Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: МАН төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжилтээ хийчихээд мөнгөгүй сонгууль хийнэ гэж матрын нулимс унагаж байна

– Л.БОЛД, Ж.БАТЗАНДАН, Н.АЛТАНХУЯГ НАР АН-Д ОРЖ ИРЭЭД НЭР ДЭВШЬЕ ГЭВЭЛ НЭЭЛТТЭЙ –

Ардчилсан намын даргын зөвлөх З.Энхболдтой ярилцлаа.


-Та Таван толгойн 30 хувийг хувьчлах асуудлыг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсээр байгаа. Энэ асуудлаарх сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байна вэ?

-“Эрдэнэс Таван толгой”-н ажилчид сүүлийн хэд хоног эсэргүүцэл илэрхийлж, ажилдаа алхаж очиж байгаа. Тус компаниас хүн халаад эхэлсэн юм байна. Охин компани нь эцэг компаниасаа өндөр цалин амлаж ажилчдаа хувааж аваад, жинхэнэ “Эрдэнэс Таван толгой” нь борлуулалтгүй болоод их л будлиантай байгаа юм билээ. Охин компаниа татан буулгаж, 30 хувийнхаа хувьчлалыг зогсоо гэж хэлсээр байтал зүтгүүлсээр байна. Улсын их хурал нь 73 дугаар тогтоолоо, ҮАБЗ нь зөвлөмжөө хүчингүй болгохгүй гээд гүрийгээд байгаа юм. Одоо юун Таван толгойн хувьчлал вэ.

Дэлхийн улс орнуудын эдийн засаг өсөх биш улам агшина. Өдөрт хэдэн мянгаараа хүн нас барж байгаа дайных шиг цаг үе үүсчихээд байна шүү дээ. Гэтэл Монголд юу ч болоогүй юм шиг Таван толгойгоо хувьчилна, төсөвт тусгасан 3.2 их наяд төгрөгөөр шаардлагагүй барилга, байшин, усан оргилуур барина гэж байна. Дэлхийн бүх улс орон усан оргилуур бус эмнэлэг барьж, ядуу, эмзэг, ажлаас халагдсан хүмүүстээ тэтгэмж өгч байна. Таван толгойн 30 хувиа хувьчлах асуудал дээр С.Эрдэнэ гишүүний санаачилсанчлан “УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ЭТТ-г хувьчлах асуудлыг зогсоох” тухай тогтоолыг яаралтай батлах хэрэгтэй. Дайны хажуугаар дажин гэж коронагийн дуулианаар далимдуулж Таван толгойгоо хувьчилж болохгүй.

-Таныг хамаарал бүхий гэгддэг “Страто”-д нь ямар ч ашиггүй учраас ийнхүү улс төр хийж байна гэх юм. Хэрэв худал бол таныг яагаад энэ компанитай холбоод байдаг юм бэ?

-Би “Страто”-той ямар ч хамаагүй. Энэ талаарх бичгээ ч Улсын бүртгэлээс аваад хуулийн байгууллагад өгсөн. Намайг “Страто”-той ашиг сонирхлын зөрчилтэй гээд гүтгээд байгаа юм. Гүтгэсэн хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцлагаа хүлээнэ. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль гэдэг бол өөр асуудлыг зохицуулна. Жишээ нь, саяхан хэвлэлээр гарсан Монголбанк, СЗХ-ны ажилтнууд хувьдаа ББСБ-тай байсан нь илэрсэн нь ашиг сонирхлын зөрчил. Хяналт тавьдаг зохицуулдаг салбартаа ашиг сонирхолтой байхыг хориглодог. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга уул уурхайн салбарт шийдвэр гаргадаггүй тул “Страто”-ийн үйл ажиллагаатай хамаагүй юм.

1996 оноос хойш намайг 24 жилийн турш огт хамааралгүй компани, барилга байшинтай хамаатуулж гүтгэж байгаа гүтгэлэгтэй л яг адилхан юм. Ямар ч хамаагүй ор үндэсгүй зүйлээр л гүтгэчихдэг. Өмч хувьчлалын даргаар ажиллаж байх үедээ өчнөөн өмч идчихсэн гэж гүтгэсэн юм. Тэр нь батлагдахгүй болохоор өөр хүний нэр дээр байдаг гээд байгаа юм. Үнэхээр л тийм юм бол түүнийгээ гаргаж ир л дээ. Хамгийн гол нь ийм гүтгэлгүүд эзэнгүй байгаа. Хуучин шар сонин дээр бичихэд эзэн нь олдчихдог байв. Одоо үед цахим орчинд хэн гүтгээд байгаа нь мэдэгдэхгүй болж. Яахав, Кибер аюулгүй байдлын цагдаа нар хөөж байгаад олж байна л даа. Хуулийн байгууллага эхнээс нь олоод торгоод явж байгаа.

-“Эрдэнэс Таван толгой”-н хувьчлалын асуудлыг хөндсөнөөр Ерөнхийлөгч та хоёрын дунд маргаан үүссэн, түнжин тааруу байгаа гэдэг нь үнэн үү. Үүнээс болж таныг ажлаа өгөх болсон ч гэх юм.

-Ерөнхийлөгч бид хоёрын харилцаа хэвийн байгаа. Мэдээж бүх зүйл дээр 100 хувь санал нийлнэ гэж байхгүй шүү дээ. “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувийг хувьчлах асуудалд би эсрэг л байгаа. Анх яригдахад нь ч, одоо ч эсрэг байгаа. Ерөнхийлөгч ҮАБЗ-өөр Таван толгойн 30 хувийг таван тэрбум ам.доллараар зарахад болно гэсэн тэр зөвлөмжийг гаргаад өгчихсөн. Гэтэл явсаар байгаад коронагаас өмнө нэг тэрбум ам.доллар болсон. Одоо бол нэг тэрбум ам.долларт ч хүрэхгүй. Ийм тохиолдолд болохгүй шүү дээ гэж хэлсэн. Үүн дээр бол адилхан л байр суурьтай байгаа.

-Ерөнхийлөгчийн зүгээс энэ цаг үед УИХ-ын сонгуулийг хойшлуулахаас өөр аргагүй гэж байгаа. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Иран улс цар тахал дөнгөж тархаж байх үед сонгууль хийгээд хэдэн мянган хүнээ алдчихлаа. Тийм асуудал гаргахгүйн үүднээс сонгуулийг хойшлуулах нь зөв. Бид монгол хүн тусдаггүй юм байна, тэнгэр заяатай гэх зэргээр ярьж байна л даа. Энэ нь сайндаа ч биш зүгээр л хүйтэн байсан учраас л вирус нь тархаагүй юм шиг байгаа юм. Энэ вирус +12 градуст хамгийн удаан амьдардаг юм байна. Ирэх саруудад улам дулаарч, хэдэн мянгаараа өвчлөөд эхэлбэл яах вэ. Юун сонгууль манатай л болно шүү дээ. Өнөөдөр тийм зүйл болоогүй байгаа нь тайвшрах шалтгаан биш гэж үзэж байгаа. Сонгууль хүнийг олноор цуглуулдаг, өвчин тархах нөхцөлийг бүрдүүлдэг учраас л болгоомжлоод байгаа юм. Түүнээс өнөөдөр болохоо байчихсан учраас сонгуулиа больё гэж байгаа юм биш. Сонгуулийн үйл явц нь өвчин тарааж магадгүй учраас л тэр.

Гэхдээ БНСУ сонгуулиа хийчихлээ л дээ. Япон, БНСУ-ын сонгууль хүн цуглуулж уулзалт хийдгүйгээрээ манайхаас өөр юм. Нэр дэвшигч нь чанга яригчтай машин дээр зогсоод өөрийгөө болон мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулдаг. Тиймээс сонгуулийн сурталчилгааны явцад хүмүүс өвчин тусах магадлал нь бага.

-Эрх баригчдын зүгээс сонгуулийг хойшлуулах шаардлагагүй гэх байр суурийг илэрхийлсээр байгаа. Магадгүй сонгууль хойшлохгүй байх нь эрх баригчдын хувьд ашигтай болов уу.

-Эрх баригчид юу хүссэнээ хийх эрхээ 2016 онд 65 гишүүнтэй болсноор авчихсан. Сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрөө огт биелүүлээгүй бөгөөд яг эсрэгээр нь хийсэн. Мэргэжлийн Засгийн газартай болно гэсэн ч дандаа УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар байгуулж, хоорондоо муудалцан хоёр ч удаа сольсон. Татвар нэмэхгүй гэсэн ч арван татвар нэмчихлээ. Ийнхүү бантсан МАН сонгуульд орох гэж байгаа. Ковид гэгчийг сонгуульдаа ашигтайгаар ашиглах гэж янз бүрээр л оролдож байна. Үүнийг улстөржүүлж сонгуульдаа ашигтайгаар ашиглаж болохгүй, эсрэгээр нь сөрөг хүчний намтайгаа хамтарч хүндрэлээс гарах ёстой юм. УИХ-ын саяын баталсан Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөө гэх зүйл онигоо шүү дээ. Өнөөдөр АНУ-ын жилийн 75 мянган ам.доллараас дээш орлоготой бүх хүн 1200 ам.долларынхаа тэтгэмжийг авч байна. Хэн 75 мянган ам.долларын татвар төлсөн эсэхийг улс нь мэдэж байна гэсэн үг. Тийм гэр бүлийн хүүхэд бүр 500 ам.доллар авч байна. Манайд мал малладаггүй, УБ хот, аймгийн төвийн орлогогүй, ажилгүй болчихсон, эсвэл угаасаа ажилгүй байсан хүмүүс хоолны мөнгөгүй болж, өлсгөлөн эхэлнэ. Тэр үед нь туслах зориулалтаар хямралын эсрэг тэмцэх төлөвлөгөөн дотор бэлэн мөнгө тараах тухай байх ёстой. Гэтэл УИХ-аас таван их наяд төгрөгийн зээл аваад хямралын эсрэг тэмцэх төлөвлөгөө баталлаа л гэж байгаа ч хэрэгжсэн зүйл нь тэг байна шүү дээ. Ноолуур 100 мянган төгрөгөөр авна гээд л Ерөнхий сайд нь хэлдэг, Ч.Улаан сайд маргааш нь гарч ирэнгүүтээ манай нутгийнхан л 100 мянган төгрөгөөр зарна, бусад нь 75 мянган төгрөгөөр зар гэж байна. Ерөнхий сайд худлаа хэлсэн, 100 мянган төгрөгөөр бүх ноолуурыг худалдаж авахгүй, заримыг нь авна гэх жишээтэй. Ингэж зах зээлд буруу сигналь өгөөд байна л даа.

-Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх хэрэгтэй гэх байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлсэн. Үүнийг юу гэж ойлговол зохих вэ?

-Хямралын үед Онцгой байдлын газар, Шадар сайдын үүрэг ихэсдэг хуультай. Энэ нь удирдлага нэг гарт төвлөрч байна гэсэн үг. Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам тус бүртээ өөр зүйлс яриад байхгүйгээр нэг толгойтой болно. Бусад улс орон шиг яам болгон нь хэдэн тийш хараад суучих юм бол хямралтай тэмцэж чадахгүй. Түүнээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд Үндсэн хуулиар хуваачихсан засаглалыг нэг гарт төвлөрүүлэх тухай хэн ч, хэзээ ч яриагүй. Манай гамшгийн үеийн хууль тогтоомж боловсронгуй биш байна, учир нь анх удаа дэлхий нийтийг хамарсан хямрал болж байна. Аль ч оронд, ямар ч түвшинд тарж магадгүй гэдэг нь гол аюул байна. Яахав, бид өвчин гармагц хилээ хааж арга хэмжээ авсны хүчинд дотоодын өвчин тархалт алга. Одоо зөвхөн гаднаас ирж буй хүмүүсийн хүрээнд л байна. Тэр хүмүүс дэглэмээ сахиад гарчихвал аюулгүй л байна шүү дээ.

-Зарим хуульчид Ерөнхийлөгчийг хүнд цаг үеийг ашиглаж төрийн эрхийг гартаа авах гэж санаархаж байна гээд байгаа л даа.

-Үндсэн хуулиас хэтэрсэн зүйл огт яриагүй. Юу ч гэж хардаж болно. Гэхдээ бодитой зүйл дээр хардах ёстой. Хямралын үед Ерөнхийлөгчид бүх эрх мэдэл байна гэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг Их хурал руу оруулаагүй биз дээ. Тэгэхээр Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн эрх хэмжээ яг хэвээрээ байгаа.

-Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ дэнчингийн 100 сая төгрөг авч байгаа нь хууль бус гэж шүүмжлэх хүмүүс байна. Х.Ганхуяг 100 сая төгрөгийн дэнчин төлсөн 180 хүн байна гэдгийг ч хэлж байгаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсад 33 улс төрийн нам бий. Бүгдээрээ ч юм уу зарим нь сонгуульд орох байх. Дэлхийн аль ч улсад сонгууль гэдэг мөнгө, мөнгө бас дахин мөнгө гэдэг үг бий. Сонгуулийн Ерөнхий хорооны гаргасан тарифаар хамгийн багадаа 400 сая, ихдээ 750 сая төгрөгийн зардал нэг нэр дэвшигчээс гарах юм. Зөвшөөрөгдсөн мөнгө нь энэ. Мэдээж бүх нэр дэвшигч үүнийг гаргах чадвар байхгүй байх. Энэ мөнгийг хувиасаа гаргаад сонгуульд ор гэсэн үг аль ч хуулинд байхгүй. Дэлхий даяар энэ мөнгийг хандиваар цуглуулдаг. Хамгийн сүүлийн жишээ АНУ-ын Ардчилсан намын доторх сунгаанд энэ мөнгөний асуудал маш тодорхой харагдсан. Долоо хоногийн дотор нэг сая ам.доллар цуглуулж чадахгүй бол нэр дэвшигчдийн мэтгэлцээнд оруулахгүй гэдэг дүрэмтэй. Хандив цуглуулж чадаагүй нэр дэвшигчид нь хасагдаад л яваад байдаг. Утга нь “Чамайг нэг сая хүн дэмжиж тус бүр 10 ам.доллар хандивлахгүй байгаа бол жинхэнэ сонгуульд чи амжилт олохгүй, иймд манай нам дэвшүүлж чадахгүй” гэдэг. Тухайн нэр дэвшигчийг дэмжигчгүй юм байна гэдгийг мөнгөн дүнгээс нь харж байгаа хэрэг. Мэдээж тэр мөнгөө хэдийг нь компаниудаас, хэдийг нь хувь хүнээс авах вэ гэдэг нь хуульчлагдсан байдаг. Монголын хууль яг адилхан. Хувь хүнээс нэг сая хүртэлх, компаниудаас 10 хүртэлх сая төгрөгийг улс төрийн нам сонгуулийн бус үед цуглуулж болно. Ийм мөнгийг хандивлах ажлыг зохион байгуулсан хүнийг АН нэр дэвшүүлнэ гэж байгаа болохоос биш байшингаа зараад 100 сая төгрөг авчраад дэвш гээгүй. АН-д орсон бүх шилжүүлгийг шалгадаг газар нь шалгаж, зөрчил байна уу гэдгийг харах ёстой. Бүх данс нь шилэн байгаа АН-ыг шалгахаас гадна бусад 32 намыг хэрхэн санхүүжилтээ бүрдүүлж байгааг шалгах хэрэгтэй. АН түрүүлээд АНУ шиг нэр дэвшигчдээ нийгэмд хэр нэр хүндтэйг нь дүгнэх гээд, Улс төрийн намын тухай хуулийн 18-д заасанчлан хандивыг цуглуулснаасаа болж муулуулахгүй. Ганцхан нам хуулиа дагаж, түүнийг нь бүгдээрээ нийлж муулдаг нь юу вэ. Бусад нь яаж санхүүжиж байгаагаа нууж байгаа учраас хууль бус юм. Манайхыг МАН-ын гишүүн Х.Ганхуяг гэдэг хүн дэлгэлээ гэж байна. Мэдээж тэр жагсаалт нь худлаа. 180 хүн мөнгөө өгөөгүй гэдгийг нь би мэдээд байна. Цуурхал тараагаад байгаа хүмүүсийг хуулийн байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцох ёстой.

-Таныхаар МАН хэрхэн санхүүжилтээ бүрдүүлж байгаа бол. Эрх баригч намын дарга мөнгөгүй сонгууль хийнэ гэх зүйлийг ярьсан. Ийм боломжтой юу?

-Мөнгөгүй сонгууль энэ дэлхий дээр байхгүй. Бид МАН-ыг хардаж байгаа. Сүүлийн дөрвөн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалт 9.6 их наяд төгрөг. Энэ их мөнгөний ажлыг хийх тендерт дандаа МАН-аас сонгогдсон УИХ ИТХ гишүүд дарга сайд нарын хамаатан садны хамаарал бүхий компаниуд шалгарсан байдаг. Одоогийн улсын төсөвтэй тэнцэх мөнгийг тараачихсан. Энэ мөнгөөрөө л сонгуульд орох гээд байгаа юм. Хамаарал бүхий этгээд нь үнийн дүнгийнх нь тодорхой хувийг сонгуульд нь хандивлаад байна гэж хардаж байна. Хандивлагчдаа зарла гэхээр хамаатнууд нь ил болчих гээд түүнийгээ л нуугаад байгаа юм. Миний бодлоор МАН өнгөрсөн дөрвөн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сонгуулийн мөнгөө хийчихээд мөнгөгүй сонгууль хийнэ гэж матрын нулимс унагаж, худал ярьж байна.

-АН-д нийт 108 хүн дэнчингээ өгчээ. Үүнээс 76 нь нэр дэвшиж таарна. Тэгэхээр үлдсэн хандив өгсөн хүмүүс нь яана гэсэн үг вэ. Хэрэв АН ялвал сайд, даргын албан тушаалд очих уу?

-108 хүн дэнчингээ өгсөн. Иргэнээр бодвол 10.800 хүнээс дэнчингээ цуглуулж өгсөн гэсэн үг. Компаниар бодвол үүнээс 10 дахин бага байна. Мэдээж энэ 108 хүнээс 76 нь л нэр дэвшинэ. Бусад нь нэр дэвшсэн хүмүүстээ тусалж, сонгуульд ажиллана. Улс төрийн нам сонгуулиар эрх авлаа гэхэд гишүүн хүн сайд болж болохоо больчихсон учир гаднаас сайд нараа томилох ажилд орно. Мөн багийн ЗД-аас эхлээд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хүртэл 2000 гаруй улс төрийн албан тушаалтан сонгуулийн дүнгээр солигдоно.

-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг шаардлагад нийцэхгүй гэх үндэслэлээр Үндэсний аудитын газраас буцаасан. Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ гэх зорилтыг бодитой хэрэгжиж чадахгүй гэж үзсэн болов уу. Мөрийн хөтөлбөрөө хэрхэн өөрчилсөн бэ?

-Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөг болгоно гэх зорилт байж болно. Түүнийг Үндэсний аудитад тайлбарласан л байх. Аудит аль нэг намыг сонгуульд орох эсэхийг шийддэг байгууллага биш. Тэнд тавьсан тоонууд нь манай улсын эдийн засгийн боломжоос хэтэрч үү гэдгийг л шалгаж байгаа. Улсын төсөвт үргэлж өнөөдрийнх шиг 10 орчим их наяд төгрөг байхгүй, цаашид өсөн нэмэгдэж л таараа. Энэ хэрээр эмч, багш, цагдаа гээд бусад төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж л таарна. Улсын төсөв өсөхийн тулд олон үйлдвэр байгуулагдаж олон зуун мянган хүн ажилтай болох нөхцөлийг бүрдүүлнэ. Тэдгээр үйлдвэрийн ажилчдын авдаг цалинг улс тогтоохгүй. Ямар ч байсан одоогийнх шиг бүх үйлдвэрээ хаачихаад улсын төсвийн мөнгийг хамаатан садныхаа компанид өгөөд байдаг буруу практикийг АН нэн дариу зогсооно.

-Ардчилсан нам бусад нам бусад нам, улстөрчидтэй сонгуулийн үеэр хамтрах боломжтой гэх утга бүхий уриалга гаргасан байсан. Үүнтэй холбоотойгоор Н.Алтанхуяг, М.Энхсайхан, Лу.Болд нарыг эргэн намдаа ирэх гэж байна гэх юм. Энэ хэр бодитой вэ?

-Ялангуяа Ардчилсан намаас салаад явсан, энэ сонгуульд нэр дэвшье гэсэн хүмүүс эргэн ирвэл хамтрах боломжтой юм. М.Энхсайханы хувьд АН-аас маш олон жилийн өмнө гарчихсан. МҮАН-тай хамтарч болохоос тэр өөрөө биш. Учир нь М.Энхсайхан нэр дэвшээд гарахгүй учраас бид нэр дэвшүүлэх тухай бодохгүй байгаа.

-Яагаад гарахгүй гэж?

-Ийм их хэрэг түвэгтэй хүн чинь яаж гарах вэ дээ. Нэр дэвшихтэй манатай л байгаа биз дээ. Элчин сайд болоод намаасаа гараад явчихсан юм билээ. Л.Болд, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар орж ирээд нэр дэвшье гэвэл нээлттэй. Энэ уриалга энэ сарын 24-нийг хүртэл хүчинтэй. Одоогийн сонгуулийн систем жижиг намуудад халгаатай юм. 2012 онд намын жагсаалтаар санал авдаг байхад жижиг намд ашигтай байсан. Одоо бол тэр байхгүй болсон. Тиймдээ ч жижиг намууд яагаад ч амжилт олохгүй. Хоёр том намд л хамгийн ээлтэй систем юм. Иймд жижиг намууд том намаа бараадах ёстой. Хоёр арга бий. Нэг нь эвсэл болдог. Нөгөөх нь өөрийнхөө намыг сонгуульд оруулахгүйгээр өөрөө том намын тохирсон тойрог дээр нэр дэвшдэг. 2016 онд бид үүнийг хэрэглэсэн. Эрэл, ИЗН сонгуульд ороогүй. Б.Эрдэнэбатыг Хөвсгөлөөс, өмгөөлөгч Р.Булгамааг Баянзүрх дүүргээс нэр дэвшүүлсэн. Гэх мэтээр ирээдүйтэй, гарчихаж болохоор хүмүүстээ, жижиг намуудтай хамтарч ажиллана. Манайхаас салаад явсан хүмүүс буцаж ирээд нэрээ дэвшүүл гэж байгаа юм. Одоо хагарч ордог цаг биш байна. Хэрэв тэгвэл 2000 он шиг ялагдана. Хамтраад орвол 1996 он шиг ялна.

-Хамтрахаар саналаа илэрхийлсэн хүмүүс бий юү. Тэр дундаа дээр дурдсан эрхмүүдээс хүсэлт ирсэн үү?

-Хүсэлтээ өгөх байх гэж бодож байна. Ингэж хамтаръя гэдэг санал нөгөө талаас гараад байгаа юм.

-АН ирэх сонгуульд өөрсдийгөө хэрхэн оролцоно гэж харж байгаа вэ. Судалгааны дүнгээр ч юм уу ямар нэгэн байдлаар багцаа авсан зүйл бий юү?

-Судалгаа байнга хийгдэж байгаа. Монголын ард түмэн улаан, цэнхрээр нь дөрвөн жил тутамд сонгодог хэвээрээ л байгаа. Энэ жил коронавирус гарсантай холбоотойгоор сонгууль цагтаа болох эсэх нь тодорхойгүй байна. Ямартаа ч 65-уулаа болсон МАН-ыг улс орныг хөгжүүлчих юм байх гэж бодсон ч хоёр жил болоод л Засгаа унагаасан. Улсын төсвөөс байнга тендер авдаг 15 мянган компани бий. Цензургүй яриагаар гараад байгаа МАН-ын УИХ ЗГ ИТХ гишүүдийн хамаатнууд шиг гэсэн үг. Үлдсэн 85 мянган компани нь МАН-ыг эрх барьж байгаа үед дагавар хүүхэд шиг нь л байж, тендер огт олгодоггүй. Тэд энэ 15 мянган компанийг өөд нь татахаа бодож байгаа болохоос биш нийт Монголын эдийн засгийг өөд нь татах тухай бодохгүй байна.

-Ардчилсан намаас эдийн засгийн энэ хүнд үед ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм бэ?

-АН өргөн барьсан хямралтай тэмцэх хөтөлбөрийг УИХ хэлэлцээгүй. ЗГ-аас өргөн барьсантай хамтруулаад хэлэлцээд төсөвт тодотгол хийх замаар явсан бол эдийн засгийн хүндрэлээс хохирол багатай гарах боломжтой байсан. Жишээ нь, ажлаасаа халагдсан хүн бүр ажилгүйдлийн тэтгэврээ 76 хоног авдаг. 77 дахь хоногоос эхлээд гурван сарын турш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгө буюу 1260000 төгрөгийн тэтгэмжийг төсвөөс өгье гэсэн юм. Ипотектэй 100000 өрх нэг жилээр 400 тэрбум төгрөгийн төлбөрийг хойшлуулах гэх мэтийн шал өөр хүндээ хүртээмжтэй хөтөлбөрийг хэлэлцсэнгүй.

-Цар тахалтай холбоотойгоор Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэр оновчтой байна гэж харж байгаа вэ. Иргэдээ гаднаас авчирч байгаа нь зөв үү?

-Манай улсын эрүүл мэндийн систем хэдэн арван мянган коронатай хүн ирэхэд хүлээж авах боломжгүй байгаа. Шаардлагатай амьсгалын аппарат нь мянгаар хэрэгтэй байхад 100 ширхэг байгаа үгүйг ч мэдэхгүй байна. Нью-Йорк муж л гэхэд 50 мянган аппарат нөөцлөх тухай ярьж байна. Болохгүй бол урлагийн том танхимуудаа суллаж, амьсгалын аппаратаа ор болгоны хажууд тавьж бэлдэнэ гэнэ. Манайд тийм бэлтгэл байхгүй. Их л болгоомжтой хандах хэрэгтэй. Өвчинтэй тэмцэж байгаагаараа улс төр хийж огт болохгүй. Аюултай ажил л даа. МАН үүнийг сонгуульд амжилт олох боломж гэж бодоод байх шиг байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *