Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Монгол, Японы харилцааны шинэ үеийг эхлүүлж байна

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.02.24/ Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай Ерөнхий сайдын өргөөнд уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ “Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд таныг Япон Улсад айлчлал хийж буйд баяртай байна. Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд маш чухал айлчлал болж байна” хэмээн хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Ерөнхий сайдад хандан “Эрхэмсэг ноён Ш.Абэ Та биднийг элэгсэг дотно хүлээн авч байгаад талархал илэрхийлье. Японы ард түмэн, Засгийн газар Монголын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь тууштай дэмжин тусалж ирснийг Монголын ард түмэн, төр, засаг өндөр үнэлж, чин сэтгэлээсээ талархаж хүндэтгэж байдгийг илэрхийлье. Ерөнхий сайд Ш.Абэ Таны дэвшүүлсэн “Эрч”, “Эрч нэмэх” санаачлагуудын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол өндөр гэж үнэлдэг. Энэ нь Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй. Хоёр улсын Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан. Танай улсын парламент ч ойрын хугацаанд батална гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Уулзалтын үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ хэлэхдээ, Японы хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Иймд Монгол Улсын Их Хурлын дарга та хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. Мөн Таны хэлсэнчлэн хоёр улсын хооронд байгуулж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталсанд бидний зүгээс талархал илэрхийлье. Манай улсын парламент ч бас ойрын үед батлахын төлөө ажиллах болно. Монгол, Япон улсуудын хоорондын өндөр дээд хэмжээний уулзалтуудын давтамж ойртож буй нь бидний харилцаа, хамтын ажиллагаа маш ойр байдгийн баталгаа юм. Түүнчлэн Японы мэргэжлийн сумогийн их аварга Хакухо өндөр амжилт тогтоолоо. Цаашид энэхүү амжилтаа улам бататгана гэдэгт итгэлтэй байна гэв.

УИХ-ын дарга З.Энхболд Монголын зүүн бүсийн төмөр замын төсөлд оролцох хүсэлтэй Японы компаниудад дэмжлэг үзүүлэхийг хүсээд Ниппон стиль компани нь рельс төмрийг нийлүүлэхэд бэлэн болохоо бидэнд илэрхийлсэн байгаа. Дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг Монголд үйлдвэрлэж байна. Зөвхөн 10 хувийг боловсруулж байгаа тул цаашид Япон улстай хамтран танай улсын технологийг нэвтрүүлж, үйлдвэрлэж буй бүх ноолуурыг боловсруулан зах зээлд нийлүүлэх хүсэлтэй байдгаа уулзалтын үеэр онцлов.

УИХ-ын дарга З.Энхболдын Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй хийсэн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Сундуйн Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *