Categories
мэдээ нийгэм

Явган хүний замын хавтан, авто замын хашлагыг стандартад нийцүүлэхийг зөвлөв DNN.mn

Нийслэлийн өнгө үзэмж, авто замын хөдөлгөөн нэвтрүүлэлт, замын даац, иргэдийн тав тухтай амьдрах орчинд нөлөөлж байдаг олон хүчин зүйл бий. Түүний нэг нь явган хүний зам, авто замын хашлага. Эвдэрч сүйдсэн, эмтэрч хагарсан, бутарч үйрсэн авто замын хашлага, явган хүний зам иргэдийн бухимдах, ая тухгүй зорчих хөдөлгөөнд саад болсоор байдаг. Тэгвэл замын хашлага, явган хүний замын хавтангийн чанар, стандарт, гомдол, асуудлын талаар мэргэжлийн байгууллагынхан хэлэлцүүлэг өрнүүллээ. Ашиг сонирхол, авлигын балагтай бүхэн чанаргүй, гүйцэтгэл муу, шахааны бизнес болон цэцэглэсэн байх нь элбэг. Тэгвэл нийслэлийн авто замд жил бүр сольж, нийлүүлэгддэг явган хүний замын хавтан, авто замын хашлага, бордюр дагасан авлига, бэрхшээл, асуудлыг АТГ-аас хөндөн тавилаа.Хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төв, Зам, тээвэр хөгжлийн төв, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн хотын стандарт, хяналтын газар, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”, Техник технологийн дээд сургуулийн Барилга замын материал судлалын итгэмжлэгдсэн лаборатори, мэргэжлийн холбоод, иргэн, компанийн захирал, авто замын инженер, барилгын инженер, зураг төслийн мэргэжилтэн зэрэг 50 гаруй төлөөлөл оролцов.

Явган хүний замыг нэгдсэн нэг төлөвлөлт, загвараар хийх нь хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх ёстой байтал стандарт хангасан хавтанг ашигладаг эсэх нь эргэлзээтэй гэлээ. Тухайлбал, жил бүр явган хүний замын хавтанг засахад тодорхой төсөв баталдаг, ажил гүйцэтгүүлэх тендер зарлаж, хяналт тавьсан нэрийдлээр чанаргүй ажлыг хүлээж авдаг, ажил гүйцэтгэх төлөвлөгөөт хугацаа нь тендерт тусгагдсаны дагуу 45 хоног хэдий ч явган замын хавтан тавьж буй “зарим аж ахуйн нэгжүүд ердөө арав гаруйхан хоногт ийж, хуучин хавтанг хуулалгүй, дээр нь 3-4 хуруу орчим элс дэвсээд, шинэ мэт болгон хүлээлгэн өгдөг” нь учир дутагдалтай байна. Авто замын хашлага, явган зам, талбайн хавтангийн төлөвлөлт болон барилгын ажилд тавих техникийн шаардлага, стандартыг хангахгүй байна. Авто замын хашлага, явган замын хавтанг шинэчлэн солихдоо хуучин авто замын хашлага, явган замын хавтанг хэрхэн шийдвэрлэх талаар ямар нэгэн тооцоо, судалгаа байхгүй, хэрхэн шийдвэрлэдэг нь тодорхойгүй байгаа нь авлигын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй талаар АТГ-аас тодотголоо.Энэ онд хийх тохижилт, бүтээн байгуулалт, явган хүний зам засвар, шинэчлэлийн ажлын чиглэлээр 14 байршилд 14,000м2 явган замын тохижилтын ажил, гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөгдсөн бөгөөд стандарт хангаж, гүйцэтгэгчтэй захиалагч тал нягт хамтран ажиллахыг зөвлөв.

Мөн явган зам, талбайн төлөвлөлтийн үйл ажиллагааг зохих хууль тогтоомжийн дагуу явуулдаг эсэх нь эргэлзээтэй байгаа тул АТГ-аас Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг тогтоох, цаашид гарахгүй байхад бодлогын арга хэмжээг авна. Үүний тулд АТГ-аас Зөвлөмж боловсруулсан бөгөөд уг Зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, Авлигатай тэмцэх газар хэрэгжилтэд нь хяналт тавих юм байна гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *