Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: МАН-ын удирдлагын хууль бус үйлдлийг АТГ, УЕП шалгахыг шаардаж байна

Улсын их хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Тодруулбал, Монгол Ардын намын дарга М.Энхболд нарын Төрийн албыг худалдах, ашиг болгон үнэлэх, зөвхөн Нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай ярианы бичлэгийг МАХН-аас олон нийтэд ил өчигдөр болгосонтой холбогдуулан энэхүү мэдэгдлийг хийлээ. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй сонгуулийн стратеги, тактик, санхүүжилтээ ярьсан бичлэг дотроосоо алдсанаа хүлээн зөвшөөрсөн нь баримтыг улам ноцтой болголоо.

Төрийн албыг үнэлж, ашиг тооцсон тухай

Ахлах мэргэжилтэн, санхүүгийн эрх бүхий албан тушаалтан, хэлтсийн даргаас эхлэн төрийн албыг үнэлж, ашгаа тооцож буй нь төрийн үүргийг хөсөрдүүлэх, авлига, хээл хахуулийн хөрс суурь болно. Энэ бусармаг үйлдэл нь сонгуулийн хандив биш төрийн албыг төлбөртэй бараа мэт үзэж буйг илчилж байна.

Олон мянган Төрийн албан хаагчдыг бүгдийг нь солих тухай

Олон мянган төрийн албан хаагчдыг хоморголон халахаа тодорхой хэлсэн байна. 182 гаруй мянган албан хаагчдын ур чадварыг нь үл харгалзан, зөвхөн МАН-ын урьдчилан зарсан сүлжээгээр дарангуйллын тогтолцоо бий болгох санаархал мөн. Орон сууц, сургалтын төлбөрийн зээлтэй олон арван мянган албан хаагч нэг намд төлбөрөө хийгээгүйн төлөө ажилгүй, цалингүй болох ёсгүй. Ардчилсан нам сонгуульд ялж олон арван мянган албан хаагчдыг хамгаалан зогсох болно.

Намын сонгуулийн зардал хэтэрсэн тухай

Зөвхөн Нийслэлд 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг үнэлэх замаар наймаалах тухай ярьжээ. Улс орны хэмжээнд авч үзвэл сонгуулийн зардал хэд дахин хэтэрч, сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байна. enhbold

Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй нарын төрийн албыг үнэлэн худалдах санаархал нь Үндсэн хуулийн 46, 19-р зүйл, Эрүүгийн хуулийн 82-р зүйл “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулах”, Төрийн албаны тухай хуулийн 17.1, Сонгуулийн тухай хуулийн 50.1, 70.1.8, Улс төрийн намуудын тухай хуулийн 18.3, Эрүүгийн хуулийн хахууль, албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдох олон зүйл анги, заалтуудыг ноцтой зөрчсөн баримт байх тул хууль хяналтын байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэж байна.

Монголын ард түмний эрх чөлөө, ёс суртахуун, төрийн хууль журмыг дээдлэн сахиж, шударгаар өрсөлдөхийг МАН-аас хатуу шаардаж байна.

Ардчилсан намын санхүүгийн бүх мэдээ нээлттэй байгаа. Сонгуулийн хуулинд заасан 4.6 тэрбум төгрөгийн хүрээнд сонгуулийн үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл Монгол Ардын нам болон түүний нэр дэвшигчид хэт их бийлэгжүү, мөнгөний сонгууль хийгээд байгаагийн учир тэдний ярьсанчлан хууль бусаар 60 тэрбум төгрөг босгосон явдал ажээ. Иймд сонгуулийг хуулийн дагуу шударга сонгууль явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий хороонд шаардаж байна. Түүнчлэн сонгуулийн хууль зөрчсөнтэй холбоотой Ардчилсан намын сонгуулийн штаб, нэр дэвшигчдийн зүгээс шүүх цагдаагийн байгууллагад хандаж гаргасан хүсэлт гомдлуудыг нэн даруй түргэн шуурхай шийдвэрлэхийг дээрх байгууллагуудаас шаардаж байна.

Эцэст нь МАН-ын удирдлагын дээрх хууль бус, ноцтой үйлдлүүдийг Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдлагууд нэн даруй эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэхийг шаардаж байна. Дээр холбогдох байгууллагуудад Ардчилсан намаас тусгайлан гомдол шаардлагыг хүргүүлэх болно. Төрийн сонгуулиа хуулиа дээдлэн шударга явуулцгаая гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *