүндүүгүй зан ч хэрэггүй. зам дээр найраа байхгүй, цаанаас тогтоосон хурдны хязгаарыг л баримтлах ёстой. орчин үеийн хүн төрөлхтний ёс зүйн энэ кодыг тархиндаа суулгаагүй аваас монголчууд хэзээд ч хэдэн зуугаараа нисч үхэхэд бэлэн болжээ гэдгийг зайсангийн шинэ замаар давхигсад сануулаад байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *