Categories
гадаад мэдээ

Европын Холбоо харамсаж байна гэв DNN.mn

Олон улсад маргаан дагуулаад байгаа “гадаадын агентуудын тухай” хуулийг Гүржийн парламент эцэслэн баталсанд харамсаж байгаагаа илэрхийлж, энэ алхам нь Европын интеграцичлалд сөрөг үр дагавартай болохыг Еврокомисс анхааруулав. Мөн Европын Холбооны дээд төлөөлөгч, Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын төлөөлөгч Жозеп Боррель “Гүржийн парламент Венецийн комиссын уг хуулийг хүчингүй болгох талаар өгсөн хууль эрх зүйн тодорхой зөвлөмжийг үл тоомсорлон Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүчингүй болгож, “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийг батлан гаргасанд Европын Холбоо гүн харамсаж байна” гэж мэдэгдэв. Боррел Гүржийн парламентын баталсан хууль нь Европын Холбооны үндсэн зарчим, үнэт зүйлстэй зөрчилдөж байгааг Брюссель удаа дараа онцолж байсныг сануулан “Энэ хууль Гүржийн Европын Холбоонд элсэх замд сөргөөр нөлөөлнө” гэжээ. Жозеп Боррел мөн “Европын Холбоо болон түүний гишүүн орнууд энэхүү үйл явдалд хариу арга хэмжээ авах бүх хувилбарыг авч үзэж байна. Бид Гүржийн ард түмнийг дэмжиж, дийлэнх олонх нь Европын ирээдүйн төлөө сонголт хийж буйг хүлээн зөвшөөрч байна” гэж мэдэгдэв. Олон хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал болж байсан ч Гүржийн парламент тавдугаар сарын 14-нд “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийн төслийг баталсан. Тус улсын Ерөнхийлөгч Саломе Зурабишвили тавдугаар сарын 18-нд энэ хуульд хориг тавьсан. Арав хоногийн дараа Гүржийн парламент Ерөнхийлөгчийн хоригийг олонхын саналаар давж, эцэст нь уг хуулийг баталсан байна. Энэ шийдвэрийг 150 депутатаас 84 нь дэмжсэн бөгөөд бүгд эрх баригч Гүржийн мөрөөдөл намын гишүүд байсан аж. Харин энэ намын дөрөвхөн гишүүн эсэргүүцсэн санал өгсөн байна. Гүржийн мө[1]рөөдөл болон түүнтэй хамтран ажилладаг намууд парламентад олонх болсон тул Ерөнхийлөгчийн хоригийг цуцлах нь ойлгомжтой явдал байжээ. Одоо Гүржийн Үндсэн хуульд заасны дагуу “гадаадын агентуудын” тухай хуулийг гурав хоногийн дотор ерөнхийлөгч Зурабишвилид өргөн барих бөгөөд тав хоногийн дотор гарын үсэг зурах ёстой. Хэрэв Зурабишвили татгалзвал уг хуульд парламентын дарга Шалва Папуашвили гарын үсэг зурж, хэвлэн нийтлэх бөгөөд зургадугаар сарын эхээр хүчин төгөлдөр болно. Европын Холбоо, АНУ, Европын зөвлөл Гүржийн эрх баригчдыг энэ хуулийг эргүүлэн татахыг уриалж, энэ хуулийг баталснаар Гүржийн Европын Холбоонд элсэх замыг хаана гэж анхааруулсан. АНУ шинэ хуулийг дэмжигчдийн эсрэг визний хязгаарлалт хийж, Гүрж улсын хамтын ажиллагаагаа цогцоор нь авч үзнэ гэж мэдэгдээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *