Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Нарантуяа: Гуравдагч хөршийн худалдааны хуулийг оны өмнө батална гэж найдаж байна

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн АНУ-д айлчилсан айлчлалын талаар ярилцлагаа эхэлье. Манайх АНУ-ын 17 дахь стратегийн түншлэлтэй улс нь боллоо. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хүний хувьд энэхүү айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхийлөгчийн айлчлал маш үр дүнтэй болсон гэж бодож байна. Ялангуяа Монгол Улсын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, тэр дундаа хөнгөн үйлдвэрлэлийн хөгжилд томоохон ахиц дэвшил авчрах болно. Ийм учраас энэ асуудал хэлэлцээрийн хамгийн чухал асуудал байлаа. Хуулийн төслийг Конгрессын гишүүд болон Сенатын гишүүд санаачилж өргөн барьсан. Оны өмнө хууль батлагдах байх гэсэн найдвар байгаа. Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдвал манай улс ноос ноолууран бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэх юм. Ингэснээр хөнгөн үйлдвэрийн салбар нь уул уурхайн дараа орох томоохон салбар болох юм. Ерөнхийлөгч Трампын зүгээс энэхүү бодлогоо дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Энэ нь Конгресс дээр хууль батлахад эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

-Айлчлалын хүрээнд олон зүйл яригдсан байх. Ноос ноолуураас бусад онцлох ямар асуудлууд хэлэлцсэн бэ?

-Хэдийгээр ноос ноолууран оёмол сүлжмэл бүтээгдэхүүн эскпортлоно гэж байгаа боловч тодорхой хугацаанд удах магадлалтай. Мөн нэн тэргүүнд хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн гэдгийг зарласан. 1987 онд эхэлсэн дипломат харилцаа маань өнгөрсөн жилүүдэд батлан хамгаалах, хүмүүнлэгийн салбаруудад нэлээд амжилттай хэрэгжиж байсан. Харин энэхүү айлчлалаар эдийн засгийн бодит салбарт харилцан ашигтай худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ орчин нөхцөлд гаргаж ажиллах боломж бүрдэж байна. АНУ-ын зүгээс Ази тив дэх Монгол орны ардчиллын үндсэн зүйлсийг бэхжүүлэхэд тусалж хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Мөн бүс нутгийн нийт ард иргэдийн эрх ашиг бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрхзүйн хүрээнд тогтвортой байдлыг хангаж ажиллахад харилцан бие биенээ дэмжхээ илэрхийлсэн. Монгол улс шудрага ёсыг тогтоох, гадаадад байрлаж буй оффшор бүсийн мөнгийг олж авчрах нь чухал байгаа. Шударга өрсөлдөөний зарчимд нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжыг бүрдүүлэхийн тулд ҮАБ-ын тогтвортой байдлаар хамтарч ажиллана. Түүнчлэн бүс нутагт болон олон улсын аюулгүй байдалд хуулийн байгууллагуудыг хууль сахиулах чиглэлээр идэвхтэй ажиллахаас гадна оффшор зонд байгаа хууль бус мөнгийг илрүүлэхэд идэвхтэй хамтарч ажиллах боломж нээгдсэн. Монгол, АНУ улс урьд нь ил тод байдлын гэрээг байгуулсан. Тэр гэрээнийхээ бүрэн эрхийг дэлгэрүүлж эмэгтэй бизнес эрхлэгчдийг түлхүү дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүний төлөө хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй байлгахар боллоо. Монголын хөнгөн үйлдвэрийн салбар болон ноос ноолуурын салбар, сүлжмэл оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх секторт эмэгтэйчүүд ихэнхдээ ажилладаг. Нөгөө талаас эдгээр бүтээгдэхүүнийг малчид бэлтгэн нийлүүлдэг. Энэ салбарыг дэмжсэнээр хөдөө орон нутгийн эдийн засгийг бодитой нэмэгдүүлэх юм. Дээр нь эмэгтэйчүүдийн тогтмол орлоготой ажлын байрыг гэртээ бий болгох боломжыг бүрдүүлж байгаагаараа их ач холбогдолтой болсон.

-Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд “NASA” буюу АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газарт зочилж монгол эмэгтэй хүнийг сансарт нисэхэд бэлтгэх, инновацийн чиглэлээр хамтарч ажиллах талаар хөндсөн байсан. Энэ талаар ярихгүй юу?

-АНУ салбар судлалын хүрээнд сансрын жуулчдыг хөгжүүлэх том зорилт тавьж ажиллаж байгаа. Монгол Улсын хувьд ч сансрын жуулчдын бэлтгэх сургалтын төв байгуулах судалгаа шинжилгээ хийх сонирхолтой.

Энэ талаас хоёр улсын сонирхол нийцэж байгаа. Орчин үеийн шинжлэх ухаан технологийн өндөр мэргэжлийн it технологийн хүмүүстэй хамтарч ажиллах нь бидэнд хэрэгтэй. Дашрамд дурдхад Монголын говьд АНУ-тай хамтарч эрдэм шинжилгээ туршилт сулдалгааны цогц бааз байгуулах боломжийн талаар санал сололцсон. Ерөнхийлөгч нэгдүгээрт, төслийг дэмжүүлэх, хамтарч ажиллах, хоёрдугаарт, монгол эмэгтэй хүнийг сансарт нисгэхэд бэлтгэх тодорхой саналыг тавьсан. НАСА-гийн удирдлагууд энэ чиглэлээр тууштай хамтарч ажиллахаа илэрхийлсэн нь бидний хувьд маш том боломж гэж харж байгаа. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхай хөдөө аж ахуйгаас гадна инноваци, IT технологийг хөгжүүлж хамтарч ажиллах нь эдийн засагт маш чухал салбар болно.

-Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд АНУ-д амьдарч байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Тухайн иргэдийн зүгээс ямар асуулт асууж байсан бэ?

-АНУ-д ажиллаж, амьдарч байгаа манай иргэдийн зүгээс хоёр иргэншилтэй болохыг асуудлыг түлхүү хөндөж байна. Тэнд амьдарч байгаа олон иргэд үр хүүхэдтэй болж, ихэвчлэн Америкийн иргэншилтэй болчихсон байдаг. Монголдоо хүүхдүүдтэйгээ буцаж ирэхээр гадаадын иргэн шиг виз авах асуудал үүсч байгаа юм. Энэ асуудлыг яаралтай ойрын хугацаанд шийдэж өгөөч гэх хүсэлтийн төрийн тэргүүнээс хүссэн.

Гадаад харилцааны яам болон холбогдох хүмүүс энэ асуудлыг судалж шийдвэрлэж, арга хэмжээ авахаар ажиллаж байгаагаа ч илэрхийлсэн. Тэнд төрсөн монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх уламжлалаа өвлүүлэн үлдээхийг зорьж ажиллахыг төрийн тэргүүн иргэдээс уриалсан. Миний бодлоор монгол соёлын төвийг олноор байгуулах хэрэгтэй. Ийм төв олноор байгуулснаар Монголын түүх соёлыг өвлүүлж үлдээхэд чухал ач холбогдолтой. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэл иргэдийн оролцоонд суурилсан эх хэлний мэдлэг олгох сургалтаас эхлээд ГХЯ, БСШУС-ын яамтай хамтарч хэрэгжүүлэх шаардлагатайг иргэдийн асуултаас харагдаж байлаа.

-Ерөнхиийлөгч АНУ-ын ерөнхийлөгч Трамптай уулзаж байхдаа Оросын нутаг болох Сибирийн ой шатаж байгаа талаар хэлсэн гэх зүйл яригдаж байсан. Энэ хэр бодитой яриа вэ?

-Энэ бол бодитой яриа. Хоёр Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалтын үеэр манай хоёр хөршийн талаар санал солилцож байх үед Ерөнхийлөгч Сибирийн ойд түймэр гарч байгаа талаар мэдээлэл өгсөн. Байгалийн гамшгийн үед төрийн тэргүүнүүд утсаар ярьж туслах, дэмжих сэтгэгдлээ илэрхийлэх тухай ярьсны дараа АНУ-ын ерөнхийлөгч Путин руу утасдсан.

-Хэлэлцээр хийгдэх үед хоёр улсын визний асуудал яригдсан болов уу?

-Тодорхойлон визний асуудал яригдаагүй.

-Ярилцлагаа одоо өрнөж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар үргэлжлүүлье. Өнгөрсөн сард нэмэлт, өөрчлөлтийн талаар таван удаагийн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн гаргасан санал, төсөлтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн шүү дээ. АН-ын зүгээс ямар тодорхой саналууд хүргүүлсэн бэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа гэдэгтэй АН санал нэг байгаа. Гэхдээ 62 гишүүний өргөн барьсан төслөөр бол өнөөдрийн засаглалын тогтворгүй байдлыг арилгах, Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдлыг дэмжих, шударга ёсыг хангах тал дээр төдийлөн хангалттай заалт орж чадаагүй гэж үзэж байгаа. Тиймээс АН хэд хэдэн чухал санал дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт, гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах үүднээс Үндсэн хуульд Их хурлыг иргэд тараах процедурыг оруулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн сонгосон Их хурлын гишүүнээ эргүүлэн татдаг эрхийг нь иргэдэд өгөх хэрэгтэй гэх зарчмын саналыг тавьсан.

Хоёрдугаарт, тогтвортой хөгжлийн бодлого зарчмаа Үндсэн хуульд тусгаснаар түүнд нийцүүлсэн мөрийн хөтөлбөр зорилтыг Засгийн газар бүр өөрийн бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүдэг байх шаардлагатай байна. Үндсэн хуулийн 5.1 ба 5.4. т эдийн засгийн ерөнхий бүтэц, эдийн засгийн хэрхэн зохицуулах зохицуулалт нь байдаг. Манай Үндсэн хуульд эдийн засгийн харилцаа дутмаг тусгагдсан. Тиймээс төсөвдөө санхүүгийн бодлогыг тусгайлан оруулах тодорхой санал өгсөн. Төсвийн алдагдал улсын өрийн дээд хэмжээг ихэнх орнууд Үндсэн хуулиараа хязгаарлаж дээд хэмжээгээ тогтоосон байдаг. Манай улс ч ингэж тогтоох шаардлагатай байна. Хэдийгээр төсвийн тогтвортой байдлаар хууль гаргаж дөрвөн үзүүлэлтээр тогтоосон ч органик хуулиараа эдгээр заалтыг үгүйсгээд байгаа нь төсөвт сөрөг үр дагавар учруулдаг. АН-ын зүгээс санал болгосон эдгээр саналуудыг ажлын хэсэг тусгах байх гэж найдаж байна. Энэ бүхнээс шалтгаалж АН Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт үргэлжлүүлэн орох эсэхээ тусгайлан үзэх болов уу гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан ямар саналуудтай АН нэг байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналаас давхар дээлийг тайлж Их хурал Засгийн газар харилцан бие биедээ хяналт тэнцлийг хангах талаарх зүйлд санал нэг байгаа. Парламентын засаглалаа бэхжүүлэх, бүх ард нийтийнхээ эрх ашгийг хамгаалах, тэр тусмаа Үндэсний аюулгүй байдлын баталгааг бий болгохын тулд одоогийн гишүүдийн тоог 108 болгон нэмэхийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Шүүх засаглалын тухайд хоёр төслийн хувьд тусгайлан авч үзэх хэрэгтэй байна лээ. Шүүхийн хариуцлагын асуудал дээр дараалсан хяналт тавихыг Үндсэн хуульд тусгах хэрэгтэй. Шударга бус зүйл дан ганц шүүх дээр явагдаж байна гэж хардаггүй.

Шүүхээс гадна хэрэг бүртгэл мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага, хяналт тавьж байгаа прокурорын байгууллага болон төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа байгууллагууд ч хамааралтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *