Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зааныг нь анзаарсангүй

Крыловын нэг ийм ёгт үлгэр байдаг. Нэг эр байгалийн түүхийн мүзэй үзэж гэгээрчээ. Сэтгэл нь их хөдөлсөн бололтой үзсэн харснаа учиргүй нарийвчлан ярьжээ. Торгоны эрвээхэйн тухай, өт хэдэн янз байдаг тухай, бичил биетнийг микроскопоор харахад ямархуу байдаг тухай, бөөс хэдэн хөлтэй тухай гэх мэт. Сонсож суусан нэг нь “Мүзэйд тавьсан зааны чихмэл танд ямар сэтгэгдэл төрүүлэв?” гэж асуухад мань хүн гайхсандаа таг болсноо “Зааныг нь харин анзаарсангүй шүү. Тэнд заан байсан юм уу?” гэжээ.

Одоо төрийн аппаратыг цөөлж бөөн мөнгө хэмнэх тухай яриа их л моод болсон бололтой. Бүх яамаа байхгүй болгоод, агентлагаа тэг болгочихвол улс орон хямралаас гараад дэлхийд гайхуулах бололтой юм. Дэд сайдгүй болчихвол хэмнэсэн мөнгөөрөө үй олон эмнэлэг буй болгох гэнэ. Үүнийг УИХ-ын боловсролоор нойль гишүүд хамгийн түрүүн тооцоолон ухаантайгаа гайхуулна. Сампин ашигласан уу, кэнди электрон тоглоом хэрэглэсэн үү, одоохондоо тэр нь нууц байна. Илүү нарийн бодлогыг жиргээчид тооцоолон бусдаас илүүгээ харуулах бөөн өрсөлдөөн.

Одоо тооцоо хийгээд үзье. Арван таван яамтай. Үүнээс Батлан хамгаалах, Гадаад яам гээд аргагүй байх орон тоотой нэг хоёр нь 130-140 ажилтантай. Дундаж ажилтны жилийн төсөв 10 сая төгрөг. Бусад яам нь 50-70 ажилтантай, нийлээд за яахав өргөж тооцоод төсөвт байгаа нийт дүн 20 тэрбум төгрөг. Энэ нь улсын нийт төсвийн ердөө л 0,4 хувь. Бүр гааж ухаантнууд дэд сайд хэмнэвэл нэг тэрбум төгрөг хэмнэхийг тооцоолжээ. Энэ нь улсын төсвийн 0,002 хувь л даа. Тоо нь олон тэгтэйгээрээ сүртэй болохоос процентлохоор хэмнэлт мөн үү? Үүгээр ямар эмнэлэг сургууль барина ч гэнээ, бөөн математик. Гэхдээ нөгөө гараараа хамгийн бага эмнэлгийг 3.4 тэр бумаар арай чүү барина гэж мэтгэх. Гэтэл хөрөнгө оруулалт нэрээр ашиггүй хэрэггүй тэрбайтугай хортой мөнгө сүйтгэл хоёр их наяд төгрөгөөр хэмжигддэг. Энд л хэмнэлт бий. Хэрэв хувь хүнд кинотеатр бариарай гээд мөнгө өгчих юм бол зөндөө хэмнэлт гарна. Гэтэл төр өөртөө хөрөнгө оруулчихаад тэрнийгээ маллах гэж ямар их хөрөнгө сүйтгэж байнаа?

Төр гэдэг бол мөн чанараараа хүнд суртал. Хүнд сурталгүй төр гэж хаана ч үгүй (бюрокраци гэдэг утгаар нь хэлээд байна л даа, түүнээс орчуулга үг нь ч хүнд аймаар муухай сонсогдоно), гагцхүү доозыг нь тохируулах асуудал л байдаг. Ерөөс төрийг үгүйсгэдэг, удахгүй төргүй болох тухай номлодог ухаантан Ленинээс авахуулаад л зөндөө л төрж байсан. Ийм суутнууд өөрснөө хамгийн их хүнд сурталтай төр байгуулж байсан. Ленин хэлэхдээ коммунизмд орохоор төр үгүй болж оронд нь Үйлдвэрчний эвлэл бүхнийг зохицуулна гэсэн. Ашгүй коммунизм нурчихлаа, тэгээгүй бол бид чинь хиншүү Гамбаагийнхаа гарт орох байж л дээ.

Цэдэнбал, Батмөнхийн Засгийн газар 42-46 Засгийн газрын гишүүнтэй байсан. Энэ бол доозыг нь нэг тийш нь хэтрүүлсэн хүнд суртал. Модгүй мөртөө Ойн аж ахуйн яамтай, усгүй байж Усны аж ахуйн яамтай, үйлчилгээгүй хэвтэж Нийтийн аж ахуй үйлчилгээний яамтай гэх мэт. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга буюу одоогийнхоор шадар сайд зургаа байсан шүү дээ. Одоо болохоор болбол таван яамтай, гурван агентлагтай болбол мөнгө хэмнээд тэрүүгээрээ баахан цэцэрлэг сургууль бариад хямралаас амархаан гарчих юм шиг шуугиад эхэллээ. Энэ бол нөгөө талын хэтрүүлэл. Энийг л популизм гээдбайгаа хэрэг, учир нь сонсоход сүрхий бодогдоод байгаа боловч хэмнэлт бараг гарахгүй. Нэг сургууль барьж хүрэхгүй мөнгө. Гэтэл төр Лениний зөгнөснөөр алга болчихгүй л бол нийгмийн мэнэжмэнт хийдэг хүнд суртлын байгууллага байхаас өөр аргагүй. 1995 онд Азийн хөгжлийн банкнаас төрийн функциональ үйл ажиллагааг жижиг оронд зохистой явуулахын тулд төрийн удирдлагыг ямар бүтэцтэй байх нь зохистой талаар төсөл хийж өгсөн. 50-60 орчим хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагтай байж Монголын хэмжээний жижиг улсын төрийн механизм зөв ажиллана гэсэн олон улсын практиктаар батлагдсан жишгийг тэд танилцуулсан.Уг нь их энгийн ойлголт, айл өрх 2 хүнтэй ч байсан 25 хүнтэй ч байсан адилхан л тогоо шанага, шүүр шалны алчуур хэрэгтэй.

Төдөн цэцэрлэг гэгдэх энэ популист тооцоо төрийн механизмыг гацаах, төрийг сулруулах, хууль зөрчих орон хүчин зүйлийн нэг болчихоод байгаа юм. Улаанбаатар хотын 360 мянган өрх бүгдээрээ сар болгон хогийн мөнгө төлдөг. Энэ их мөнгийг түрүүний хотын захиргааныхан ул мөргүй өөрснөө хусчихдаг байхад ямар ч хэл ам гардаггүй байсан. Шинэ хотын захиргаа энэ мөнгөөр нь жолооч нараас хог худалдаж авдаг болонгуут хог биш чулуу хад ачсан машин оочирлоод цэмцийчиж байгаа юм чинь. Илүү гарсан мөнгөөр нь өрх бүрт хогийн уут тараалаа. Ингэнгүүт сургууль, цэцэрлэгийн бөөн ухаалаг тооцоо. Яаж ч бодоод хүнээс хогийн мөнгө гэж хураачихаад түүгээрээ эмнэлэг бариад унавал хууль зөрчсөн үйлдэл биз дээ? Уг нь хүмүүс хогоо ангилаад уутанд хийдэг болоод сурчихвал иргэншил рүү хийх нэг том алхам юмсан. Дэлхийн том хот болгон далай тэнгис юм уу гол мөрний эрэг дээр баригдсан шалтгаан нь хогноосоо салах л үндсэн арга юм гэнэ лээ. Хүн олноор төвлөрсөн хот суурингийн хамгийн том проблем нь ундны ус биш хог юм гэсэн шүү дээ.

Хэрээс хэтэрч бүхнийг хамарсан халамж, толгой дараалан алдагдалтай улсын том үйлдвэрүүд л төсвийн хэмнэлтийн хамгийн том уурхайнууд юм. Бараг 400 хүрч байгаа соёлын төвүүдийг хувьчилчих юм бол хэдэн мянган сайдын зардлыг хэмнэнэ. Үгүйдээ л урсгал зардал нь хэд болохыг тоондоо сайн популистууд тооцоосой билээ.Төр нэгэнт л нийгмийн мэнэжмэнт хийдэг юм бол төрийн функциональ ажиллагааны хамгийн оптимал ажиллах боломжийн талаас нь тооцоо хийнэ үү гэхээс цэцэрлэг босгох мөнгөн дүнгээр нь манайхаас өөр газар тооцоо хийдэггүй юм билээ. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн байгууллага гэж байлаа. Дарга нь Үйлдвэрчний эвлэлд ажиллаж байсан талийгч Цэндбаяр гуай. Нас барахдаа өөрийн энэ үүсгэл санаачилгын байгууллагыг төр хариуцаач ээ гэж гэрээсэлсэн байдаг. Үүнийг нь Шударга өрсөлдөөний агентлагтай нэгтгэчихэв. Зах зээлд шударга өрсөлдөөн үүсгэхийн тулд зах зээлийг дагнасан компани эзлэхээс сэргийлэн үнээ буулгахыг хориглох нь монополын эсрэг гол үйлдэл. Зарим утасны компани үнээ хамаагүй буулгаж зарим холболтыг үнэгүй болгож байсан нь зах зээлд дэмпинг хийж гагцаар ноёрхох гэсэн эрмэлзлэл манайд гарч л байсан. Хэрэглэгчийн эрх ашиг хамгаална гэхээр юун түрүүн утасны мөнгийг секунд, долиор тооцон үнийг нь унагах тэмцэл. Хоорондоо эсрэгцэл бүхий хоёр үйл ажиллагааг нэг агентлаг хариуцахаар дараагийн сонгуульд дарга нь дивтаат болоход хялбар талыг нь л барьж таараа. Энэ жишээ бол төрийн инстүүцийн функциональ ажиллагааг сохолж буй ердөө нэг л жишээ.

Шинэ засаг гарч ирүүт л агентлаг, яамыг цөөлж шалгалт хяналтын механизмыг хялбарчилдаг өвчин нэг тал руугаа хэтэрхий хэлбийгээд байгаа мэт. Энэ хэрээр л төрийн зохицуулалт улам задгайрч байгаа хэрэг юм. Барилга барих, уурхай эзэмших гээд олон үйлдэлд төрийн тавих зайлшгүй шаардлага гэж бий. Үүнийг хэт хялбарчлах аваас төдий их хохирол гарна. Төр тавьдаг шаардлагаа тавих нь зайлшгүй, харин үүний тулд замд нь рэкэт хийж боож хаадаг төрийн түшмэдийн зориудын “хүнд суртлыг” л халах хэрэгтэй юм л даа. Тэд чинь гарын үсгээ үнэ хүргэж зарах гээд буй хэрэг. Түүнээс хялбарчилж байна гээд байшингийн галын хамгаалалтад шаардлага тавихаа болино гэсэн үг биш шүү дээ.

Нэг л их мөнгө хэмнэж илүү цагаар ажиллаж байгаагаа гайхуулан популизм хийх гэсэн оролдлого хууль ч зөрчинө, нийгэмд ч илүү зарлага үүсгэнэ. Хөдөлмөрийн хуулиар долоо хоногт таван өдөрт найм найман цаг ажиллах ёстой. Мундагаа харуулах гэж Засгийн газрын хурлыг хагас сайнд хийдэг нь хууль бус. Хэн нэг нь зарга хийхэд хагас сайнд гарсан Засгийн газрын тогтоол хүчингүй болж болно. Засгийн газрын хурлыг байчихаад бүр хөдөө хээр хийдэг моод гарлаа. Аль ч улсад, түүний дотор манай улсын Үндсэн хуулийн логикт төрийн зарлиг хууль тогтоол гарах цаг нар, байршлыг заавал заадаг. Энэ бол үгүйдээ л төрийн эргэлт гарахаас хамгаалсан дархлаа. Засгийн газрын хэдэн сайхан гар говьд очиж тогтоол гаргаад, хэдэн фракц нийлж Туулын эрэг дээр хуралдаад төр солигдох хууль батлаад хаяхаас аль ч төр болгоомжилдог энгийн логиктой юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө дархлагдсан гээд байгаа нь шөнө дунд ч байсан Ерөнхийлөгч эгзэгтэй үед зарлиг гаргах бололцоог гаргаж буй хэрэг. Өөрөөр хэлбэл хуульд зааснаас гадуур хаана хэзээ хэн хүчин төгөлдөр хууль журам гаргаж болох вэ гэдгийг тодотгосон хэрэг.

Хууль санаачлах, хууль өргөн барих хоёр манайд ялгаагүй явагддаг. Ихэнх орнуудад нийт гишүүдийн 10 хувиас дээших нь нийлж хууль өргөн барих эрхтэй болдог. Тэгээд зогсохгүй Хууль зүйн яам, Сангийн яам хоёроос бололцоотой гэсэн зөвшөөрөл авдаг. Шинээр санаачилсан хууль нь эрх зүйн хувьд ба санхүүгийн хувьд бололцоотой эсэхийг эдгээр хариуцсан яамд үзэж болох эсэхийг нь хэлдэг. Бичиг үсэггүй популист өвчтэй дивтаат хаа ч байдаг тул тэднээс хамгаалах төрийн дархлаа юмуу даа. Манайд шинэ парламент бүрдэнгүүтээ л архины онцгой татварыг нэмэхээс ажлаа эхэлнэ. Чааваас ард түмнээ л архинаас салгах гээд буй бололтой. Энэ хэрээр хууль бус архины худалдаа нэмэгддэгийг тэд яаж мэдэхэв. Баячууд банкинд мөнгөө хадгалуулаад хүүгээр нь пологтож үхэх нь гэдэг үндэслэлээр 100 сая төгрөг буюу нэг өрөө байрны үнэ банкинд хадгалуулбал торгууль төлөх хууль гаргасан. Банкууд хууль санаачлагч гудамжныхаас тэнэг биш учир үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд үүнээс бултах долоон аргыг хадгаламж эзэмшигчдэд санал болгожээ. Өнөөдөр тэр хуулиар дамжин улсад орж ирсэн ядахнаа нэг төгрөг ч алга. Ер нь ч банкаас хадгаламж эзэмшигчдээ өгч буй хүү нь инфляцийн доройтлыг нөхөж чаддаггүй гэдгийг хэн нэг бичиг үсэгтэй хүнээс асуучих хэрэгтэй юм л даа.

2014.12.12

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *