УИХ-ын дарга З.Энхболд 11.40 минутад саналаа өгсөн. Тэрбээр энэ үеэр “Өрсөлдөгч намууд бүгд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж элдэв зөрчил, маргаан гаргахгүй байх хэрэгтэй. Иргэд, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээв.
Сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын талд худалдаж авсан талаар тодруулахад түүнээс энэ үеэр тодруулсан. Тэрбээр уг асуултад хариулахдаа “Монгол Улс олон жил “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авах саналыг ОХУ-д байнга хүргүүлдэг байсан. Энэ удаа Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтын үеэр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ асуудлыг сонгуулийн дараа байгуулагдах УИХ хэлэлцэн батлах ёстой. 49 хувийг худалдаж авсныг улс төржүүлж, эсэргүүцэж байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Одоо энэ цуу яриагаа зогсоох хэрэгтэй. 1990 онд Улаанбаатар төмөр замыг худалдаж авахыг ОХУ санал болгосон. Тэр үед нь мөн улс төржиж байгаад авалгүй орхисон. Тиймээс эдийн засгийн тусгаар тогтнолоо бодож, боломжтой үедээ иймэрхүү үйлдвэрүүдээ худалдаж авч байх хэрэгтэй” гэлээ.