Categories
мэдээ нийгэм

Ё.Баатарбилэг: Хувийн сургуулиуд шаардлагатай мэргэжилтэнг бэлтгэх сул орон зайд чиглэх хэрэгтэй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг хувийн их, дээд сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад 39 их, дээд сургуулийн удирдлага оролцож, санал бодлоо хуваалцсан юм.

Нэг талаар сургалтын, нөгөө талаар бизнесийн байгууллага болох хувийн их, дээд сургуулиудын дунд маш хариуцлагагүй, стандартын бус байр танхимтай, магадлан итгэмжлэгдээгүй сургууль цөөнгүй бий. Магадлан итгэмжлэгдээгүй сургуульд суралцагч оюутан боловсролын зээлийн сангаас зээл авах боломжгүй, гадаадад шилжин суралцахад кредит оноо нь хүлээн зөвшөөрөгдөхгүй зэргээр эрх ашиг нь зөрчигдөж байдаг. Ийм сургуулиуд сайн ажиллаж байгаа хувийн их, дээд сургуулийн нэр хүндийг унагаж байгааг энд ирсэн удирдлагууд хүлээн зөвшөөрч санал бодлоо хуваалцлаа.

БСШУСын сайд Ё.Баатарбилэг, Их дээд сургууль төгсөгчид мэргэжлээрээ ажиллах нь бага байна. Тиймээс ойрын тав, арван жилд эрэлттэй байх, эрэлтгүй болох мэргэжлийн чиг баримжааны судалгааг нарийн гаргах чиглэл холбогдох газарт өгсөн. Эрэлтгүй болох мэргэжлүүдээр мэргэжилтэн бэлтгэхийг хумих бодлого барих болно. Харин эрэлттэй, хүнд учраас оюутан элсдэггүй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх тохиолдолд төрөөс тухайн суралцагч болоод сургуулийг дэмждэг тогтолцоог бий болгохын төлөө ажиллана гэлээ. Босго онооны тухайд тодорхой цензур байх ёстой. Дээд боловсролын зах зээл дээр өрсөлдөж нэр хүндээ сайжруул, нөгөө талаар хүүхдүүд их дээд сургуульд орохын тулд хичээдэг болох хэрэгтэй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа мөн сайд хэллээ.

Салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Боловсролын багц хуулийг намрын чуулганаас өмнө бэлэн болгож өргөн мэдүүлнэ. Зөвхөн өөрийн сургуулийг ярих биш харин Монгол Улсын дээд боловсролын тогтолцоо гэх өргөн хүрээнд харж, нэгдсэн санал танилцуулах чиглэлийг хувийн их, дээд сургуулийн удирдлагуудад өгөв.

Боловсролын үнэлгээний төвд өгсөн үүргийн дагуу түүврийн аргаар хувийн их, дээд сургуулиудад гэнэтийн шалгалт хийнэ. Сургалтын чанар, оюутны мэдлэг ямар байгааг ийм байдлаар харьцуулж үнэлэх шаардлага байгааг дурдлаа.

Их сургууль байх гэж улайрах биш, зах зээлээ мэдэрч сул байгаа орон зайд чиглэхийг сайд санууллаа. Өөрөөр хэлбэл, их сургууль байж чадахгүй бол дээд сургууль бол, дээд сургууль байж чадахгүй нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болж шаардлагатай байгаа мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *