З.Түмэнжаргалын гэр бүл
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, дууны шүлгийн нэрт мастер Загдын Түмэнжаргал агсны охин Т.Дөлгөөнтэй ярилцлаа. З.Түмэнжаргал “Дэгдээхэй нас” киноны дуу, “Могжоохон даагатай жогжоохон хүү”, “Бага насаа би хайрлаж явна”, “Бөөн баяр”, “Арван найман нас”, “Гэрэлт орчлонгийн залуус”, “Цэцгэн зүйрлэл”, “Хайрын дууль”, “Очоод золгоно доо”, “Монголын тал нутаг”, “Дууны хорвоо”, “Алсын алсын даваа”, “Ус мөрөн олон чиг”, “Урьхан цэнхэр хавар”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Халтар манан хөөрөг”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг олон бүтээлээрээ ард олондоо мөнхөрсөн хүн. Түүний зохиол бүтээлүүд орос, хятад, япон, солонгос хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн байдаг юм. Тэрбээр, багш, захирал, Ардын эрх, Өнөөдөр сонины тусгай сурвалжлагч, “Би Би”, “Ням гариг” сонины ерөнхий редактор, хэвлэл мэдээллийн “Нэр төр” төвийн эрхлэгчээр тус тус ажиллаж байлаа. Мөн Франц улсын Парисын дорно дахины хэл иргэншлийн дээд сургуульд Монгол хэлний багш, Монгол Улсын их хурлын даргын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг төр нийгэм, соёл боловсролын салбарт нийтдээ 40 гаруй жил ажиллажээ. Түүний 65 насны ой энэ онд тохиож байгаа билээ.
-Аавынхаа дурсамжаас бидэнтэй хуваалцаач. Хэзээнээс аавынхаа авьяас билгийг мэдэрч өсөв?
-Аавыгаа жирийн биш, тусгай хүн гэдгийг багаасаа мэдэрч байсан учраас гавьяа шагнал авахад нь гайхдаггүй, миний аав авах ёстой гэж боддог байлаа. Аав минь үгийн урлагийн мастер хүн учраас өдөр тутмын яриа, урамшуулж буй магтаал, шүүмжилж буй нь хүртэл эгэл биш байлаа. Загнахдаа “Чи ямар дугаар хорооны Дугарын хүүхэд биш. Хэний хүүхэд гэдгээ мэдэж байна уу” гэдэг байсан. Аав миний нүдээр бол яруу найрагч биш, философич хүн. Эсвэл яруу найрагч болоогүй бол аавыгаа зөн билэгтэн болох байсан гэж боддог. Цаг үеэсээ түрүүлж, стандартыг давж сэтгэдэг байсан. Аль 30, 40 жилийн өмнө одоогийн энэ нийгмийг харж байгаа юм шиг урьдчилаад яг л биччихсэн байдаг. Аавынхаа зохиол бүтээл, дэвтэр цаасыг ухаад үзэхээр их сонин шүү дээ. Ертөнцийг үзэх үзэл нь бусдаас өөр, түүнийгээ ч өөрсдийнхөө хүүхдүүдэд шингээхийг хүсдэг байсан. Хүүхэд хүмүүжүүлэх арга нь хүртэл ер бусын. Хэнийг ч хориглож, цагдахгүй, өөрөөр нь сэтгүүлж, өөрийнхөөр нь эрх чөлөөтэй хэрнээ их зүйлийг уншиж судлах, эрдэм номд шамдахыг сургадаг байсан. Хүнийг хүндэлдэг, хүүхдүүдээ ч хүндэлнэ. Хэзээ ч хүний хувийн орон зай руу нэвтэрдэггүй зарчимтай. Одоо би хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ аавынхаа аргыг хэрэглэх дуртай. Мөн номоор дамжуулж бидэнд зөвлөгөө өгнө. Чи энэ номыг унш, унших ёстой гэхгүй. Жишээлбэл, “Охидод өгөх 100 зөвлөгөө” гэх мэт номыг аваад, надад ойрхон тавьчихна. Эсвэл шүүгээнд хийчихээд, чи тэр номуудыг цэгцлээд бүгдийг нь сайхан өрчих гэнэ. Би ном цэгцэлж байгаад, сонирхоод аваад уншина. Мэдээж надад зориулж худалдаж аваад өрчихсөн байгаа юм. Гэртээ байдаг ийм дулаан уур амьсгалыг дүү нарынхаа гэрт ч очоод түгээнэ. Аав 10 хүүхэдтэй айлын дээрээс хоёр дахь нь, ах дүү, хамаатан садан дотроо тэднийгээ ээдэг нар нь байсан. Аливаад чин сэтгэлээрээ маш өөриймсөг хандана. Биднийг багад манайхаар хүн их ирнэ. Хөгжмийн зохиолч Шарав ах, Чинзориг ах хоёр бол бүр үргэлж ирдэг. Зураач Ойдов ах, Дүйнхэржав ах гэх мэт бүх урлагийн салбарынхан ирнэ. Тэднээс гадна манай хүүхдийг нэгдүгээр сургуульд оруулаад өгөөч, гадаад паспорт гаргуулаад өгөөч, гадаадад сургуульд явуулаад өгөөч, гэртээ утас тавих гэсэн юм, хүүхдээ цэрэгт явуулмаар байна, нөхөртөө зодуулчихлаа туслаач гэх мэт бүх л төрлийн гуйлт хүссэн янз бүрийн таних танихгүй хүмүүс ирнэ. Аавд яг бэлэн яриад зохицуулаад өгөх тэр чиглэлийн таньдаг хүн байхгүй ч, гуйлт болгоныг бүтээгээд л өгчихсөн байдаг. Хүний гуйлтыг сонсож ярилцаж байгаад л за яахав, ямар ч байсан бүтээнэ гээд л чин сэтгэлээсээ хандана, яаж ийгээд л бүтээнэ.
-Таны аав Төв аймгийн Угтаалцайдамаас гаралттай юм байна лээ. Аав, ээж нь ямар хүмүүс байсан. Ах дүү нар дотор нь зохиолч хүн бий юу?
-Аавын маань ургийн овог бол Боржигон. Хэдэн үе хадгалагдаж ирсэн Боржигон гэсэн тамга манайд байсан. Аавын өвөөгийнх нь өвөг эцэг нь Богд хааны бичээч, эрдэм номтой бичгийн хүн байсан гэдэг. Тэр хүний удам сударт нь дан бичгийн хүмүүс байсан юм билээ. Аавын аав, Загд өвөө цэргийн албанд татагдаж очоод, цэргийн бичээчээр ажиллаж байсан. Харин аавын ээжийнх нь ээж Долгор эмээ намайг таван нас хүртэл амьд сэрүүн байлаа. Долгор эмээ маш цэгцтэй гоё ярина, үлгэр зохиол их уншдаг, уран зохиолд маш сонирхолтой хүн.
Аав багаасаа Угтаал цайдамдаа өссөн, хол явж үзээгүй ч амьдрал, орчлон хорвоог уншсан үлгэрээрээ төсөөлдөг байсан гэдэг. Аавыг мэдээ ороогүй балчир байхаас нь эхлэн эмээ “32 модон хүний үлгэр”-ийг хүртэл уншиж өгдөг байсан гэдэг. Ойлгох, ойлгохгүй хамаагүй, унтах, сэрэх бүрт нь үлгэр уншиж өгдөг байж. Тиймдээ ч аав бага ангид байхдаа цэвэр бичгийн аварга, хурдан уншлагын аварга, хоёр гурван шүлэг биччихсэн нутагтаа тодорчихсон хүүхэд. Гуравдугаар ангид байхдаа “Москвагаас ярьж байна” нэвтрүүлгийг сонсоод, редакц руу нь захидал биччихэж. Гэтэл нэг өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын сургуулийн сурагч З.Түмэнжаргалаас ийм захидал ирлээ гээд радиогоор нэвтрүүлэгч уншсан гэдэг. Хүүхэд байхын л хязгаарт баригддаггүй, хэмжээ хязгааргүй сэтгэдэг чөлөөт сэтгэгч хүн байсан. Өөрийнхөө найман дүүг өсгөлцөж, ээж аавдаа тусална, энэ тухай сонсохоор бүр аав минь супермэн байсан юм шиг санагддаг. Аав багаасаа тодорчихсон болохоор нөгөө хэд нь өөрсдийгөө дараад, шүлэг найраг сонирхоогүй байж магадгүй. Аавын дүү Энхээ эгчийг би Долгор эмээ шигээ гэж төсөөлдөг. Энхээ эгчийн яриа нь шүлэглэж байгаа юм шиг. Мөн хошин, алиа марзан зантай. Ах дүү найз нөхөд, хүргэн бэр гээд л бүх л хүн аавыг минь ихэд хайрлан хүндэтгэдэг. Бурхан болсных нь дараа бэр, хүргэн болж ирсэн хүмүүс хүртэл ихэд хүндэтгэж байгаа нь мэдрэгддэг.
-Аав, ээж хоёр тань хэзээ танилцаж, гэр бүл болж байсан бэ?
-Аав, ээж хоёр маань 17-хон настайдаа танилцсан хоёр. Аав 17 настай, нэгдүгээр сургуульд нэгдүгээр ангийн багш. Ээжийн нэг дүү нь аавын ангийн сурагч. Ээж оюутан. Нэг өдөр ээж дүүгийнхээ эцэг эхийн хуралд суухаар очиход, аав хараад дурлачихаж, гэртээ очоод “Цайдамхан талаасаа чамайгаа хайлаа” гээд шүлэг биччихсэн байгаа юм. Ингээд танилцаж зүрхлэхгүй явсаар, ээжийн гэрийг нь мэдээд авч. Ээжийн аав нь зохион бүтээгч инженер. Монголоос гуравхан хүнийг Оросод инженерээр сургаад, тэр гурав нь суурин утас, радио, телевизийн бүх холболтыг Улаанбаатарт нэвтрүүлсэн байгаа юм. Тэгэхээр өвөөгийнх тухайн үедээ телевиз үздэг байсан тоотой хэдхэн айлын нэг. 50 мянгатын XXIV байр. Орой кино гарах цагаар тэр хавийн бүх хүн өвөөгийнд ороод, том өрөөнд нь чигж зогсч байгаад, кино үзээд гардаг байж. Аав ээжийг харахын тулд орой бүр олон хүний дунд ороод зогсчихдог байж. Ингэж явсаар танилцсан юм билээ. Ээж 50 мянгаттай Цагаан Тунгаа гэдэг нэртэй царайлаг охин. Ээжид эрчүүд дурладаг ч халдаж чаддаггүй байсан, харин хамгийн зоригтой, хоншоортой нь аав байсан болоод ээжийг авч суусан түүхтэй шүү дээ. Ээж маань орос хэлний багш. Аавыг оюутан байхад Орост сургах хүүхдүүдийг шалгаруулахаар бүх хүүхдийг шалгахад аав бүгдэд нь тэнцчихсэн гэсэн. Бүр балетийн ангид хүртэл тэнцсэн.
Шарав ах хөгжмийн зохиолчийн ангид тэнцсэн. Гэтэл аав би яруу найрагч болно гэж эсэргүүцээд яваагүй гэдэг. Харин хөгжмийн зохиолч болохоороо энэ дуунд шүлэг хийгээд өгөөрэй гээд Шарав ахад “Очоод золгоно доо” гэдэг шүлгээ бичиж өгсөн юм билээ. Гэтэл Шарав ах хөгжмийн зохиолч гэж юу байдгийг ч мэдэхгүй автобусанд суугаад Орос явсан гэж байгаа шүү дээ. Тухайн үеийн зохиолчдын хорооноос садар үгтэй гээд зарим шүлгүүдийг хар жагсаалтад оруулахад “Уяхан цэнхэр хавар”, “Очоод золгоно доо”, “Төгсөх сурагчийн уянга” зэрэг дуунуудыг бүгдийг нь хар жагсаалтад оруулчихсан, энэ Түмэнжаргал дандаа нус нулимс бичдэг хаашаа нөхөр вэ гэсэн байгаа юм. Харин 1990-ээд онд ардчилал гарснаас хойш л энэ дуунуудыг чөлөөтэй дуулдаг байсан. Түүнээс өмнө бол энэ дуунууд гитар бариад орцонд дуулдаг хүнд гаруудын дуу гэгддэг байсан. Гэтэл аавын маань жинхэнэ шатаж, явсан хүүхэд ахуй, цэл залуу насных нь үед бичигдсэн дуунууд юм.
-Таны аав хэзээ, ямар үедээ ихэвчлэн бичдэг байв?
-Бүх л амьдрал нь уран бүтээл байлаа. Нэг удаа би муухай зүүд зүүдэллээ гээд уйлчихсан. Аав, ээждээ ярьчих ямар зүүд юм гэж асуугаад, яриулсныхаа дараа над руу харж харж байснаа “Зүгээр зүгээр, миний охин аав нь наадахыг чинь шүлэг болгочихъё гэсэн. Тэгээд л “Эцэг, эхийн хурал гэдэг шүлэг бичсэн. Манайд цаас хийж болох бүх л сав цаасаар дүүрэн байдаг байсан. Аав шөнө 3, 4 цагт гэнэт босоод Тунгаа, Тунгаа үзэг цаас хаана байна гээд л шүүрч аваад, хэдэн мөр биччихээд унтана. Өглөө нь тэрийгээ санахгүй. Халамцуу үедээ бас аягүй шүлэглэж ярина, ууртай агсан тавих үедээ ч шүлэглэж хэлнэ. Байнга хэлдэг үгнүүдийг нь бид нар цээжилчихсэн, аавыг дуурайж тоглоно. Ер бусын авьяас билэгтэй хүн байсан, бурхнаас олон түмнийг дуу яруу найргаар цэнгүүл гэж аавыг минь илгээж дээ гэж боддог. Хөгжмийн зохиолч Галмандах ахын аялгуунууд бас цаг үеэсээ түрүүлсэн гайхалтай байдаг. Энэ хоёр хүн энэ цаг үед амьдрахгүйгээ мэдсэн юм шиг түрүүлээд бүтээлээ туурвичихаж гэж бодогддог.
-Та нар ээж ааваасаа хэдүүлээ билээ?
-Ээжээсээ ахтайгаа хоёулаа. Ааваасаа гурвуулаа. Сүүлд Мягмарсүрэн эгчээс гарсан Тингис гэж дүү маань бий. Ахын хоёр дахь хүү манай том хүү, миний бага дүү гурав хэд, хэдхэн хоногийн зайтай гурван хүү төрсөн. Аав маань гурвууланд нь нэр өгсөн. Аав бага байхаас л ахыг маш мундаг, энэ их мундаг аа энэ томорно оо гээд л үргэлж чин сэтгэлээсээ магтдаг. Ах гурван настай байхдаа нэг удаа “Би хар машин унадаг том дарга болно” гэж ярьсан гэсэн. Тэрийг нь аав 30,40 жил ярьсан. Чи дарга болно гэсэн, энэ их мундаг энэ томорно” гээд л одоо ёстой л хар машин унадаг, дарга болсон. Ах гадаад харилцааны мэргэжил сонгож, би ахыгаа дуурайж гадаад харилцаагаар сураад, сүүлдээ англи, орос хэлний орчуулагч, багш мэргэжилтэй болсон. Тээвэр зуучийн чиглэлээр нэлээд ажилласан. Харин намайг бага байхад аав “Энэ их хөөрхөн, энэ царайлаг, ийм хөөрхөн охин, миний охиныг хар” гэж найзууддаа магтаж байгаад л араас нь намайг дуурайсан гэж хэлдэг байсан. Нэг өдөр хөгжмийн зохиолч Сангидорж ах ороод ирсэн байхад намайг дуудсанаа, “Танай хоёр ихэр мисс охиноос чинь царайлаг байгаа биз дээ миний охин” гэж байж билээ. Сангидорж ах “Тийм байна аа” гэсэн. Хүний амьдралын баярт мөч бүртэй аавын минь дуу хамт байдаг. Хүүхэд нас, оюутан цаг, ээж, нутаг усны тухай дуунууд нь баяр бүрээр дуулагдаж байхыг сонсоод, аав минь олон түмнийг хөглөж байна даа гэж боддог.
-Таны аавын 65 насны ой өнөө жил тохиож байгаа. Ойд нь зориулаад тоглолт хийх гэж байгаа гэсэн. Тоглолт хэзээ, хаана болох тов гарав?
-Аавынхаа 65 наны ойг өнгөрсөн намраас эхлээд тэмдэглэж байгаа. Төрсөн өдөр нь уг нь дөрөвдүгээр сарын 16. Харин тоглолтыг дөрөвдүгээр сарын 18-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулна. Аав мартаар үргэлж тоглолтоо хийдэг байсан. Тухайн үеийн дуунуудыг, аавын тэр тоглолтыг үгүйлэн санадаг хүмүүс олон байдаг байх гэж бодоод, тоглолт хийх нь зөв юм байна гэж бодсон. Өнөөдөр (өчигдөр) Мягмарсүрэн эгч болон хөгжмийн зохиолчид, аавын ах дүү нартай тоглолтын талаар ярилцаж, төлөвлөгөөгөө гаргалаа. Хүмүүс сэтгэлээрээ хандах байх гэсэн аавынхаа бодлоор л явж байна. Би аавын нэг зохиолыг хүүхэлдэйн кино болгоё гэсэн чинь аав их дургүйцсэн. Нэрд гараагүй хүнийг эхнэр хүүхэд нь рекламдаад нэрд гаргах гээд гүйгээд байдаг шиг юм байж болохгүй. Есенинийг, Пушкинийг нас барангуут гэр бүл нь сандчаад гүйхгүй л байгаа биз дээ.
Ард түмэн өөрсдөө л таалаад, өөрсдөө л бүтээлийг нь дуу болгох нь болгоод, кино болгоно. Үнэхээр сор бүтээл юм бол аяндаа сорчлогдоод л гараад ирнэ гэж байсан. Энэ концертыг би бас ийм байр сууринаас хараад байгаа. Хүүхдийн баяр, хонхны баяр гэх мэт бүх л баяраар аавын минь дуу дуулагдаж, ард түмэн дагаад дуулдаг. Надад ч сайхан санагддаг. Бүх ард түмний үеийн үед, үрийн үрд хүүхдүүдийг нь аавын зохиосон дуу хөглөж байна. Энэ дуунуудыг дуулж байсан зарим хүн гадаад, дотоодод байдаг, зарим нь би дуулна гээд сэтгэлээрээ хүрээд ирэх, зарим нь дуулахгүй гэж магад. Аясаараа сайхан тоглолт болох байх гэж догдолж байна.