Categories
мэдээ нийгэм

Зайсангийн аманд 264 авто машины зогсоол бүхий цогцолбор барина

Засгийн газрын энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар улсын тусгай хамгаалалттай газар авто зогсоолын цогцолбор барих тухай асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаас Богд хан уул, Горхи-Тэрэлжийн байгалын цогцолборт газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт иргэдийн ая тухтай амрах нөхцөлийг хангасан цогцолбор барих болон онцгой байдал, түргэн тусламж, цагдаа зэрэг шуурхай албаны автомашин саадгүй нэвтрэх автозамын асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ. Мөн цогцолбор болон автозамын барилгын ажлыг Үндэсний их баяр наадмын өмнө гүйцэтгэж дуусгах талаар холбогдох арга хэмжээ авахыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нарт даалгасан байна.

Нийслэлчүүдийн хувьд Богд хан ууланд амралтын өдрөөр явган аялж зугаалах нь элбэг. Зайсан-Баруун ширээтийн аяллын чиглэлд аялагч олон тул Зайсангийн аманд автомашины бөөгнөрөл үүсгэдэг. Сүүлийн үеийн судалгаагаар энэ чиглэлд амралтын өдөр 300-400 автомашин бүхий 4-5 мянган иргэн явган аялахаар ирдэг гэсэн тоо байна. Энэ үед авто зогсоол хүрэлцдэггүйгээс түгжрэл үүсэх зэргээр иргэдээс ихээхэн гомдол санал гарах болжээ. Мөн 1976 онд ашиглалтад орсноос хойш засвар шинэчлэл хийгдээгүй учир эвдрэл гэмтэл ихтэй. Түүнчлэн гал түймэр, осол болсон үед шуурхай албаны машин саадгүй явах нөхцөл боломж бараг үгүй болдог байна. Ийм учраас Засгийн газрын хуралдаанаас иргэдийн ая тухтай зорчих авто зам, авто зогсоолын ажлыг шууд гэрээ байгуулах замаар чанарын өндөр түвшинд шуурхай зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргад даалгасан байдаг. Нийслэлийн иргэд, гадаадын жуулчдыг дархан цаазат Богдхан ууланд зөв зохистой аялах орчныг бүрдүүлэх, авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зогсоолын хүртээмжийг сайжруулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, шуурхай албаны машин саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлж, орчны тохижилтыг сайжруулах зорилгоор энэхүү 2.05 км авто замын шинэчлэлтийн ажлыг шууд гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон байна.

Богд ууланд аялагчдад тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг мөрдөн байгальд орчинд ээлтэй, тав тухтай аялах, амрах орчныг бүрдүүлэх, цогцолбор барих ажлын хүрээнд 3 га газарт 264 автомашины зогсоол, мөн дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, үйлчилгээний цэг, иж бүрэн гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажил, 2.05 км авто замыг шинэчлэх ажил хийгдэх юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *