Сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглох гэж гарсан 11 настай хүү харамсалтайгаар амиа алдсан хэрэг саяхан болсон. Тэрээр хөлбөмбөгийн хаалганы хөндлөвч төмөрт дарагдаж амиа алдсан байна. Хүүгийн сурдаг байсан нийслэлийн 79 дүгээр сургуулийн биеийн тамирын талбайд энэ явдал болжээ.
Сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ “Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан. Аав нь архины хамааралтай, эмээтэйгээ амьдардаг, ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан” гэж ирээд л нийгмийн нэг хог шавхрууг заазалчихлаа шахуу юм ярьжээ. Өмнө нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаярын сууж явсан машин мотоциклтой мөргөлдөж, хүний амь эрсдэхэд бас иймэрхүү үг хэлж байсан. Тэрээр төрийн ордонд энэ явдлын дараа мэдээлэл хийхдээ “Талийгаач согтуугаар мотоцикль унаж яваад осол гарсан” гэж ирээд л ярьсан. Бас л архичин, орон гэргүй, тэнэмэл гэсэн яриа гарсан. Эд нарын үгнээс нийгмийн илүүдэл устаж, архичин орон гэргүй хүнийг заазалсан шахуу ойлгогдоод байна.
Өнөөх өөд болсон хүүгийн сургуулийн захиралд захиргааны арга хэмжээ авна гэж Боловсролын сайд нь хэлнэ лээ. Цалингийн хувиар торгоод л өнгөрөх юм шиг байна. Зөвхөн сургуулийн захирал төдийгүй Нийслэл дүүргийн боловсролын газрын дарга, хариуцсан албан тушаалтан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын төвийн удирдлага, дарга мундартнуудад ч хариуцлага тооцохгүй бол нийгэм тэр чигээрээ хариуцлага гэдгийг мэдэхгүй болно. Саяхан Японы Осака хотод газар хөдлөлт болж, 9 настай охин хашаанд дарагдаж нас барсан. Гэтэл хотын удирдлага, сургуулийн захирал, хамаарах албан тушаалтнууд бүгд очиж ар гэрийнхнээс нь бөхөлзөн, уучлалт эрж зогсов. Угтаа байгалийн давагдашгүй хүчин зүйл рүү бурууг чихэж болох байлаа. Гэтэл охины дарагдсан хашаа 2 метр хорин сантимерт байх ёстой стандартаас үл ялиг өндөр байснаас өөрсдийгөө хүүхдийн үхэлд буруутган уучлал хүсэн бөхөлзөж, нахилзаж байгаа нь тэр. Манайд эсрэгээрээ ар гэрийнхэн рүү бурууг чихээд, хараа хяналт сул, эмзэг бүлгийнх гэх юм яриад пээдийгээд зогсч байх. Тиймээс энэ хэрэгт хатуу хандаж хариуцлага тооц. Үгүй бол Боловсролын сайд өөрөө огцор. Цагдаа нь хүртэл “Сургуулийн талбайд хараа хяналтгүй явж байсан байна лээ” гэх утгатай үг хээв нэг хэлж суух юм. Бусдын үр хүүхдийг ингэж доромжилж суугаа тэр цагдаад ч арга хэмжээ ав. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн Хууль, эрх зүйн хамтын ажиллагааны дарга А.Энхбаатар “Эцэг, эхийн хараа хяналтгүйгээс хүүхдүүд ийм эрсдэлд орох, гэмт хэрэг хийх нь их байдаг” гэж яриад зогсч байгаа юм. Дээрх хүмүүс хүүгийн үхлийн талаар ярихдаа ингэж бүгд л бурууг ар гэрийн хараа хяналт сул, аав, ээж нь салсан, архи дарстай холбож хэлсэн байх юм. Хүүгийн үхэлд тэгээд ар гэрийнхэн нь л буруутай болж таарах уу.
Сургуулийнхаа биеийн тамирын талбай дээр бөмбөг тоглохоос өөрөөр яаж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх юм. Тэрэн шиг амар амгалан газар хаана байна. Тэр хүү PC тоглож, гудамжинд сэлгүүцээгүй байна. Ар гэрийнхэн нь сургуулийнхаа биеийн тамирын талбайд тоглоод байж байгаа хүүхдэд хараа хяналт тавина гэж яах ёстой байсан юм. Үр хүүхэдтэй, эцэг эхчүүд мэднэ. Сургууль дээрээ байхад нь хараа хяналт тавиад дагаад явдаггүй л биз дээ. Гэтэл амгалан тайван тоглох ёстой арваад настай хүү хэн нэгэн шонг нь хуу татаад аваад явсан байлаа ч тэрийг нь хүүхдэд аюултай байна гэдгийг олж харахгүй, харахыг хүсээгүй хүмүүсийн буруугаас амиа алдлаа. Яс хавталзам ийм өөдгүй улстай, ийм хүйтэн цэвдэг хүмүүстэй улс оронд яаж та бидний үр хүүхэд амьдарна даа. Хүний, өөрийн хүүхэд ялгаа юу билээ. Үндсэн хуулиндаа монгол хүн амьд явах эрхтэйг заачихсан. Үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр өөрсдийнх буруугаас болж өөд болсон хүүхэд, ар гэрийнхэнд нь бурууг чихээд зогсож байнга гэдэг дэндүү эмгэнэл шүү.
Б.ДОНРОВ