УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрхзүйн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх заалт тусгагдсан. Үүнтэй холбогдуулан ЕТГ-ын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдлаа. Прокурор ажлаа хийгээгүй тохиолдолд ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн Ерөнхийлөгч огцруулна. Дараагийн прокурорыг томилохдоо прокурорын анкетийг авч орно. Ерөнхийлөгч сая н.Цэрэнсодномыг томилохоор оруулсан. Гэтэл томилгоо явуулахаар санал болгосоны дараа бичлэг гарч ирсэн. Тиймээс тэр хүний нэрийг татна. Өөр хүнийг Ерөнхий прокуророор нэр дэвшүүлнэ.
АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал, эсвэл огцруулах зүйл дээр ҮАБЗ-ийн зөвлөмжийг УИХ-д оруулахаар болсон. Прокурор ажлаа хийхгүй, олон улсын авлигын индекс 87 байснаа 100 болж муудсан. Тиймээс өөрчлөх саналаа Ерөнхийлөгч явуулсан. ҮАБЗ-ийн зөвлөмжийг Ерөнхийлөгч УИХ руу явуулна. Ингэснээр АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх эсэхийг УИХ шийднэ. АТГ-ын удирдлагууд хугацаагүй болж байгаа.
Шүүгчдийн тухайд ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид бичиг ирвэл Ерөнхийлөгч түдгэлзүүлэх эсэхээ шийднэ. Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг хугацаанаас нь өмнө огцруулдаг. Хэрвээ ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол ШЕЗ заавал хэлэлцэнэ. Шүүгчийн эрхзүйн байдлын хууль Үндсэн хууль зөрчөөгүй. Учир нь томилгоо хийх эрхтэй байгууллага нь өөрсдөө шийднэ хэмээлээ.
-ҮАБЗ хуралдаж, зөвлөмж гаргасан уу?
-Үүнийг ҮАБЗ-ийнхөн мэднэ. ҮАБЗ-өөс зөвлөмж гараад ШЕЗ рүү, эсвэл прокурортой холбоотой шууд ЕТГ-т асуудал ирвэл Ерөнхийлөгчийн ямар арга хэмжээ авах гэж байгааг мэдээлж болно. Одоогоор ямар нэг бичиг яваагүй байна.
-Ерөнхийлөгч өөрийн үзэмжээр шийдэх нөхцөл үүссэн үү?
-Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид прокурорыг огцруулах эрх олгосон. Энэ эрхээ эдэлнэ. Хэрвээ хугацаанаас нь өмнө огцруулахаар болвол ҮАБЗ-ийн зөвлөмж гарна.
-ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч тэргүүлдэг. Ерөнхийлөгч хаан шиг эрх мэдэлтэй болоод байгаа юм биш үү?
-Өмнөх Ерөнхийлөгч ч хаан шиг эрх эдэлж байсан байна.
-Энэ хууль хэдий хугацаанд хэрэгжих вэ?
-Хууль батлагдсан бол хэрэгжих хугацаа нь хязгааргүй.
-Ажлаас нь чөлөөлсний дараагаар ял оноох уу?
-Ажлаас чөлөөлнө гэдэг чинь шалгах боломжийг олгож байгаа.Тэр хүмүүс буруутай эсэхийг шүүх шийднэ.