Английн Премьер лигийн Ливерпүүл клуб өнгөрсөн шөнө өөрийн талбайдаа 30 жил хүлээсэн аваргын цомоо хүртлээ. Цом өргөх үйл ажиллагааны дараа багийн дасгалжуулагч Юрген Клопп хөгжөөн дэмжигчиддээ хүндэтгэл үзүүлж “Бид энэ цомыг фэнүүдийнхээ өмнөөс хүртлээ” хэмээсэн юм.
Премьер лиг өндөрлөхөд нэг тойргийн тоглолтууд дутуу байгаа ч Ливерпүүл клубийн хувьд 2019-2020 оны улиралд талбайдаа хийж буй хамгийн сүүлийн тоглолт байсан учраас ийнхүү цом өргөх ёслол Энфилд цэнгэлдэх хүрээлэнд болсон. Ёслолын өмнө тэд Челси клубтэй ойрд үзэгдээгүй нээлттэй тоглолт хийж 5:3 харьцаагаар хожсон юм.
Английн дээд лигийн 19 дэх, Премьер лиг гэх нэр тодотголтой болсноос хойш анхны цомоо өргөж буй Ливерпүүл клубийн ахлагч Жордан Хэндерсон Твиттер хуудаснаа “Боломжгүй зүйл гэж үгүй. Итгэхээ бүү зогсоо” хэмээн баярын сэтгэгдэлээ хуваалцсан байна.
Коронавируст цар тахлын улмаас лигийн тоглолтууд үзэгчгүй, хаалттай хаалганы ард болсон бөгөөд аваргын цом өргөх мөчид хөгжөөн дэмжигчид байгаагүй. Үзэгчгүй хоосон цэнгэлдэх хүрээлэнд цом өргөх нь өмнөх жилүүдэд байгаагүй хачирхалтай, бас бага зэрэг гунигтай үзэгдэл болсон юм.
Т. Батлхагва