Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ё.Отгонбаяр: АНУ-ын зах зээлд манай улс 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт эдэлдэг

Монгол Улсaас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа.


-Саяхан манай улсад АНУ-ын сангийн дэд сайд айлчилж Монгол Улсыг саарал жагсаалтаас гарахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Ямар дэмжлэг бидэнд үзүүлэх вэ?

-АНУ-ын сангийн яамны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг хариуцсан орлогч сайд Маршал Билингсли манай улсад айлчлаад буцлаа. Монгол Улс өнгөрөгч аравдугаар сард саарал жагсаалтад орсон.

Саарал жагсаалтад орсон үндсэн шалтгаан бол гишүүн орнуудад тавигддаг шууд биелүүлэх шаардлагаас дөрвийг нь биелүүлээгүй гэж байгаа юм. Энэ дөрвөн шаардлагыг биелүүлэхэд АНУ-аас шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх, хүн сургаж өгөх, сургалтыг Монголд явуулахад хүн авчрах зэрэг туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Одоогоор тэрхүү дөрвөн шаардлагаас хоёр нь биелчихсэн.

Нэгдүгээрт, үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг УИХ шинэчлэн баталлаа. Парисын хурал явж байх үед дөнгөж энэ хууль батлагдаж байсан учраас үр дүнгээ тооцуулж чадаагүй. Одоо үр дүнг нь тооцуулах боломжтой.

НҮБ-ын аюулгүй зөвлөлийн хориг арга хэмжээний тогтоол гэж байдаг. Тэр хориг арга хэмжээний тухай тогтоолоор БНАСАУ-ын ажиллах хүчийг арванхоёрдугаар сарын 22-ноос өмнө нутаг дэвсгэрээсээ гаргах ёстой гэж заасан. Энэ ажил үндсэндээ бас л биелчихсэн. Тиймээс бид хоёр зүйл заалтыг нь биелүүлчихсэн гэж үзэж болно.

Харин одоо хийх шаардлагатай хоёр ажил байгаа. Нэгдүгээрт, банк бус санхүүгийн байгууллагууд, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг иргэд байгууллагуудын орлогод хяналт тавих юм. Түүгээр дамжиж мөнгө угаах юм уу сэжигтэй санхүүжилтүүд явахгүй байх хяналтыг тавихтай холбоотой асуудал байгаа.

Тэгэхээр эхлээд бид эрсдэлийн үнэлгээгээ гаргаад дараа нь журмаа боловсруулж хэрэгжүүлэх ёстой. Энэ тал дээр АНУ-ын сангийн яамны ажилтан манайд ирчихсэн ажиллаж эхэлсэн.

Энэ арга хэмжээгээ хийгээд хяналтын тогтолцоогоо үр дүнтэй ажиллаж байгаагаа харуулах ёстой юм. Үүнд иргэдийн хамтын ажиллагаа нэлээд шаардлагатай болно. Хоёрдугаарт, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэргийг илрүүлэх, мөрдөн байцаах, ял оноох явцыг эрчимтэй болго гэж байгаа. Манайд энэ ангиллын гэмт хэрэг нээгддэг мөртлөө шийдэгддэггүй гээд байгаа.

Тэгэхээр манайхыг мөнгө угаахтай үр дүнтэй тэмцэж чадахгүй байна гэж үзээд байгаа юм. Жишээ нь, хил дамнуулан их хэмжээний бэлэн мөнгө авч гарах, оруулж ирэх асуудлуудтай тэмцэх шаардлагатай. Энэ тал дээр СЗХ, Сангийн яам, Хууль зүйн яам, ШЕЗ зэрэг олон байгууллагын хамтын ажиллагаа шаардагдана. Сая Засгийн газрын хурлаар энэ асуудал хэлэлцэгдээд Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.

-Энэ ажлууд хийгдээд эхэлчихвэл саарал жагсаалтаас манайх хэдийд гарах вэ?

-Бид ирэх жилдээ багтаж саарал жагсаалтаас гарах зорилт дэвшүүлж ажиллаж байна. АНУ-ын талаас ч техникийн туслалцаа дэмжлэгээ аваад ажил хэргээ үр дүнтэй хийвэл ирэх жил саарал жагсаалтаас гарах бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

-Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахгүй байх тал дээр таныг нэлээд ажилласан гэж сонссон. Саарал жагсаалтад орохгүй байх бололцоо байсан уу?

-Миний хувьд саарал жагсаалтад оруулахгүй байх тал дээр туслалцаа дэмжлэг үзүүлээч гэж АНУ-ын засаг захиргаатай ажилласан. Дөрвөн асуудлаа эртхэн шийдсэн бол манайх саарал жагсаалтад орохгүй байх боломж байсан байх.

Өнгөрсөн зунжин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцээд өөр хууль хэлэлцэж амжаагүй. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эсрэг хуулиа бид үндсэндээ үнэлгээ нь гарч байхад хэлэлцэж байсан. Одоо түргэхэн саарал жагсаалтаас гарах нь л чухал. Ингэснээр эдийн засагт сөрөг үр дагавар аль болох бага үүснэ.

Энэ тал дээр АНУ-ыг туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа. Гэхдээ АНУ гэдэг нэг л улс. Тэнд олон улсууд байгаа. Тэр улсуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Сая зохион байгуулагдсан элчин сайдуудын зөвлөгөөний үеэр холбогдох албан тушаалтнууд элчин сайд нарт холбогдох улс орнуудад энэ талаар мэдээлэл өгч ажиллахыг хүссэн.

-Ерөнхийлөгч өнгөрөгч долдугаар сард АНУ-д айлчилсан. Монгол Улс АНУ-тай стратегийн түншлэлтэй боллоо. Энэхүү айлчлалд таны нөлөө их байсан. Ерөнхийлөгчийн айлчлалыг дүгнэж хэлэхгүй юу?

-2019 оны хувьд Монгол Америкийн харилцаанд эргэлт гарсан он гэж хэлж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгч Трамптай яриа хэлэлцээ хийсэн. Хэлэлцээр бидний санаснаас нэлээд урт, дэлгэрэнгүй болсон.

Хамгийн гол үр дүн нь хоёр орны хооронд стратегийн түншлэлийн тухай тунхаг бичиг гаргалаа. Энэ бол 2016-2020 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусчихсан арга хэмжээ байсан. АНУ 16 улстай стратегийн түншлэлтэй. Манай улсын хувьд таван улстай стратегийн түншлэлтэй.

Дэлхийд 200 гаруй улсаас бид нэлээд онцлог нөхцөл рүү орж ирж байгаа юм. Энэ бол Монгол Улсын гуравдагч хөршийн үзэл баримтлалын хүрээнд хийгдэж байгаа ажил. Монгол Улсын цаашдын бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал зэрэг ойлголтуудад олон улс биднийг дэмжиж байвал хэрэгтэй. Мөн гуравдагч хөршийн худалдааны хууль санаачлагдан АНУ-ын конгресст өргөн баригдсан.

Энэ хуулийг урагшлуулахад Ерөнхийлөгчийн айлчлал нэлээд түлхэц болсон. Өөрөөр хэлбэл, АНУ-ын ерөнхийлөгч нь дэмжиж байна гэдэг тэр хуулийг конгресст хэлэлцэх явцад гүйцэтгэх засаглал нь шууд нөлөөлөхгүй ч конгрессын гишүүд нь дэмжих байх гэж бодож байгаа.

Сая АНУ-ын ерөнхийлөгчийг огцруулахтай холбогдсон үйл явц өрнөчихсөн болохоор манай хуулийг одоохондоо хэлэлцэж чадахгүй байна. Энэ хууль он гараад нэг тийшээгээ болох байх. Одоо энэхүү хууль маань конгрессын доод төлөөлөгчдийн танхимд 48 хүн санаачлагчаар орсон. Америк нэлээд улстөржсөн байгаа өнөөгийн нөхцөлд хоёр гол улс төрийн намын дэмжлэгтэй хууль гэдэг утгаар амжилттай явчих байх гэсэн бодолтой байгаа. Сенатад 15 сенатор санаачлагчаар орсой. Энэ бүгдээс харахад манай хууль хэлэлцэгдээд эхэлбэл батлагдах бүрэн магадлалтай.

-Гуравдагч хөршийн хууль хэрэгжсэнээр манайд эдийн засгийн ямар боломжууд нээгдэх вэ?

-Хуулийн гол үзэл санаа нь ноолууран бүтээгдэхүүн, сүлжмэл бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт эдлүүлэх юм. Манайх далайд гарцгүй учраас манайд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн АНУ-ын зах зээл дээр гарахын тулд далайд гарах тээврийн зам хэрэгтэй болно. Тэгэхээр бид далайд гарцтай оронтой өрсөлдөхийн тулд илүү хямд байх ёстой.

Хэрвээ манай бүтээгдэхүүн татваргүй ордог болчихвол хөнгөлчихсөн байгаа татвар тээврийн зардлын илүүг нөхөөд адилхан үнэтэй бүтээгдэхүүнтэй болох юм. Бид үнэхээр чанартай хийж чадаж байвал өрсөлдөх боломж бий болно гэсэн үг.

Зах зээлийн хувьд маш ергөн боломж нээгдэж байгаа. Жишээ нь, Говь компани өнгөрөгч есдүгээр сард төлөөлөгчийн газраа Америкт нээсэн. Говь компанийн удирдлагууд маш сайн борлуулалттай явж байгаа гэж хэлж байна лээ. Тэр зах зээл хөндөгдөөгүй цоо шинэ зах зээл. Говь компанийн цаана олон ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид байгаа.

Тэдэнд Америкийн зах зээлд гарахад нь хэрхэн туслах талаар АНУ-ын талтай ярилцсан. Ирэх оноос USAID-ийн шугамаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх шийдвэр гаргасан. Мэргэжлийн маркетингийн хүмүүсийг мөнгөөр хөлслөөд манай компаниудад АНУ-ын зах зээлд гарахад юуг анхаарах талаар зөвлөгөө өгөх юм.

-Манай улсаас АНУ-д татваргүй гаргадаг хэд хэдэн бүтээгдэхүүн байдаг. Бизнес эрхлэгчид маань үүнийг хэрхэн ашиглаж чадаж байна вэ?

-Манай бизнес эрхлэгчид аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлээд АНУ-ын зах зээлд борлуулахад манайх татварын хөнгөлөлт эдэлдэг. Татварын хөнгөлөлт эдэлдэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Бид арьс ширээ боловсруулаад аяны цүнх үйлдвэрлэн АНУ-ын зах зээлд борлуулахад татвар төлөхгүй. Эдгээр зүйлсээ сайн ашиглах хэрэгтэйг Америкийн тал хэлж сануулж байгаа.

Хууль батлуулахгүйгээр бэлэн боломж байгааг хэлэх нь зүйтэй. Сая Элчин сайд нарын зөвлөгөөнөөр Булгиар ХХК-ийн үйлдвэртэй танилцах үед арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны хүмүүс ирсэн байсан. Бид холбоо харилцаа тогтоох тухай ярилаа. Энэ онд Дэлхийн банкны байранд Монголд үйлдвэрлэв үзэсгэлэн гаргасан. Маш олон үйлдвэрлэгчид оролцсон. Үр дүнтэй ч болсон.

-Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр голлон ямар асуудал хэлэлцэв?

-Гадаад харилцааны салбарт ямар бэрхшээл үүсэж байгаа талаар ярилцсан. БСШУСЯ-тай тусгайлан уулзалт хийлээ. Энэ салбар бүх улс орнуудтай томоохон хамтын ажиллагаанд орж явдаг. Манай улсаас АНУ гэхэд 3,500 хүн сурч байна. HU band Америкт маш амжилттай аялан тоглолт хийлээ. Энэ бол үргэдэж алга болохгүй баялаг. Энэ чиглэлийн экспортыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

Солонгосын к-поп жилийн 5 миллиард доллар олдог. Бид цаашдаа энэ чиглэлийн экспортыг аж нэмэгдүүлэх талаар ярилцсан. Ганцхан урлагийн тоглолтоор хязгаарлахгүй л дээ. Ирэх жил морин хуурын чуулгыг АНУ-д тоглолт хийлгүүлэхээр бэлдэж байна.

Намайг энд байх хугацаанд хамтлаг дуучид уулзаж байна. Ирэх онд динозаврын үзэсгэлэн гаргая гэдэг зорилт тавьж байгаа. Он гарангуут АНУ руу хууль бусаар гарсан динозаврын хоёр том хэсэг яс ачилтад орно. Дахиад хоёр ч яс буцаагдах асуудал хөндөгдсөн. БСШУСЯ-ны удирдлагуудад манайд яс байгаа юм чинь олон мянган доллар зарж тэндээс дахиад авчирч байхаар тэнд нь үзэсгэлэн гаргая гэсэн санал тавьсан.

Дахиад ч олон яс байна гэсэн мэдээлэл байгаа. Ачигдаж байгаа яс америкийн шүүхийн процессоор дамжаад АНУ-ын засаг захиргаа, шүүхэд нь 450 мянган ам.доллар төлж байж авч байгаа. Яс болгоныг тэгж авахгүй байх л даа. Гэхдээ бид аль болох зөв замаар бүрдүүлье гэж ярьж байгаа юм. Ингэхээр аялал жуулчлал болон улсад ч орлого болж ирнэ.

-Манай хоёр улсын хоорондын визний асуудал хэр хөндөгддөг вэ. Америкийн тал визний асуудал дээр манай улсад ямархуу хандлагатай байдаг юм бэ?

-Мэдээж хэрэг манай тал АНУ-д визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавьдаг. Тэрхүү нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хэд хэдэн чухал алхмууд хийх ёстой. Нэгдүгээрт, одоо зорчиж байгаа иргэд АНУ-ын хууль тогтоомжийг зөрчихгүй байх тухай асуудал. Энэ асуудлын хүрээнд Хариуцлагатай аялъя аян хоёр талаасаа хамтарч өрнүүлсэн. Энэ аяны хүрээнд 2018 оны байдлаар визний хугацааг зөрчиж байгаа зөрчил хоёр дахин буурсан.

Зөрчлөө бууруулаад ирэхээр АНУ дараагийн алхмаа хэрэгжүүлнэ гэж байгаа юм. Дараагийн алхам нь урагшилсан. Өөрөөр хэлбэл, Н2 буюу хөдөлмөрийн ангиллын визээр Монгол Улсын иргэд зорчоод эхэлсэн. Одоогийн байдлаар 200 гаруй иргэн АНУ-ын мужуудад хөдөлмөр эрхэлж байна. Энэ бол богино хугацааны хөдөлмөр эрхлэх улирлын ажлын виз.

Энэ визээр зорчиж байгаа иргэд визнийхээ хугацааг зөрчихгүй байх хэрэгтэй. Визийн дүрэм зөрчвөл Америкаас гарч чадахгүй. Гарчихвал эргээд орж чадахгүй. Насан туршийн асуудал болно. Тиймээс иргэд визний хугацаандаа зорчиж байх хэрэгтэй. Энэ бүгд амжилттай өрнөөд байвал дараагийн алхмаа хийж болно шүү дээ. Зарим нэг визийн онцгой дэглэмтэй мужуудад Монгол Улсын иргэдийг визгүй зорчуулах асуудлыг судалж үзээч гэх хүсэлт тавьсан.

Түүнчлэн 2019 онд манай хоёр орны түүхэнд анх удаа консулын зөвлөгөөн хийсэн. Монгол Улсын зорчиж байгаа иргэдийнх нь тоо бага учраас ажлын журмаар шийдэж болно гэж олон жил явсан. Иргэд маань хариуцлагатай зорчоод эхлэхээр АНУ-ын тал зөвлөгөөн зохион байгуулж байгаа юм.

– Сүүлийн үед манай улсын дипломатууд хар тамхины хэрэгт холбогдсон талаар ихээхэн дуулдах болсон. Энэ тухайд та юу хэлэх вэ. Ер нь дипломатууд үүргээ сайн гүйцэтгэж байна үзэж байна уу?

-Энэ бол гэмт хэрэг. Тэр хүн тухайн орныхоо хууль тогтоомжийг зөрчиж байна. Энгийн тамхины наймаа ч гэмт хэрэг ш дээ. Энэ асуудал дээр тэмцэнэ гэдгээ яамны удирдлага болоод Ерөнхий сайд ч анхааруулж хэлж байна лээ. Хяналт тавьж чадахгүй бол Элчин сайдыг нь эргүүлнэ дуудна гэсэн. АНУ-д ийм асуудал гарч байгаагүй байх. Би лав дуулаагүй. Европт олон улсууд байдаг учраас хил гаалийн журмыг нь зөрчих зүйлс гарч байгаа.

Зарим нь кадр дипломатууд биш. Өөр байгууллагаас томилогдсон хүмүүс ийм зүйл хийж байна гэж ярьж байгаа. Өмөөрөх сэдэв биш. Бүх насаараа энэ ажилд бэлтгэгдээд ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүндийг булингартуулж байгаа нь харамсалтай. Гадаад яамны үндсэн ажилтнууд дотроос тийм тохиолдол гараагүй.

-АНУ болон манай улсын харилцаа ямар түвшинд явж байна вэ?

-Харилцаа бүх салбарт идэвхтэй явж байна гэж хэлэхэд болно. Сая ирсэн сангийн сайд сүүлийн найман cap сүүлийн найман жил ирснээс олон хүн ирсэн гэж байна шүү хэмээн хошигнож байна лээ.

2019 онд гэхэд АНУ-ын батлан хамгаалахын сайд томилогдоод анхны гадаад айлчлалаа Монголд хийсэн. Тэр бол чухал ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл. АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлыг асуудал хариуцсан зөвлөх нь анх удаагаа Монголд айлчилсан. Одоо албан тушаал дээрээ байхдаа Монголд ирж байсан тохиолдол байхгүй.

Энэ бүхэн хоёр орны харилцлаа ямар идэвхтэй байгааг харуулж байгаа юм. Манай цэргийн албан хаагчдыг сургах, дадлагажуулах, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоход нь бэлтгэлийг нь хангаж өгөх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг идэвхтэй ажлууд явж байгаа.

Дутагдаад байгаа асуудал маань эдийн засгийн хамтын ажиллагаа гэж үзэж байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагаан дээр Америкийн тал ноолуур дээр урагшаа алхам хийгээд өгч байна. Мөн тус улсаас стандарт хангасан зүйлс оруулж ирэх бололцоо байгааг хэлж байгаа. Манай бизнес эрхлэгчид л идэвхтэй ажиллах хэрэгтэй. Цаашдаа ХАА-н салбарт хамтарч ажиллах нь зүйтэй. Маш их боломж байгаа гэж үзэж байгаа.

Max гаргахын тулд АНУ-ын стандартын шаардлагад нийцсэн мал эмнэлэгтэй байх ёстой. Энэ асуудлыг идэвхтэй ярьж байна. Ирэх онд энэ чиглэлд ажлууд хийнэ гэсэн бодолтой байгаа. Манай талаас Таван толгой компани IPO гарвал АНУ-ын хөрөнгө оруулагчдыг татаж оруулж ирэхэд ихээхэн анхаарч ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *