-Хариуцлагагүй төсөв баталсны гай тэр жилээрээ дуусдаггүй-
УИХ-ын дарга З.Энхболдын МҮОНРТ-д өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь уншигч танд хүргэж байна.
Хүчээр түрж өөрчлөлт оруулах боломж байхгүй
-Ярилцах багц сэдэв Үндсэн хуулийн өөрчлөлт. “Эцэг” хуулийг хэрхэн, яаж өөрчлөх талаар улс төрийн түвшинд хэлэлцүүлэг өрнөж эхэллээ?
-Би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн санал асуулгыг 24 цагийн турш явуулахад 385 хүн оролцож 57 хувь нь дэмжинэ гэсэн байна. Энэ өөрчлөлтийг Ардчилсан нам санаачилсан. Бусад намын гишүүд ч байгаа. Ирэх жил сонгууль болно. Бид дахиад л улс орноо бодсон алхам хийж байгаа. Энэ дотор дэмжлэг авч байгаа нь ч бий, дэмжлэг хүлээхгүй заалтууд ч бий. Бүгдийг нь Үндсэн хуулийн өөрчлөлт болгож батлах эрх Ардчилсан намд байхгүй. Учир нь нийт гишүүдийн 57 нь зөвшөөрч байж явна. Хоёрдугаарт, энэ удаагийн өөрчлөлтийг Үндсэн хууль дотор байдаг нийт ард түмнээс санал асууж байж шийдье гэж байгаа. Санал асуулга нь дахиад 57 гишүүний кнопоор шийдэгдэнэ.
Тэгэхээр Ардчилсан нам хүссэн хүсээгүй бусад намын гишүүдэд өөрчлөлтийг ойлгуулж дэмжиж өгөөч гэж л гуйж байгаа. Аль алин дээр нь бусад намын гишүүд бидэнд хэрэгтэй. Тэгээд ч хүчээр түрж өөрчлөлт оруулах боломж байхгүй, Үндсэн хуулиараа хаалттай. Энэ олон өөрчлөлтөөс эхний ээлжинд 51, дараа нь 57 гишүүний саналд нийцэх өөрчлөлт нь Үндсэн хуульд орно. Энд 20 орчим санал байгаа ч гурван үндсэн асуудлаар. Үүнээс илүү саналыг ард түмэн гаргаж ирвэл ярилцъя. Тийм санал гарахгүй бол дэвшүүлсэн асуудлаа л яръя гэж байгаа юм. Ер нь бол 2000 оны өөрчлөлтөөс хойш 15 жилийн турш яригдсан асуудлуудыг нэгтгээд хэлэлцүүлэгт оруулъя гэсэн яриа л байгаа. Түүнээс Ардчилсан нам энэ асуудал дээр хатуу байна энэ нь байхгүй болох юм бол тэр асуудал байхгүй шүү гэж ярихгүй байгаа. Харин хэн ч маргахгүй байгаа зүйл нь Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ мэд гэдэг заалт байна. Сумын Засаг даргаа шууд сонгоё гэдэг заалт байна.
-Өрнөж байгаа шүүмжлэлийн тухайд?
-УИХ-ын гишүүд 99 болж олон дарга гарч ирэх нь гэсэн шүүмжлэл яваад байгаа. Тэгэхээр 1992 онд буюу 23 жилийн өмнө хоёр сая монголчуудыг 76 гишүүн төлөөлдөг байжээ. Одоо гурван сая монголыг 76 гишүүн төлөөлж байна. Юу өөрчлөгдсөн бэ гэвэл нэг гишүүний эрх мэдэл нэмэгдсэн. Үүнийг задлахгүй бол болохгүй. Төлөөлөх чадвараа сайжруулах зорилгоор хийж байгаа болохоос дарга нэмэхийн төлөө ингэж өөрчлөх гээд байгаа юм биш. Гишүүдийн тоо хэд байхыг өнөөгийн гурван сая хүнтэй харьцуулбал 120 гаруй байх ёстой. Гэхдээ бид 99 болгоё л гэж байгаа. Ер нь 20-н хэдэн жилд гишүүдийн тоог нэмж байхгүй бол болохгүй.
УИХ-ын Тамгын газар тооцоо хийж үзсэн. 99 гишүүнтэй болчихвол жилдээ таван тэрбум төгрөг л нэмж шаардагдах юм билээ. 20 километр засмал зам тавих мөнгө гэсэн үг. Ийм төлөөсөөр ард түмэн төлөөллөө сайжруулж болно. Ер нь бол Үндсэн хуулиа Монгол Улс 20 орчим жилд нэг удаа өөрчилж байсан байна. Анхны Үндсэн хуульд 1924 онд батлагдаж, 1940, 1960 онд өөрчлөөд 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан. Тэгэхээр өнөөдрийн өөрчлөлт 20 гаруй зүйл юм шиг боловч гурван үндсэн өөрчлөлтийг л оруулахаар байгаа. Яг үнэндээ манай Үндсэн хуульд засаглалын гурван багана буюу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл тэнцвэргүй байгаа.
УИХ хамгийн дээд байгууллага гээд Үндсэн хуульдаа биччихсэн. Энэ гурван байгууллагын тэнцвэр юугаар хангагддаг вэ гэвэл нэгэнтэйгээ балансжсан эрх мэдэл. Гэтэл Ерөнхийлөгч гэдэг энэ гурван баганын алинд нь байх нь ойлгомжгүй институт байна. Тэр нь 1992 оны хуулиар гүйцэтгэх засаглалын хүрээнд байхаар орж ирсэн. Тэгээд бүх ард түмнээс биш УИХ-аас сонгодог болгох санал байна. Бүх ард түмнээс сонгогдчихоор чанарын өөрчлөлт гарчихаад байгаа. Манай улсыг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэсэн ч болох. Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай бол АНУ шиг Ерөнхийлөгч нь өөрөө Ерөнхий сайд байх ёстой. Гэтэл тийм биш. Дахиад УИХ-аас сонгодог Ерөнхий сайдтай байх гэх мэтээр будилуулаад байгаа учраас сонгодог эрх мэдлийн хуваарилалт нь зөв оноогдсон Үндсэн хууль болгож хувиргая. Тэгэхгүй бол хүнээсээ үл хамаараад хүндрэлүүд гараад байна. Бас л өнгөрсөн хугацааны сургамж дээрээ тулгуурлаж ярьж байгаа. МАН-ынхан цаг байхгүй гээд байна. Тэгвэл цаг нь хэзээ юм.
-Шүүмжлэл нөгөө талд байх шиг. Энэ парламентийн нэр хүнд, үнэлэмж муу гэх мэтээр үргэлжилж байна?
-Бүх парламентийн үнэлэмж муу байгаа. Дараагийн парламент ч ялгаагүй. Энэ парламент өөрийнхөө бүрэн эрхийг таван жил болгох гэлээ гээд байгаа. Бидний сонгогдох сонгогдохгүйг ард түмэн л мэднэ шүү дээ. Ямар ч парламентийн талаас илүү нь дахин сонгогддогүй юм билээ. Өөрчилж амжихгүй бол энэ бүх ойлгомжгүй байдал үргэлжлээд л явна. Сайд нь Ерөнхий сайдынхаа үгэнд ордоггүй, сумын Засаг даргаа иргэд нь сонгож болохоор байтал 11 ИТХ-ын гишүүний үгээр явдаг Засаг даргатай байна гэх мэтээр өнөөдрийн бүх асуудал үргэлжилнэ. Үүнийг дөрөв, найман жилээр сунгах ямар шаардлага байна. Өнөөдөр засах боломж байхад. Засах гэж байгаа парламенттай нь биш доторх агуулгатай нь ярих хэрэгтэй.
Н.Батбаяр гишүүнийг дооглоод 99 тэнгэр гэх мэтээр ярьж байна. Асуудал нь 99 гэдэг тоо яаж гарсан бэ гэдэгт л байгаа. Таван жил гэдэг тоо ч ялгаагүй. 2008 оны зун УИХ-ын, намар нь орон нутгийн сонгууль явсан бол 2009 оны зун Ерөнхийлөгчийн сонгууль явсан. Ингээд 2011 оноос сонгуульдаа бэлдээд эхэлчихэж байх жишээтэй. Ерөөсөө улстөрждөг жилээ нэг болгож ажил хийдэг жилээ дөрөв болгох санаа.
Төсөв гэдэг 76 гишүүний хамтын бүтээлийн үр дүн
-Өнгөрсөн баасан гаригт ирэх оны төсвийг баталлаа. Төсвийг батлахад та “Энэ төсөв алдагдалтай, сайн ч, муу ч та бидний тусгал” хэмээн хэлж байсан?
-Төсөв хэлэлцэх үеэр хатуу үг хэлсэн л дээ. Ер нь бол 76 гишүүн кнопоо хааш нь дарахаас хамаарч төсөв ямар болж батлагдах вэ гэдэг нь шийдэгддэг. Түүнээс биш дотор нь суучихаад гэнэт саран дээрээс ирсэн юм шигээр “алдагдалгүй төсөв батлах байсан юм. Яагаад…” гэх мэтээр хэлэлцүүлгийн үеэр яриад эхлэхээр нь үг хэлсэн. “Ерөөсөө 45 хоног ажилласан ажлын чинь үр дүн. Хэн нэгэн, иргэн Доржоос асуух боломж байхгүй” гэж. Төсөв гэдэг 76 гишүүний хамтын бүтээлийн үр дүн. Сонгуулийн жилийн төсөв бол онцгой байдаг. Жишээ нь, Ерөнхий сайд асан Сү.Батболдын батлуулж байсан 2011 оны улсын төсвийг сая баталсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын төсөвтэй харьцуулвал чанарын ялгаа их байгаа юм. Яагаад гэвэл Засгийн газрын оруулж ирсэн төсвийн алдагдлыг үндсэнд нь 0.1 хувиар л өсгөлөө.
Засгийн газрын оруулж ирсэн бүхий л саналыг зөвшөөрсөн гэсэн үг. С.Батболдын үед байхгүй нэг их наяд төгрөгийн орлого бичээд хийхгүй нэг их наяд төгрөгийн зарлага бичсэн юм. Би тэр үед сөрөг хүчин байсан. Тэгэхэд гишүүд бүтэх, бүтэхгүй нь хамаагүй объект эхлүүлье гэсэн. Жишээ нь таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай сургууль байлаа гэхэд 50-100 сая төгрөгөөр эхлүүлдэг байлаа. Тэгээд хэмжээ хязгааргүйгээр хэдэн мянган байшин барихаар бичиж төлөвлөдөг. Зарим байшин нь одоо болтол баригдаж дуусаагүй байна. Н.Алтанхуяг болоод Ч.Сайханбилэгийн Засгийн газар нь Сү.Батболдын Засгийн газрын хариуцлагагүй баталсан төсвийг одоо болтол үнийг нь төлөөд, дуусгах гээд л явж байна. Энэ жил орсон бүх объектийг Ардын намын саналаар хассан. Тэгэхээр хариуцлагагүй төсөв баталсны гай тэр жилээрээ дуусдаггүй гэдэг нь харагдаж байгаа юм.
-Сонгуулийн жилийн төсөв гэдэгт?
-Ирэх жил сонгууль болно гэдгийг би Ардчилсан намын даргын хувьд мэдэж байна. Гэхдээ түрүүчийн Ардын намын Засгийн газар шиг хариуцлагагүй ажил хийхгүй. Яагаад гэвэл нэг удаагийн сонгуульд ялахын тулд улс орныхоо эдийн засгийг алж болохгүй. Тийм учраас Засгийн газрын оруулж ирсэн алдагдал хэвээрээ батлагдсан гэж болно. Дотор нь зарчмын өөрчлөлтүүд орсон. Жишээ нь, бүх төрийн байгууллагын урсгал зардалыг 10 хувиар хасах байсныг багш, эмч, цагдаа гэх мэт байгууллагуудынхыг болиулсан. Ямар байгууллагын урсгал зардлыг хасахаар болсон бэ гэвэл УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, агентлагууд, аймгийн захиргаадад урсгал зардлын 10 хувьтай тэнцэх хасалт хийгдсэн. Зарим газар цомхотгол хийж болно.
Жишээлбэл, УИХ цомхотгол хийхгүй. 430 орон тоотой. 10 хувийн цомхотгол хийх юм бол 43 хүнээ ажлаас чөлөөлөх болж байгаа. Би 43 хүнээ халахын оронд гишүүдийн хууль санаачлах 10 сая төгрөгийг алга болгож байх жишээтэй. Энэ мэтээр төсвийн ерөнхийлөн захирагч бүрт дотроо асуудлаа шийдэх эрх өгсөн. Урсгал зардлынхаа ашигладаггүй буюу онцын шаардлагагүй хэсгээ цалин руугаа шилжүүлэхийг зөвшөөрсөн. Нийт дүндээ зардал хасагдсан, шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Олон сайн зүйл энэ төсөвт байна. Сонгуулийн жилийн төсөв, бид дараа жил Засгийн эрх барих юм биш гэж үзээд 2011 онд хариуцлагагүй төсөв баталсан байна. Харин бид сонгуульд ялна. Тэртээ тэргүй асуудал бидний нуруун дээр ирэх учраас хариуцлагатай төсөв баталъя гэж байгаа.
Эдийн засаг тогтворжиж, бодит хөрсөн дээрээ бууж байна
-Эдийн засгийн өсөлтийн тоон үзүүлэлтүүд дээр зөрүү гараад байсан уу?
-Төсөв хэлэлцэнэ гэдэг төсөөллүүдийн цуглуулга. Манай гол экспортын бүтээгдэхүүнүүдийн үнэ ирэх жил тэд байна гэх. Нэг ёсондоо прогноз. Хэд болохыг хэн ч мэдэхгүй. Прогнозыг 100, 50 жилээр гэх мэтээр бусад харгалзаж үздэг үзүүлэлтүүдээр нь гаргана. Төсөв хэлэлцэж байхад нэг зүйл гарсан. Тэрийг шалгах үүргийг өгчихсөн байгаа. Тэр нь Оюутолгойгоос гардаг алтны хэмжээ дахин багасна гэсэн прогноз ирээд түүнийг нь Олон улсын валютын сан, Дэлхийн банк үндэслэж зөвхөн авах татвар нь 12 тэрбум төгрөгөөр тасарчихаж байна. Энэ мэтээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк төсөөлөл хийж болох боловч би Сангийн яам, Монголбанкныхаа гаргаж байгаа тоонд итгэнэ. Ч.Хүрэлбаатар мэтийн гишүүд тэднийхийг зөв гэж харж байгаа юм билээ. Би бол өөрийнхөө байгууллагад итгэж байгаа. Монгол Улсынхаа Уул уурхайн яаманд итгэнэ. Юуг яаж төсөөлөх вэ гэдэг л асуудал байгаа. Та зэсийн үнийг мянган ам.доллар болно гэж итгэж байгаа бол би таван мянган ам.доллар байна гэдэгт л итгэж байгаа хэрэг. Ийм л ялгаа байгаа. Үүн шиг 10-20 төсөөлөл дээр суурилж төсвийг хийдэг. Заримдаа ононо. Заримдаа онохгүй.
-Төсөв батлагдчихлаа. Ирэх жилийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байх дүр зураг байна вэ. Шинэ тэнцвэр гэсэн яриа хэллэг ч гараад ирсэн байна?
-Дэлхий даяараа шинэ нөхцөл рүү шилжлээ гэж ярьж байна. Хятадын 20-30 жил үргэлжилсэн жилийн хоёр оронтой өсөлт алга болсон. Манай урд хөрш шинэ төлөв байдлаа долоон хувьд барина гээд түүнийгээ ньюнормал гэж нэрлээд байгаа. Монгол Улсад бас ийм хэрэгцээ гарсныг бид шинэ тэнцэл тогтвортой өсөлтөд суурилсан шинэчлэл гэж нэрлээд байгаа. Бид 2012 онд жилийн 14 хувийн инфляц хүлээж авсан бол энэ оны эцэст 3.4 хувьд хүргэж бууруулах төлөвтэй байгаа. Инфляцийг нэг оронтой тоонд оруулна гэдэг зорилтыг 25 жилд тавиад анх удаа буюу 2015 онд нэг оронтой тоо руу оруулж байна. Энэ нь ямар боломжийг бидэнд олгож байгаа вэ гэвэл шинэ тэнцэл рүү биднийг хөтөлж байгаа. Яг үнэндээ гадаадын хөрөнгө оруулалтад дулдуйдсан, хүний мөнгөөр хүүдэгнэнэ гэдэг шиг Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирээд дууссан.
Монгол Улсад яг өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадах цорын ганц салбар л байгаа. Тэр нь уул уурхай. Бусад салбар нь мөнгө шингээх чадваргүй байна. Уул уурхайд хэзээ хөрөнгө оруулалт орж ирдэг юм гэвэл уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр байхад л орж ирнэ. Хөрөнгө оруулагчид тэнэг биш учраас ашиг олохоо л урьтал болгоно. Үнэ уначихаар хэн хөрөнгө оруулах вэ, хэн ч хөрөнгө оруулахгүй. Өнөөдөр эдийн засаг нь уул уурхайгаас хамааралтай явдаг олон орон манайхаас ч хүнд байдалд орчихсон байна. Хэдэн зуун мянган уул уурхайн ажилтан нь ажилгүй болсон. Мөнгөнийх нь ханш 30-40-50 хувиар унаж байна. Бидний улсын төгрөг гадаадын валюттай харьцахдаа 1400-1800 болсон. Одоо ямар нэгэн интервенцгүйгээр төгрөг 2000 орчимд байгаа нь олборлож байгаа, гаргаж байгаа, олж байгаа бүхний тэнцэлд байгаа юм. Хөөснөөсөө салаад хөрсөн дээрээ буусан. Төлбөрийн урсгал тэнцэл, валютын алдагдал нь ДНБ-ний 27 хувь байсан бол одоо зургаан хувь болчихож. Арай нэмэх болж чадаагүй. Үүгээр бид зээлийн хүүг бууруулж болж байгаа юм.
-Мөнгөний бодлогод ямар гарц байгаа вэ?
-Мөнгөний бодлого дээр жилийн 1-3 хувь гэдэг бол зээлийн хүү дахиад л хоёр оронтой тоонд байна гэсэн үг. Тэгэхээр аль ч улсын төв банк ямар зээлийг ямар хүүтэй байлгах вэ гэдгийг шийддэг. Ипотекийн зээл байна. Манайд энэ төрлийн зээл байдаггүй байсан бол өнөөдөр нийт зээлийн 30 хувьд хүрчихэж. Шууд хэлбэл бид нийт зээлийнхээ 30 хувийг нэг оронтой тоо руу оруулчихлаа гэсэн үг. Оруулаад гурван жил болж байна. Манайхан үрэлгэнээс хуримтлалтай болж эхэлж байна. 75 мянган өрх сар бүр мөнгөө хуримтлуулж байна. Урьд нь тэр мөнгө импорт руу явдаг байсан. Эрээний хувцас руу, Иркутскийн шатахуунд, Япон, Солонгосын хуучин машинд явдаг байсан бол одоо үр хүүхэддээ өвлүүлж өгөх хөрөнгө болоод л үлдэж байна. Тэгэхээр инфляци буурсныг ашиглаад зээлийнхээ хүүг яаж бууруулах вэ гэдэг Монголбанкны төлөвлөгөө гарсан.
Зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулж болохоор байна. 2012 онд нийлүүлэлтийн гаралтай инфляц буюу жишээ нь хавар мах ховордохоор үнэ нь өсөөд нийт инфляцид нөлөөлчихдөг байсан бол одоо тэр нь алга болсон. Яаж алга болсон бэ гэхээр муу хэлүүлээд байдаг Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд их олон агуулах барилаа. Ингэснээр барааны үнийг өсгөж тоглодог их олон ченжүүд ажилгүй болсон гэсэн үг. Одоо зах зээл өөрийнхөө, өрсөлдөөн дээр л бүрдэж байна. Инфляц 3.4 хувьтай байна гэдэг сар, жил бүр таны халааснаас авдаг байсан 10 хувийн татвараа улс авахаа больж байна гэсэн үг. Эдийн засаг тогтворжиж байна.
Гадаад худалдааны тэнцэл манайхны хамгийн их галзуурсан жилүүдэд буюу 2010, 2011, 2012 онд хамгийн их алдагдалд орж, хамгийн их валют гадаад руу урсч байсан байгаа юм. Нөгөө 17 хувийн өсөлттэй жилүүдэд. Сүүлийн 2014 он буюу 2015 оны эхний аравдугаар сарын үзүүлэлтээр Монголд валют үлдэх болж. Бид эсрэгээр нь илүү их зүйлийг гаргаж, бага юм авч байна гэсэн үг. Мэдээж ханш нөлөөлж байгаа. Одоо Эрээн хоосорч байна. Үйлдвэрүүд нь хаалгаа барьсан. Гурван цементний үйлдвэр байдаг байсан бол хоёр нь хаагдсан. Хаагдсан үйлдвэрүүдийн орон зайг Хөтөл, Монполиментийн цементийн үйлдвэр эзэлсэн.
17 хувийн өсөлт тогтворгүй өсөлт байсан гэдэг нь ч нотлогдож байгаа. Нэг удаа тохиолддог буюу Оюутолгойг үйлдвэрээ барьж дуусмагц тэр өсөлт алга болсон. Тэгэхээр бид одоо гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр валютынхаа урсгалыг тэнцүүлж чадлаа. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирвэл сайн. Гэхдээ хөрөнгө оруулалт биднийг сайн гуйчихвал ороод ирдэг юм биш. Зүгээр л үнэ өндөр байвал орж ирнэ. Тийм учраас зөвхөн уул уурхайд түшиглэж болохгүй гэсэн том сургамж үлдсэн. Одоо хөдөө аж ахуй, аялал жуулчлал бусад салбараа хөгжүүлэх талаар идэвхитэй хөөцөлдөхгүй бол сургамжууд бидэнд амьд хичээл боллоо.
-Шийдвэр гаргах түвшинд сургамжаа хэр авсан бэ гэдэг асуулт тавигдана. Олсноо үргүй тараадаг тал бий?
-2012 оны сонгуульд Ардчилсан нам мөнгө тараахгүй гэж орсон. Тэр амлалтаа одоо хүртэл биелүүлж байна. Ирэх онд төсвийн алдагдал -3.4 байхаар батлагдсан. Энэ зорилго биелнэ. 2017 онд тэглэнэ. Яагаад гэвэл өрөө төлөх нөөцөө гаргаж байгаа хэрэг.
-Одоо л төсөв баталж сурах гээд байна уу?
-Төсвийн илүүдэл зардлыг хасах нь тийм амар байдаггүйг ойлгох хэрэгтэй. Төсөв хасна гэхээр яах вэ. МҮОНРТ-ийн зардлыг өнгөрсөн жил 50 хувиар хассан. Өнөө жил 50 хувиар буулгаж болно гээд л санал хураачихдаг. Гэтэл үүний ард маш олон хүний амьдрал байна. Тийм учраас хүссэнээрээ зарлагыг тэглэж болохгүй байна. Хэт их орлоготой үедээ хамжааргатай зарцуулж сураагүй учраас зарлагаа хэтэрхий өндөрт гаргачихсан. Орлого алга болохоор агшааж чадахгүйн зовлон байгаа. Гэхдээ Сангийн сайд хоёр жилийн дотор орлого, зарлагаа нийлүүлэх төлөвлөгөө ирүүлснийг нь УИХ баталж өгсөн. 0.1 хувийн золиостойгоор. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ.