Categories
мэдээ цаг-үе

Загвар зохион бүтээгч Б.Дунгаамаа

ДАЛААДОНЫ Б.ДУНГААМАА

Цаг цагаараа. Далаад он. Монгол Улсад социализмын материал техникийн баазыг байгуулах, үйлдвэр хөдөө аж ахуйн орон болох зорилтыг Намын их хурлаас дэвшүүлсэн он жилүүд юм. Материал техникийн бааз байгуулчихаад дараа нь коммунизмд ороод элбэг дэлбэг амьдрах сайхан мөрөөдлөөр жигүүрлэн байж билээ. Тэр их ирмүүн хөдөлмөрийн жилүүдэд Дунгаамаа Унгар улсын Будапешт хотын их сургуулийг загвар зохион бүтээгч гэсэн мэргэжлээр төгсөөд эх орондоо ирчихсэн байв. Ер нь манайд байхгүй шив шинэхэн мэргэжилтнүүд салбар бүрт бий болж, хүний мэдэх сурах өргөн бололцоо нээгдэж байжээ. Дунгаамаа тэдний нэг юм.

Монгол Улсад загвар зохион бүтээгч гэсэн дипломтой мэргэжилтнүүд гарын таван хуруунд багтахаар цөөхөн байлаа. Түүний мэргэжлийг ойлгодог хүн тэр үед ховор. Материал эсгээд хувцас хийхэд мэргэжил ороод байхдаа яахав гэж бодох хэмжээнд бид байв. Тэгээд ч монголчууд чинь цөмөөрөө л дизайнер, зохион бүтээгчид. Айлын охид ээжээсээ сурдаг эхний эрдэм нь дээл, хувцас хийх арга техник буюу загвар зохион бүтээлт юм. Гутлаа уллачихна. Үнэгэн лоовууз хийгээд тэргүүн дээрээ асаана. Тийм болохоор хувцас эсгэх нь мэргэжил гэдгийг тэгтлээ ойлгохгүй байсныг нь уучилж болно.

Монгол Улс үйлдвэржсэн орон болох таван жилийн төлөвлөгөө дэвшүүлээд Унгар улсын тусламжаар оёдлын үйлдвэртэй болж байх үед загвар зохион бүтээгч гэдэг мэргэжил чухам тэр үйлдвэрт нэн хэрэгцээтэй байв. Ажлын байр, мэргэжилтэн хоёрыг зэрэг л бэлдэж байж. Одоогийнх шиг мэргэжил нь байдаг, ажил байдаггүй үе биш.

Далаад оны мэргэжилтнүүдийн онцлог нь өндөр боловсролоос гадна европ соёл, харьцааны соёлыг түгээгчид байв. Гадаадад төгссөн мэргэжилтнийг үнэ цэнэтэй боловсон хүчинд тооцож байсан нь хөгжлийн нэг түлхүүр байсныг одоо эргэн санахад улам тодорно. Өнөөдөр Японд боловсрол эзэмшээд, магистр, доктор хамгаалчихаад байхад ажил олдохгүй түүний суудал дээр намын нөхрийн цүнх барьсан нэгэн лаглайчихаад байгааг цөмөөрөө ярьдаг. Өнөөдрийн хөгжлийн чөдөр тушаа тэд болжээ. Намын зайдалгаанаас хэзээ салахыг бүү мэд.

Унгарт, дээр нь загвар зохион бүтээгчийн сургууль төгссөнийг хэлэх үү, Дунгаамаа өмссөн ганган хувцас, харагдаж, үзэгдээгүй нүдний шил, цагаан царай, ув улаан уруулын будгаараа, ер нь төрхөөрөө ялгарч байсан гэдэг. Бусад загвар зохион бүтээгчдийг мэдэхгүй юм, лав л Дунгаамаа хувцаслалтаараа нэг л өөр байж, загвар зохион бүтээгч өөрөө ч түүгээрээ үлгэрлэх ёстойг харуулсан эмэгтэй.

Гадаадын соёл ханхлуулсан, цагаан шарыг хослуулсан Дунгаамаа хүүхнийг 1970 онд төгсөөд ирснийх нь дараа үйлдвэрийн дарга нь амьдралтай танилцуулах гээд бие засах газар цэвэрлэх тушаал өгч байсан гэдэг. Ленинградад төгссөн эмчээр шал угаалгах, эрчим хүчний чиглэлээр төгссөн инженерээр манаач хийлгэх зэргээр “амьдрал”-тай танилцуулдаг, тэр нь бүр тушаал шийдвэртэй байлаа.

Оёдлын үйлдвэр мянгаад ажилчинтай, гурван ээлжээр зогсолтгүй ажилласан хөдөлмөрийн газар. Үйлдвэрийн оёдолчин, засварчин, инженер гээд харуулаас бусдыг Унгар улсад бэлтгэсэн төдийгүй, оёдлын машин, техник хэрэгслийг цөмийг тусламжаар бэлэглэсэн байв. Гутлын үйлдвэрийг Чех улс бэлэглэсэн гэх зэргээр социалист хамтын нөхөрлөлийн гишүүн олон орны тусламжийг Монгол Улс авч хөгжиж байсан түүхтэй. 1972 онд оёдлын үйлдвэрийг Монгол Улсад хүлээлгэж өгөхөөр Унгарын ерөнхий сайд ирж байв.

Далаад онд Дэмчиг даргатай Үйлдвэр хоршоодын төв холбоо гэсэн том бүтэц байсан юм. Хоршоодын холбоонд оёдлын үйлдвэр, урт цагаан, загварын лаборатори, (Загварын ордон), арьс шир, гутлын артель, гуанз, Нэхмэлийн зургаадугаар үйлдвэр, хөдөөгийн салбарууд, тэр ч байтугай өөрийн соёлын ордон, спортын нийгэмлэг гээд 100 гаруй байгууллагыг нэгтгэсэн мөнгө “бүтээдэг” байгууллага, Хоршоодын төв холбооны дарга нь сайдын хэмжээний хүн байв.

Дунгаамаа үйлдвэрлэлийн хэлтсийн, дараа нь “Үлгэр загвар зохион бүтээх товчоо”-ны дарга хийж байлаа. Үлгэр загвар бүтээгээд үйлдвэрт оруулна. Ханцуй, зах, товч, дотор гээд хувцсыг хэсэг бүрчлэн нарийвчлан бүтээх төдийгүй зах оёх, ханцуй залгах, ташаа оёх гэх зэргээр оёдлын бүх хэсгийн үнэ хөлсийг нарийвчлан гаргаж, цалин хөлсний үнэ стандартаар батлуулна. Тэр эсгүүр, загвар, үнэ тарифаар оёдлын газрууд нижигнэтэл ажиллана. Улсын хэмжээний нөр их энэ хөдөлмөрийг Дунгаамаатай холбон бодохоос аргагүй.

“Бидний гараас чанартай эцсийн бүтээгдэхүүн!” хэмээсэн уриатай, оёдлын ажлын чанарыг улс хянаж байжээ. Тэр хяналт тавьдаг чанар, үнэ, стандартын улсын хороо гэсэн бүтэц ерэн оноос хойш алга болов.

Загвар зурах, түүнийг зохион бүтээх нь хоёр өөр ажил бөгөөд нарийн ширийнийг мэргэжилтгүүд нь мэддэг байх. Янз бүрийн загвар зохион бүтээх өндөр боловсролыг нь нийгэм хязгаарласан төдийгүй хувцаслалт ямар байгааг намын байгууллага тун гярхай хянаж байсан билээ. Үсээ ургуулж, өргөн өмд өмссөнөөсөө болоод намаас донго хүртэж байсныг санах хүн цөөрсөөр байна. Загварын хандлага нийгэмд нэг л тиймэрхүү байв.

Үйлдвэрийн зорилго ч, агуулахын материал ч олноор үйлдвэрлэхэд зориулагдана. Зураач, загвар зохион бүтээгчдийн гарыг үйлдвэрлэгчид харна. Загвар зохион бүтээлтийн төрх ерөнхийдөө ямар байсан бэ гэхээр гял цал биш, эдэлгээ даах, үнэ боломжийн. Хийсэн зураг, зохион бүтээлт, орох материал, гарах үнийг нарийн хэлэлцэн тохирно. Тэдний хийсэн зураг, загвараар нэг өнгийн бүх л хэмжээсийн хувцас олноор үйлдвэрлэж, түүнийг нь улсын дэлгүүрүүдэд хуваарилах тул нэг дэлгүүрт сайндаа л нэг пальто очно. Худалдан авагчдын хэрэгцээг хангаж чадахгүй байснаас дэлгүүрийн дугаарлалт гэдэг “гамшиг” өмнөх нийгэмд олныг бухимдуулдагсан.

Үйлдвэрийн пальтоны загвар гаргадаг дизайнер, загвар зохион бүтээгчид бүтээгдэхүүн нь худалдан авагчдын таашаал сонирхолд нийцэх эсэх, борлох борлохгүйд ихэд санаа зовдог байжээ. Борлохгүй бол үйлдвэрийн төлөвлөгөө тасарч, улсын асуудал болох тул тэд хичнээн их үүрэг хариуцлага үүрч явсныг ойлгож болох юм. Түүнтэй цуг Баянтуул, Ишдорж, Жүгдэржав, Пагамсүрэн нарын зураач, загвар зохион бүтээгчид ажиллаж байлаа. Хуваарилалт, үйлдвэрлэлтийг нэг гараар зангидаж байсан бөгөөд түүнийг нь төлөвлөгөөт эдийн засаг хэмээн нэрлэж байв. Төлөвлөгөөт нийгэм худалдааны болоод загвар зохион бүтээлтийн эрх чөлөөг чөдөрлөнө. Гэвч бас хүний хүссэнээр загвар гарган хийдэг өндөр үнэтэй хувцас захиалгын газар гэж байсан юм аа. Тэр захиалгат хувцасны газар нь эдүгээгийн Урт цагаан хэмээх хоёр давхар байшингийн нэгэн буланд байв.

Гадаад харилцааны яамны дипломат ажилтан, бидний мэдэх нэрт зохиолч Д.Маам гадагшаа төрийн ажлаар явах болоод хувцас захиалах хэрэг гарчээ. Хорь гаруйхан настай Дунгаамаагаас “Дунгаамаа гуай хаа байна” гэж асуусан нь эгдүүг нь хүргэж, шаралхсан бүсгүй зохиолчийг үүдэндээ олон цаг хүлээлгэж, энэ хооронд зохиолч өөрийн гэмийг мэдэж, тэр хоёр танилцсан түүхтэй. Зохиолч, загвар зохион бүтээгч хоёрын хайрын түүх зохиол шиг ер бусын билээ. Бие нь чилээрхүү байхдаа хайрт гэргийдээ зориулж ийм нэгэн дууг Маам зохиолч бичиж билээ.

“Хоног хоногийн хорвоод

Хэргээр иржээ Дунгаамаа

Хотлын баярт миний амраг

Дуулж л явна даа Дунгаамаа…” дуу нь хит болсон дог.

Дунгаамаа бусдын төлөө хэргээр төрсөн эмэгтэй. Загвар зохион бүтээгчийн хувь тавилан биз ээ. Бусдыг хувцаслаад, бусдыг гоёод бурханы л үйл бүтээж явна. Мянган хүнийг ажилтай байлгах, захиалгат хувцасны газрыг материалтай болгох зэрэг том ажлыг Дунгаамаа үүрч явсан юм. Энэ бага ажил биш ээ. Дээр нь хариуцлагыг нь нэмбэл үү, бүр ч хүнд хөдөлмөр.

Тэр үеийн хувцасны материалыг мэддэг газар нь материал хангамжийн газар. Оёдлын үйлдвэрийн бараа материалыг тэндээс татна. Захиалгыг өөрсдөө гаргах ч энд тэндхийн хурлаар орж их танагдана. Нэг дугуй авах хүн хоёр дугуйны өргөдөл бичиж байж л санаснаа авдаг байсан нийгэм.

Дизайнерын мэргэжил гэдэг шинэ загвар зохион бүтээх уран бүтээлийн ажил билээ. Тэр үеийн нийгэмд Дунгаамаа өөрийн санаснаар загвар бүтээх ямар ч боломж байгаагүй юм. Бараа материалыг улсаас төлөвлөсөн мөнгө хөрөнгөний хэмжээнд авах тул мэдээж сонголт хэцүүхэн байсан хэрэг. Тийм нөхцөлд л Дунгаамаа мэргэжилтнээс захирал хүртэлх албан тушаалд дэвшиж байсан нь ажил мэргэжилдээ ямар байсныг нь харуулна.

ЕРЭЭДОНЫ Б.ДУНГААМАА

Ерээд он. Эрх чөлөө хүрээд ирлээ. Гэвч эрх чөлөө гэдэг олон юмнаас хамаардаг золиг байж. Түүнийг нь бидний үеийнхэн өдөр өдрөөр ойлгосоор өнөөг хүрлээ. Зах зээлийн нийгэмд палхийтэл орж, худалдаа, үйлдвэрийн газруудыг хуу хувьд шилжүүлэв. Дунгаамаагийн хамт олон хувьцаагаараа Загварын ордны хэсгийг аваад “Ганга-Гоёл” хэмээх шинэхэн компани байгуулав. Эргээд харахад хэцүүхэн замыг хуучин бүтэцтэй шинэ нэртэй компаниуд туулсан байна. Ерээд оны зах зээл ямар байсныг бид мэднэ дээ. Хувцас захиалагч цөөн. Ер нь мөнгөтэй хүн ховор байсны дээр ганзагын наймаачдын хямдхан хувцас зах зээлийг хангаж, тэр нь хувцас үйлдвэрлэдэг хувийн байгууллагад хүндхэн цохилт байжээ. Гэтэл хувцас захиалгын газар жижүүр, эсгүүрчин, нягтлан, оёдолчин гээд олон ажилчинтай хуучин бүтэцтэйгээ байдаг. Шинэ хуучны зөрчлийг туулан тэр олон ажилчныг цалинтай ажилтай байлгах гэж хичээн зүтгэсэн нь саяхан.

“Ганга-Гоёл” компани тэр үед дуучид, бөхчүүд, Их хурлынхан, ерөнхий сайд, шинэ загвар, хувцас өмсөх гэсэн хэн бүхний хэрэгцээг ганцаар шахуу хангаж байв. Өнөөгийн хувцас хийдэг олон газар байсангүй. Ерээд онд “Ганга-Гоёл” компани л гайгүй чанартай, орчин үеийн материалтай байв. Тэр нь захирлын сонголт сайтайгийнх юм. Дунгаамаа дизайнер хувцасны материал сонгож байх нь хурдан морь шинжиж байгаа юм шиг л харагддаг. Жигтэйхэн гярхай, нямбай, олон дахин үзэж, барьж нэг, тавьж нэг, бас утсыг нь шатааж хүртэл үзнэ. Ингэж байхдаа тэр ийм материалаар хийсэн хувцас өмссөн хүн хаагуур явах, хэзээ өмсөх, материалд ямар эсгүүр зохихыг хүртэл бодно. Энэ ховор чанар ажлаа мэддэг мэргэжлийн хүнд л байдаг. Түүний сонгосон материал өнгөний хувьд ч, чанарын хувьд ч эргэлзэх хэрэггүй сайн. Тэр цагт материалыг ихээр авчирвал мөнгөний түгжээ болох, олон дахин явбал чирэгдэл ихтэй байв. Дунгаамаа урлаг соёлыхонтой их танил. “Гоёл” наадам болно, дизайнер тэнд шүүгчээр сууж байх. Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний шүүгч нь бас л Дунгаамаа байх. Урлаг соёлын бүх л арга хэмжээнд явдаг Дунгаамаа олны танилыг хэлэх үү, тайз дэлгэц, бөхийн дэвжээний одод тэднийхээр эргэлдээстэй.

Дунгаамаа захирлын өрөө ерээд онд хамгийн тансаг, чамин нь байлаа. Булангийн буйдантай. Ийм булангийн буйдан Монголд орж ирээгүй байв. Гоёмсог чийдэн, тогосны өдтэй ваар, чамин үзэг, өлгөөтэй янз бүрийн хувцас нүд булаана. Захирал бүсгүйн үс засалт, өмссөн хувцас нь дэгжин. Түүний өрөөнд орсон үйлчлүүлэгчид нэг их ая тухыг мэдэрч, захирлын эелдэг зан, сайхан инээмсэглэлд уягддагсан.

Дунгаамаа захирал орж ирсэн хүн бүхнийг кофегоор дайлна. Кофе нүдний гэм. Үнэтэй, ховор кофегоор дайлахын ялдамд кофе зуурч хэрхэн сайхан үнэр ханхлуулахыг зөвхөн Дунгаамаа л чаддаг байлаа. Үйлчилгээний соёл гэдгийг тэр биеэрээ үлгэрлэнэ. Тэдний өрөөнөөс сэтгэл дундуур гарсан нэг ч хүн байхгүй гэдгийг би баталж чадах юм.

Ардын, гавьяат, залуу хичнээн ч дуучны хувцсыг хийж, тайз дэлгэцийг чимсэн гэх вэ. Уран бүтээлчдийг өрөвдөх нинжин сэтгэлтэй захирал маань хамгийн сайхан материалаар, хамгийн чамин хувцас хийгээд, яаж ийгээд хямдруулж өгнө.

Шилмэл загварын ордон нь хувцасны загвар өмсүүлэх тайзтай. Өнөөдрийн загварын олон шоуны эхлэл тэнд тавигдсан юм. Гэхдээ бүр далаад оноос шүү. Дунгаамаа даргын Монголд бий болгосон нэг ажил нь хувцасны загвар үзүүлэлт байлаа. Тэр нь өнөөдрийнх шиг шоуны хэмжээнд биш, сонирхогчид нь цөөхөн, телевизийн бичлэг хийж, нийтэд түгээдэггүй байсан ч социалист орнуудын хэмжээнд “Интермода” нэртэйгээр болж байсныг харвал олон улсын хэмжээний загвар үзүүлэлт байжээ. Өнөөдрийн дэлхийн томоохон арга хэмжээний эхлэл нь тэрхүү интермода юм. Үйлдвэрийнхээ гайгүй царайлаг, нуруулгийг модель болгож аваад явна. Одоогийн бичдэгээр бол Дунгаамаа загварын шоуны “хатан ээж”. Тэр шоунаас жилийнхээ загварын өнгө, донжийг гаргана, илтгэл тавина, бас медаль авчирна. Ангийн үсээр хийсэн манай өвлийн хувцаснууд Интермода тоглолтоос алтан медаль авчирч байв. Дунгаамаа арваад удаагийн загварын шоунд оролцсон загвар зохион бүтээгч. Монголд 1981, 1985 онд “Интермода” болж байв.

Тэдний компани анх удаа загвар өмсөгчийн дамжаа хичээллүүлж байв. Загвар үзүүлбэрийг бас л тэднийх хийж байсан. Өнөөдрийн олон загварын клубийн эзэд тэр дамжаанд хичээллэгсэд байлаа. Дунгаамаа маш олон ажлыг санаачилж, зохион байгуулжээ. “Ганга-гоёл” компани монгол төрийн түүхэнд үлдэх түүхэн үүрэг гүйцэтгэсэн компани билээ. Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын төрийн ёслолын дээлийн загвар, зохион бүтээлтийг Дунгаамаа захиралтай энэ л компани гүйцэтгэсэн билээ. Тэр дээл түүх болон музейд тавигдсаныг бид мэднэ. Анхны ерөнхийлөгч өөрийн бичсэн “Тэнгэрийн цаг” номондоо загвар зохион бүтээгч Дунгаамаагийн нэрийг дурдсан байдаг.

Захирал ажлынхаа хажуугаар докторын ажлын сэдэв аваад бас завгүй байлаа. Түүний эрдмийн ажлын удирдагч, эдүгээ СУИС-ийн дэд захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Алтанцэцэг “Дунгаамаа гуай бол судлаач хүн. Ерээд оноос монгол хувцасны наадам зохион байгуулж, эрдэмтэн Х.Нямбуугийн эрдмийн ажилд туслалцан, монгол үндэстэн, ястны хувцсыг иж бүрнээр нь хийж, онцлогийг нь тусгаж байсан юм. Сүүлд ШУТИС дээр “Хувцас судлалын төв” байгуулагдахад тэр хувцаснууд их хэрэг болсон төдийгүй хичээлийн судлагдахуун болсон.

2001 онд докторантурт элсээд “Монгол дээлний зохион бүтээлтийн судалгаа, боловсруулалт” сэдвээр хамгаалсан. Ажлын дадлага туршлагатай, эрдмийн боловсролтой Дунгаамаа гуайг бид багшаар авч байсан. Түүний эрдмийн ажил нь археологийн олдвор, түүхэн эх сурвалжуудад үндэслэн монгол дээлийн хэлбэр хийцийн хөгжлийн үе шатыг тодорхойлсон, дээлийн зах, энгэр, суганы хэлбэрийн математик загварыг тогтоож, эсгүүрийн үлгэр байгуулах программ хангамжид хэрэглэсэн онолын шинэлэг хандлага болсон юм. Дээлийн сулын хэмжээг нарийвчлан тогтоож, зохион бүтээлтийн график тооцооны аргыг хэрэглэн, эсгүүрийн үлгэрийг гаргаж авах шинэ аргачлалыг боловсруулсан эрдэмтэн” гэсэн юм. Би Дунгаамаа даргын удирдлагад ажиллаж байхдаа түүний удирдах арга барилаас ихийг сурсан. Сайн зохион байгуулагч, нэртэй дарга эмэгтэй гэж нэмж хэлсэн билээ. Дизайнер олон шинэ патент авч, гадаад дотоодын хэвлэлүүдэд нийтлэл гаргаж, дээлийн сэдвээр гурван ч ном бүтээжээ. Дунгаамаа ийм эрдэмтэн, профессор хүн.

Дээлийн чиглэлээр судалгааны ажил хийж байгаа бакалавр, магистр, докторантууд түүний эрдмийн ажлаас заавал иш татдаг. Тэр олон магистрын ажлын удирдагч, шүүмжлэгч юм.

Хувцас, загварын салбарт өөрийн гэсэн замыг туулж, нийгмийн хоёр өөр тогтолцооны үед өөрийн гэсэн оргилыг бий болгосон загвар зохион бүтээгч, эрдэмтэн, удирдах ажилтан, багш бол Дунгаамаа билээ.

“Өрхөө татаж үүрийн гэгээг

Тооноор чи минь тосон заллаа

Тоононы хадганд тортог амсуулж

Галын бурхнаа тулгандаа тахилаа

Хоног хоногийн хорвоод

Хэргээр иржээ Дунгаамаа

Хотлын баярт миний амраг

Дуулж л явна даа Дунгаамаа…”

Дууны тэнгэр, бидний энхэр Дунгаамаа минь.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч С.Оюун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *