Categories
мэдээ цаг-үе

З.Пүрэвсүрэн: Богд уулыг нүхэлж, нийслэлийг Төв аймагтай холбосон нүхэн гарц байгуулах цаг нь иржээ

-НИЙСЛЭЛ ХОТОО УТААНААС САЛГАХ ЦОРЫН ГАНЦ АРГА-

Ахмад инженер З.Пүрэвсүрэн Богд уулыг нүхлэн Төв аймгаас Улаанбаатар орох замыг дөтөлж Улаанбаатарын гэр хорооллыг Богд уулын өвөрт гаргах саналыг 1988 онд сэдсэн нэгэн. Тухайн үед энэхүү саналаа өргөн олонд, эрх баригчдад танилцуулж байсан хэдий ч төдийлөн ойшоогоогүйгээр барахгүй дархан цаазтай уулыг хөндөх гэсэн эсэргүү нөхөр гэгдэж явжээ. Харин нийслэлийн хүн ам нэмэгдэж, хот өргөжин тэлэхийн хирээр шинэ суурьшлын бүс байгуулах тухай эрчимтэй яригдах болсон. Дэд бүтцийг нь хамгийн оновчтой, эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар шийдвэрлэх ёстой учраас Богд уулын доогуур нүхэн гарц барих нь хамгийн оновчтой санал болох талаар тэрээр онцолж байна.  

-Богд уулыг нүхэлж, нүхэн гарц барих санаа танд хэрхэн төрөв?

-Барилгын инженер мэргэжилтэй хүний хувьд нүхэн гарц, хоолойн барилгыг сонирхдог юм. Өөрийн энэ сонирхлоо эх орондоо хэрэгтэй, бүтээлч байдлаар ажил хэрэг болгохыг хүссэн учраас Богд уулыг нүхлэх санаагаа сэдсэн хэрэг. Өөрийн энэ санаагаа сонин хэвлэлд нийтлүүлж олны хүртээл болгоё гэсэн ч тухайн үедээ ойшоодоггүй байсан. Харин Монгол телевизийн хамт олон миний энэ санаагаар нэвтрүүлэг бэлтгэж анх олны хүртээл болгож байсан. Харин өнөөдөр дэд бүтцээ сайжруулах талаасаа ч улсын хөгжил талаасаа ч зайлшгүй нүхэн гарц барих цаг нь болчихоод байна. 

Нөгөө талаас энэ асуудал сүүлийн хорь гаруй жил огт орхигдолгүй явсаар ирсэн бөгөөд надаас гадна үе үеийн холбогдох албан тушаалтнууд ярьж хэлсээр ирсэн нь шийдвэрлэвэл зохих ямар амин чухал асуудал болохыг бэлхнээ гэрчилнэ. 

Нүхэн гарц баригдсанаар хүн амын хэт төвлөрлийг сааруулна, суурьшлын шинэ дэд төв байгуулагдана, Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг нийслэлтэй холбох хамгийн дөт зам болох зэрэг давуу талтай. 

-Таныг энэ саналыг гаргаж байх үед нийгмийн сэтгэлзүй арай өөр байсан. Өөрөөр хэлбэл нүхэн гарц байгуулах чухал шаардлагагүй байсан гэдэгтэй санал нэг байна. Харин өнөөдөр яагаад энэ асуудлыг нэн даруй ажил хэрэг болгох ёстой гэж хотын удирдлагуудад энэ саналаа танилцуулав уу?

-Төсөв мөнгө нь батлагдчихвал улс орны эдийн, засаг хөгжилд асар их хувь нэмрээ оруулна. Хамгийн анх НИТХ-д танилцуулж байсан. Тухайн үед хотын орлогч даргаар ажиллаж байсан Гансүх “Хотын хэтийн ирээдүйд ашигтай ч өнөөгийн төсөв хөрөнгөөс хэт давсан ажил байна” гээд хойш тавьсан. Гэхдээ нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгуулж чадсан. 

Түүний дараа Барилга хот байгуулалтын дэд сайдын алба хашиж байхдаа У.Уртнасан миний саналыг хэрэгжүүлэх тал дээр ихээхэн анхаардаг байсан. Тэрээр “Ажлын зургаа бэлэн болго. Хэд хэдэн хувилбартайгаар хий” гэснийг нь ёсоор болгосон. Түүний дараахан Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга намайг хүлээж авч уулзсан. Мөн л гадаадын тусламж дэмжлэгтэйгээр ажил хэрэг болгох талаас нь хөөцөлдье гэж байсан. Энэ мэтчилэн эрх баригчид намайг хүлээн авч уулзаж, миний санааг дэмжиж байгаагаа илэрхийлдэг. Хамгийн сүүлд гэхэд БОНХЯ-ны дэд сайд надтай уулзах үеэрээ “Үүнийг хэрэгжүүлэх цаг нь болсон. Саяхан залуу бизнес эрхлэгчдийн клуб байгуулагдсан. Тэд эх орноо хөгжүүлж, аятай тухтай амьдралыг бий болгох санал санаачлагуудыг жинхэнэ ажил хэрэг болгохоор ажилладаг юм. Клубын гишүүдийн уулзалт дээр таны Богд уулыг нүхлэх санал яригдсан. Ажил хэрэг болгоход бид бэлэн байна” гэсэн. Би түүнд техник эдийн засгийн үнэлгээг нь дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. 

Ерөнхийлөгч П.Очирбатын үед Налайхын уурхайн үйл ажиллагаа зогсонги байдалд орчихсон байх үед тэрээр “Богд уулыг нүхэлдэг арга байна гэнэ. Ажилгүй болсон уурхайчдаа нааш татаад нүхэн замыг ухуулъя” гэж хүртэл байсан. Тухайн үед нь л энэ ажлыг эхлүүлчихсэн бол ажил дуусах шатандаа орчихсон байх байсан даа. 

-Хичнээн эгнээ авто зам бүхий, хэдэн км урт нүхэн гарц байх юм бол? Бас нүхэн гарц байгуулах хоёр ч хувилбар боловсруулсан гэсэн байх аа?

– Аль хувилбараар нь барихаас шалтгаалаад нүхэн гарцын урт харилцан адилгүй байна. Эхний хувилбар нь Зайсангийн ар өврөөс Манзуширын хийд хүртэл 11 км нүхэн гарц.  Нөгөө нь Нүхтийн өмнөх хөндлөн уулыг дөрвөн км нүхэлчих юм бол хуучны Бугын сангийн аж ахуй руу гарах бололцоотой. Энэ замаа цааш нь гуравхан км үргэлжлүүлээд одоогийн баригдаж буй хурдны замтай холбочихно. 

Харин нүхэн гарцын хувьд тус бүр есөн метрийн диаметртэй зэрэгцээ гурван нүхэн гарц байгуулна. Нэг нүхээр нь замаа, нөгөөгөөр нь агааржуулалтаа, гурав дахиар нь инженерийн шугам сүлжээгээ явуулахаар тооцсон. Өрөмдлөгийн аргаар ухах нь байгаль орчинд ямар ч хөнөөлгүй. 

-Энэ ажилд хэдий хэр хөрөнгө зарцуулагдах бол?

-Нэг км, нэг эгнээ газар доогуурх нүхэн гарц барихад 100 мянган ам.доллар хэрэгцээтэй гэсэн жишиг тооцоо бий. Сонирхуулж хэлэхэд 20 гаруй жилийн өмнөх тооцоогоор таван тонн алттай бол Богд уулын нүхийг ухчих юм байна гэсэн тооцоо гарч байсан. Гэхдээ дан ганц эдийн засаг талаас нь л судалсан гэж ойлгож болохгүй. Техник эдийн засаг, улс төр, ёс суртахуун гээд тал талаас нь нарийн судалсан. Баабар улс төр, эдийн засгийн ач холбогдлын талаас нь тайлбарлаж дэлгэрэнгүй нийтлэл бичсэн. Харин би техникийн талаас нь буюу нүхээ ухахад нэг метр тутамд хэдэн төгрөгийн зардал гарах, бусад улс орны уул нүхэлсэн туршлага, манай орны нөхцөлд гарч болох хүндрэл бэрхшээл талаас нь сайтар судалсан. Уулыг нүхлэх байтугай далай тэнгис доогуур 30, 40 км-ийн нүхэн гарц хийчихээд байгаа өнөө үед нүхэн гарц барих технологи улам л боловсронгуй, бага зардал өртөгтэй болоод байна.

-Нүхэн гарц барихад санхүүгийн бэрхшээлээс өөр хүндрэл байна уу?

-Бодит ажил болгохын тулд мэдээж дахин зураг төслөө боловсруулах нь тодорхой. Дотоодын мэргэжилтэн боловсон хүчин энэхүү зураг төслийг бүрэн хийчихэж чадна. Гагцхүү санхүүжилт дээрээ л гацчихаад байна. Ажиллах хүчний хувьд дотоодоосоо бүрэн хангачих бололцоотой. Боломжгүй бол гадаадын ажилчдыг авчрахад нэг их хүндрэлгүй. Улаанбаатарт баригдах метроны төслийн Япон, Солонгосын талын зураг төсөлд хоёуланд нь мэргэжлийн үүднээс оролцсоноос гадна барилгын салбарт маш олон жил ажиллаж багагүй туршлага хүримтлуулсан хүний хувьд энэ ажлыг амжилттай хэрэгжүүлэх бололцоо надад бүрэн бий.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *