Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэж байна. Гишүүд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд болон байнгын хорооны дарга нараас асуулт асууж, хариу авч байна.
Б.Бат-Эрдэнэ гишүүн Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор тамгын газрын даргын гаргаж тавьсан баримтуудыг Ч.Хүрэлбаатар сайд гүтгэлэг гэдэг. Үүнд хариу өгөөч гэсэн юм.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд: Би хүн гүтгээгүй. Баримт нь энэ байна. Б.Бат-Эрдэнэ гишүүн сонирхож байвал үзээрэй. Зөвхөн энэ бус баахан мөнгөний шилжүүлэг байгаа юм. Ерөнхийлөгч бодлогын асуудал УИХ-тай ярьж байгаа. Үндсэн хуулийн зургаагийн 1-д заасан Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэдэг заалт зүгээр л цаасан дээр хоцрох юм уу?
Сайд гээд гүйцэтгэх засаглалд байдаг улсууд чинь Үндсэн хуулийн 6-гийн нэгийг зөрчөөд хувьдаа мөнгөтэй болоод байна. Энэ нэг УИХ, нэг Засгийн газрын асуудал биш болчихжээ. Сүүлийн 20 жил үргэлжилсэн байна. Оочерлож байгаад лиценз авдаг юм 1997 онд хууль болсон. Түүнээс хойш 20 жил Монголын ард түмэн ажлын байртай болчих болов уу, дэд бүтэц нь сайжрах болов уу, цалин хөлс сайжрах болов уу гэж хүлээгээд байдаг. Рио Тинтогоос өөр томоохон үйлдвэр (Эрдэнэтийн дараа орох том үйлдвэр) ашиглалтад оруулсан нэг ч уурхай алга. Тэгэхээр энэ баялаг, үйлдвэр, бүтээгдэхүүн болж байж Монголын ард түмэнд үр дүнгээ өгөхөөс биш экскавотороор шанагдаад, машинд ачаад хил гаргаад байвал Монголд юм үлдэхгүй. Энэ бодлогоо өөрчлөөч.
Эхний алхам нь УИХ ашиг сонирхлын зөрчилтэй, уул уурхайн лицензтэй, түүнийгээ зарж баяждаг улсуудаасаа зайгаа бариач. МАН-д лицензгүй, уул уурхайн бизнест холбогдоогүй өчнөөн олон сайн улсууд байгаа. Тэдэн дотроосоо Сангийн сайдаа тавьчихаж болдоггүй юм уу гэдэг ийм л хүсэлт УИХ-д илгээж байгаа шүү дээ.
Энэ таван лицензтэй холбоотой Хотгор шанагатай холбоотой асуудлыг зөв буруу гээд маргалдаад байх юм. Маргаан дууссан шүү дээ. Таван лиценз байна уу байна. Таван лицензтэй компанийнхаа 51 хувийг 10 сая доллараар зарсан уу зарсан. Түүний гурав нь Ч.Хүрэлбаатар сайдын хоёр төрсөн ах, зөвлөх байна уу туслах байна уу Дэмбэрэл гэдэг хүний нэр дээр дансаар нь бэлнээр доллараар ороод ирчихсэн. Энд өөр ямар ч нотлох баримт нэмж шаардлагагүй. Харин ч хориг тавьсны хүчинд энэ бүх материалууд Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрээр ирж байна шүү дээ. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгаж, үнэн зөвийг нь тогтоох учиртай. 10 сая доллараасаа татвараа төлсөн юм уу?
Хотгор шанага бол 2007 оны УИХ-ын 27-р тогтоолын хоёрдугаар хавсралтад байгаа стратегийн орд юм билээ. Бас л энийг стратегийн орд болгох ажлыг тухайн үеийн Засгийн газар оруулж ирээгүй. Хоёрдугаар хавсралтанд байгаа 38 уурхайн нэг болоод үлдчихсэн. Манай бизнесмэнүүд, хувийн хэвшлийнхэн ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж бизнес хий л дээ. Зүгээр нэг нүүрс утгаад гаргахыг хэн ч хийж чадна. Үндсэн хуульд зааснаар ард түмэнд нийтэд нь хүртэх ямар нэг дэд бүтэц, үйлдвэр, ажлын байр болох ёстой мөнгө ашигт малтмалаар бизнес хийдэг хэдхэн гэр бүлд очиж байна.
Үндсэн хуулийнхаа зургаагийн 1-дэх заалтыг УИХ биелүүлэх цаг болсон. Ард түмэн үүнд дургүйцэж байна. Тэр дургүйцлээ Х.Баттулга гэдэг хүнийг Ерөнхийлөгчөөр сонгож илэрхийлсэн. Энэ хүнийг ажлаа хий гэж байна. Ард түмний мэдэлд байдаг байгалийн баялагийг ард түмний мэдэлд өгнө гэж хэлээ биз дээ гэж шаардаж байгаа. Үүний дагуу хориг тавигдаж байгаа юм гэв.
Б.ЭГШИГЛЭН