Хүний өмнөөс ичих шиг хэцүү юм байдаггүй гэдэг. Үүн шиг төрийн том дарга нарыг үг хэлэхээр өмнөөс нь яс хавтайх юм. Бүр сонсохоос зүрх үхмээр. Ямар ч болхи, чадвар муутай хүн биднийг удирдаж байна вэ гэж бодохоор гонсоймоор санагддаг. Заримдаа бүр “Ийм утгагүй зүйл ярьж байхаар дуугүй байж болдоггүй юм болов уу” гэж хүртэл бодогдохыг яана. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймаг, орон нутгийн дарга нартай уулзахдаа хэлсэн үг нь олон хүнийг гайхшруулж, урам хугаллаа. Тэрбээр “Саяхан би БНСУ-д айлчлал хийхдээ тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай нь уулзсан. Тэдэнтэй ярилцсаныхаа дараа өөрийгөө би том орны жижигхэн Ерөнхий сайд гэдгээ мэдэрлээ. Миний бодож санаж байгаа, Солонгосын Ерөнхий сайдын бодож санаж байгаа хоёр өдөр, шөнө шиг ялгаатай байна. Тусгай онгоцоор Монголынхоо дээгүүр нисч цонхоор харж явахдаа их зүйл бодлоо. Би ийм сайхан өргөн уудам нутгийн Ерөнхий сайд шүү дээ. Гэтэл миний бодож байгааг тэр хүний бодож байгаатай харьцуулахаар санаа зовмоор. Тэд үнэндээ том харж, том сэтгэж байна. Харин манайхан хов хөөцөлдөж байх юм. Өнөө маргаашийн ажил, нэг хүнийг халах уу, солих уу гээд л. Их жижигхэн улстөр. Тэгэхээр бүгдээрээ томоор харцгаая” гэх мэтээр ярьсан юм. Үүнээс харахад У.Хүрэлсүх гэдэг хүн төрийн дээд албанд очоод юу хийх ёстойгоо одоо хүртэл мэдэхгүй явж байжээ. Ялангуяа У.Хүрэлсүхийн хувьд 20 гаруй жил улстөрд явж, УИХ-ын гишүүн, Шадар сайд гээд төрийн өндөр алба олон жил хашсан туршлагатай хүн баймаар санагдах юм. Тиймдээ ч Ерөнхий сайд болно гэж зүтгэсээр байгаад гарч ирсэн хүн. Гэтэл түүнд улс орноо хөгжүүлэх, хүн ардаа сайхан амьдруулах бэлэн концепци, хэтийн төлөвлөгөө байгаагүй юм байна гэж бодогдохоор үг хэллээ. Түүнийг Ерөнхий сайд болоход “Хөдөлдөггүй хэдэн том төслүүдээ ажиллуулж эхлэх нь. Ажлын байр бий болгох нь, арай өөр шударга хүн гарч ирлээ” гэж найдан хүлээж байсан юм, олон түмэн. Харамсалтай нь, тэрбээр Ерөнхий сайдын албанд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө энэ тэр юу ч байхгүй, гар хоосон очсон юм байна. Тэр бүү хэл, долоохон хоногийн өмнө нь л юу хийх ёстойгоо ойлгожээ.
Манай улстөрчдийн ерөнхий мөн чанар, юу бодож төрд очдог нь ойлгомжтой юм. Өөрийнхөө фракцын хүмүүсээ дээш нь гаргахын тулд энийг хална, тэрийг хөөнө” гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй ирдэг. Хуучин бол манай намын хүн учраас ажилд авч, өөр намынхыг хална гэдэг байсан бол одоо нам харгалзахгүй эрх ашгаараа нэгдсэн фракц бүлэглэлийнхээ төлөө явдаг болсон. Үүнийгээ улстөр хийж байна, ажил хийж байна гэдэг. Улс удирдана гэдгийг халаа сэлгээ хийх хэмжээнд боддог юм байна. Одоогийн дарга нар ч бүгд ингэж 30 жил халаа сэлгээ хийх, төрөөс мөнгө идэхээ гол ажил хэмээн сэтгэж иржээ.
Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг “Та нар минь эр хүн шиг байгаач” ч гэх шиг илт хүйсээр ялгаварласан үг хэлээд авсан. Ингэж ярьж болох уу. “Байдгаа барьж хоёр хүүхдээ Германд сургаж байна” гэж зовлон тоочихоо мартсангүй. Тэгж зовж, ядарч зүдэрч байгаа юм бол аваад ирэх хэрэгтэй. Гэхдээ ийм үгэнд нь итгэх хүн гарахгүй л дээ. Дарга нарын хүүхэд хэзээ байтлаа өөрийнхөө мөнгөөр гадаадад сурч байлаа. Ер нь төрийн өндөр алба хаагчид өвдвөл Монголдоо эмчлүүлдэг, үр хүүхдээ Монголдоо сургадаг байх ёстой. Ийм хууль ч гаргасан буруутах юмгүй. Дарга нар нь өөрийн биеэрээ мэдэрч байж л Монголд эрүүл мэндийн үйлчилгээ хөгжиж, боловсрол нь бусдын дайтай хөгжих юм. Өнөөдөр манай төрийн өндөр албан тушаалтнууд хүүхдүүдээ гадаадад боловсрол олгож, өөрсдөө ханиад хүрсэн ч гадагшаа явж эмчлүүлж байгаа нь Монголдоо, монголчууддаа итгэдэггүйн том баталгаа. Итгэдэггүй гэхээсээ илүү эх орноо голж байгаа хэрэг. Өнөөдрийн Монгол бол эх оронч дүртэй улстөрчдийн 30 жилийн ажлын үр дүн юм.
Улс шиг улс байх, хөгжил дэвшлээрээ бусдын дайтай байхын тулд ажил хийх ёстой гэдгийг Монголын улстөрч дарга нар мартаад удаж байна. Эсвэл огт мэддэггүй ч юм уу. Юм л бол улстөр хийнэ гэж ярьцгаадаг. Тэр хийж байгаа улстөр нь хов жив хөөх,танай манай фракцаар нь хоморголон ажлаас нь халах, төрөөс мөнгө хулгайлж идэх төдий. Гэтэл төр барина гэдэг улстөржихөөс огт өөр зүйл билээ. Ард түмнээ ажилтай, ашиг орлоготой байлгахын тулд юу хийх ёстойгоо мэддэг, түүнийгээ төсөл хөтөлбөр болгож цэгцэлсэн, өөрийн гэсэн философи, концепцитэй хүн л төрийн өндөр албан тушаалын төлөө тэмүүлдэг байх ёстой. Ийм хүмүүсийг төрд гаргадаг болъё. Олон жил улстөрийн тогоонд чанагдаж, туршлагажсан байх ёстой гэж бодож, итгэж байсан У.Хүрэлсүх ингэж хийх юмаа мэдэхгүй явж байхад төрд гараад олигтойхон шиг ажиллачих хүн Монголд байна уу. Гучин жил сайхан ярилаа, улстөрчид маань. Хорин жилийн өмнө нефтийн үйлдвэртэй болноо л гэж ярьж байсан. Өнөөдөр нефтийн үйлдвэр бүү хэл бензингүй болчихоод хоорондоо хэрэлдээд сууж байна. Төмөр зам тавина гэсэн нь овоолсон шорооны үлгэр болчихсон. Эрүүл мэнд, боловсролын салбарыг дэлхийд тэргүүлэх хэмжээнд аваачна гэсэн. Хэдэн эмнэлэгтээ үзүүлэх гээд дарааллыг нь дийлэхээ больсон хүмүүс нөгөө ертөнцийг зорьсоор л байна. Дээд боловсролын диплом өвөрлөсөн чадваргүй цагаан гартнууд аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг хэрэглээд хэвтэж байна. Ажлын байрыг хэдэн зуун мянгаар нь нэмнэ гэсэн сайхан амлалт нь хаачив. Ажил хайгаад цөхөрсөн хүмүүс архиар сэтгэлээ засч өдөр хоногийг өнгөрөөж байна. Ард түмнээ сайхан амьдруулна гэж хичнээн ч жил ярив. Улаанбаатар чинь утаатай, улс Монгол чинь ядруухан л байна шүү.