“Өдрийн сонин”-ы 2017.09.01-ний баасан гаригийн №186(5753) дугаараас авч нийтлэв.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.
-УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлаар хоёр өдөр хуралдсан боловч шийдэлд хүрч чадсангүй. Танай бүлгийн гишүүдийн байр суурь ямар байгаа юм бол?
-Энэ асуудлыг манайхан нам дотроо нэлээд ярих байх. бүлгийн зарим гишүүдийн зүгээс Засгийн газрыг огцруулахаар албан бичигт гарын үсэг зураад түүнийгээ өргөн барьчихсан болохоор зайлшгүй хэлэлцэж таарна. нөгөө талаасаа Засгийн газрын үйл ажиллагааг цаашид энэ хэвээр нь үргэлжлүүлэх гэдэг агуулгаар биш намын Бага хурлаараа бүх асуудлуудаа хэлэлцээд Засгийн газарт дүнгээ тавих ёстой гэдэг байр суурьтай гишүүд ч бий. Ийм байр сууриуд нэлээд байгаа тул бүлэг дээрээ удаан хугацаанд ярьцгаалаа.
-Таны хувьд Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зураагүй. Тиймээс Засгийн газар цаашид энэ хэвээрээ ажиллах ёстой гэж үзэж байгаа юу?
-Гишүүд Засгийн газрыг огцруулах бланк дээр гарын үсэг зурах, эс зурах нь өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал. Гишүүн бүр сонгогдсон өөрийн сонгогчид, нам хамт олонтой, өөрийн итгэл үнэмшилтэй. Энэ хүрээнд шийдвэрүүдээ гаргаж байгаа байх. Миний хувьд ямар ч байсан Ман-ын бүлэг эв нэгдэлтэйгээр энэ бүхний ард гарах ёстой гэж бодож байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамааруулан Засгийн газрыг огцруулах гэж байгаа бол энэ нь буруу. Сонгуулийн ялагдалд маш олон хүчин зүйлс нөлөөлсөн. Ганцхан Засгийн газрын үйл ажиллагаанд өгсөн үнэлэлт дүгнэлт гэж өрөөсгөлөөр харж болохгүй. 60 тэрбумын асуудлаас эхлээд сонгуулийн зохион байгуулалт гээд янз бүрийн тактикийн асуудлууд бий. Энэ мэтчилэн олон асуудлаас зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааг нь сугалж аваад үүнээс л болоод ялагдчихлаа гээд ярьж байгаа нь буруу юм. Тиймээс нөхцөл байдлыг өргөн хүрээнд, цогцоор нь авч үзэх ёстой. сонгуулийн асуудлуудаа намынхаа хурал дээр яриад явах нь зөв. Намын Бага хурал хуралдаад Засгийн газрыг цаашид ажиллуулах шаардлагагүй гэвэл шаардлагагүй л юм байгаа биз. Бага хурлаас шийдвэр гарах ёстой. Ерөнхий сайдын асуудал ярьж байгаа бол намын Бага хурлаас шийдвэр гарах учиртай.
-Одоо бол Бага хурал энэ тэр хамаагүй шууд л бүлгийн хэдэн гишүүний хүрээнд огцруулах гээд улайраад байгаа юм биш үү?
-Намын Бага хурлаас сонгогдсон Ерөнхий сайдын асуудлыг яахаараа Бага хурлаар авч хэлэлцдэггүй юм. Намын дүрмээрээ сонгуулийн үр дүнг Бага хурлаараа хэлэлцдэг. Энэ зарчмаараа явъя л гэж байгаа юм. Хэрэв дүрэм журмаа огоорон дураараа шийдвэр гаргаад явчихаж болдог юм бол юунд захирагдаж явах юм бэ. Ёстой зах замбараагүй зүйл болно.
Нөгөө талдаа төсөв хэлэлцэх дөхчихсөн, зуншлага тааруу байсан тул өвөл хүндхэн болж мэдэхээр байна. Ялангуяа төсвийн тодотгол хэлэлцэж эхлэх гэж байгаа энэ үед тогтворгүй байдал үүсгэснээс болж хүндрэл гарах вий, цаашлаад төсвөө баталж чадах уу үгүй юу гэдэгтээ тулна. Дараагийн Засгийн газарт ямар хүмүүс байх юм гээд ямар ч ойлголт алга байна шүү дээ. Ийм тодорхойгүй, булангийн цаадах нь харагдахгүй байгаа ийм нөхцөлд би шийдвэрээ гаргахдаа хариуцлагатай хандана.
-Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийг харсан байх. Зарим нь огцруулах үндэслэл биш гурван шалтаг бичсэн байна гэх юм байна шүү дээ?
-Гурван үндэслэл гаргаж ирэн тавьсан байна лээ. Засгийн газрын үйл ажиллагаанд дутуу гачуу зүйлс бий. Бүлэг дээрээ ч энэ тухай хэлдэг. Гэхдээ бүгдийг нь харлуулж болохгүй. -1.6 хувийн эдийн засаг хүлээж аваад нэг жилийн дотор 5.3 хувийн эдийн засгийн өсөлт гаргачихсан, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихсан, хөрөнгө оруулагчдын итгэл наашилчихсан байна. Засгийн газар байгуулагдаад нэг жил л болж байгаа шүү дээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дөрвөн жилээрээ батлагддаг. Ажлууд эхнээсээ хийгдэж байгаа. Ялангуяа Засгийн газрыг сонгуулийн дүнтэй холбож байгаа нь буруу. Нөгөө талаараа Засгийн газрын бүх зүйл сайн сайхан яваа гэдэг ч худлаа. Зарим нэг сайд нартай холбоотой асуудлууд гарч байгаа. Энэ хүрээндээ тодорхой сайд нартаа хариуцлага тооцоод явахыг үгүйсгэхгүй. Засгийн газрын энэ асуудлуудыг нам дээр хэлэлцэх учиртай. Яагаад гэвэл сонгуулийн дүнтэй холбож байгаа учраас. Сая сонгууль болоогүй үед яригдсан бол энэ цэвэр парламентын асуудал. Хамгийн гол үндэслэл нь өргөх бичиг барихдаа гурван үндэслэл яриад байгаа боловч одоо ярьж байгаа зүйлс нь намын сонгуулийн ялагдалтай холбож яриад байгаа нь буруу.
-Намын даргын суудлын төлөөх тэмцэл хурцдаж байна гэдэг зүйл яригдаад байгаа. Засгийн газрын гишүүд хоорондын энэ байдлыг та юу гэж харж байгаа вэ?
-Өмнө нь манай намд ийм зүйл болж байгаагүй. Манай нам сөрөг хүчинтэйгээ ч хамтран Засгийн газарт ажиллаж байсан. Ялангуяа Ерөнхий сайд, Шадар сайд нарын хооронд ийм зүйл болж байсныг мэдэхгүй юм. Зарчимгүй л зүйл болж байна. Нөгөө талдаа намын даргын асуудал намын хурлаар шийдэгддэг тийм л зүйл. Засгийн газар дээрээ толхилцоод намын дарга болдог зүйлийг би лав мэдэхгүй. Намаараа л шийдээд явдаг. Энэ янзаараа явбал аль нь ч намын дарга болж чадахгүй. Болж буй бүх процессыг манай намынхан харж байгаа. Намын эв нэгдлээ сахиж чадахгүй, бүлгийн 65 гишүүнээ багцалж чадахгүй байж бүхэл бүтэн намын эв нэгдлийг хангаж явна гэж юу байдаг юм. Өнөөдөр болж буй цаг зуурын бэрхшээлийг даван туулахын тулд маш ухаалаг байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр 2020 хүртэл хэн нэгэн хүн манай намын эв нэгдлийг хангаад явна гэдэг хүнд асуудал шүү. Эв зүйгээ олоод цаашаа явах юм бол учиртай. Мэдээж улс төрийн хүчин учраас сөрөг хүчний зүгээс манай намын байр суурийг харж байгаа. Сөрөг хүчний зүгээс улс төрийн ямар алхам хийхийг хэлж мэдэхгүй байна. Ухаалаг шийдвэр гаргах хариуцлагатай цаг үед бид ажиллаж байгаа юм. Ерөнхий сайд, Шадар сайд, бүлгийн гишүүд, намын ерөнхий нарийн бичгийн дарга нартай биечлэн уулзаж намын эв нэгдлийг хангаж ажиллаач гэдгийг шаардсан.
-Та намын эв нэгдлийг хангах бүлэг байгуулсан гэв үү?
-Ямар нэгэн бүлэг байгуулж тасраад байгаа юм байхгүй. Би тийм ч хүн биш. Нөгөө талаараа намын эв нэгдлийг ярьж олон гишүүдтэй уулзаж, байж болох хувилбарууд, хүндрэлээс хэрхэн гарах вэ гэдгийг ярилцсан. Энэ нь зарим гишүүдэд тийм сэтгэгдэл төрүүлсэн байхыг үгүйсгэхгүй.
65 суудалтай эрх баригч нам өөрийнхөө Засгийн газрын асуудлыг ямар нэгэн өөр намын гишүүдгүйгээр дангаараа шийдэх хэрэгтэй. Түүнээс сөрөг хүчинтэй хамтраад өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагах нь байж болохгүй зүйл. Хэрэв тийм нөхцөлд хүрвэл улс төрийн намын хувьд том ялагдлын эхлэл болно.