Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр товлогдоод байв. Шүүх хурал эхлэхэд шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшуулах хүсэлт гаргасны дагуу хурал ирэх нэгдүгээр сарын 18 /2024.01.18/-ны өдрийг хүртэл хойшилжээ.
Хурлын дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “Өнөөдөр болж байгаа хурал нүүрсний хэрэгтэй огт холбоогүй. Б.Энх-Амгалан сайдын хувийн компаниар улсын барих ёстой замыг хувийн компанид барих эрх олгосон тухай байгаа юм. Би яагаад энэ хэрэгт холбогдсоныг прокурорууд мэдэх байх. Би мэдэхгүй байна. Яах вэ, Б.Энх-Амгалан сайдыг мэднэ. Бид хоёр хоорондоо тийм зүйл ярих хэмжээний танилууд биш. Сая л шүүх хурал дээр юу болсон талаар мэдээлэл авч байна.
Ер нь Монгол Улсад Таван толгойн ашиг үлдэх ёстой гэдэг 2010 оны УИХ-ын тогтоол байгаа. Гэтэл УИХын сая зохион байгуулсан Нүүрсний сонсголыг харж байгаа байх. Хятад улсад яагаад ашгийг үлдээхгүй байгаа юм. Яагаад зүүн тийш төмөр зам тавьж байгаа юм. Яагаад зүүн тийшээ засмал зам тавьдаг юм бэ гэдэг бүлэглэл байгаа юм. Тэр бүлэглэлийн бие биетэйгээ тийм зүйл ярихааргүй, МАНын Б.Энх-Амгалан сайд бид хоёрыг шүүгдэгч болгож байна.
“Страто” компани надтай ямар ч хамааралгүй болохыг 2015 оны тавдугаар сард прокурорын байгууллагаас тогтоосон. Тэгэхээр энэ компанитай хамааралтай гээд гүтгээд байдаг бол Хятадад нүүрсээ угаана, тийшээ бушуухан гаргаж өг, зам тавьж өг гэдэг бүлэглэлийн зохиосон цуурхал. Гэтэл дахиж энэ асуудлаар Шүүхэд оруулж ирж байгаа нь хуулийн байгууллагууд Хятадын нүүрсний бүлэглэлтэй хуйвалдаж байна гэж би харж байна. Шүүх үнэн зөвийг ялгаад өгнө” гэлээ.