Categories
мэдээ цаг-үе

“Явдаг самбарууд”

ШУТИС-ийн
Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны салбар Интерьер дизайны ангийн
хоёрдугаар курсийнхныг “Нэг ангийнхан” буландаа урилаа. Тэд бусад оюутнууд шиг
гурав, дөрвөн пар хичээллээд гэртээ харьчихдаггүй. Ангидаа хичээл ном, цаас
харандаа болж өнждөг, орой 21 цагт жижүүртээ хөөгдөж барин сургуулиасаа гардаг
завгүйчүүд. Саяхан гэхэд л сургууль дээрээ дөрөв хонож рекорд эвджээ. Дизайн,
архитектор бэлтгэдэг их сургуулийн оюутнуудын оролцдог “Алтан хулгана” наадамд
бэлдэх гэж “Гэрээ мартсан Гэсэрүүд” болж. Ангидаа сандлаа налаад хонох энүүхэнд
бололтой. Сургууль дээрээ хоносон өглөө нь угаалгын өрөөнд “цочоох үзэгдэл”
болдог аж. Нэгдүгээр курсийн “шинэков”-ууд цочиж хараад жигтэйхэн байдаг гэнэ.
Үсээ самнаагүй, нүүрэндээ өнгө өнгийн будагтай нөхөдтэй таарсан хэн ч нүдээ
бүлтийлгэнэ л дээ.

Интерьер дизайныхан
бүгд цүнхний дайтай пеналтай. Урт урт шугам, бийр, усан будаг, маркер, харандаа
чихсэн аварга том пеналаас гадна планшет гэдэг томоо цүнхийг өдөр бүр үүрэх нь
үүрээд, чирэх нь чирээд явцгаадаг. Хичээл дээрээ зураач нарын хэрэглэдэг шиг
модон суурин дээр планшет дотроо хийсэн хатуу цаасаа гаргаж тавиад зурж,
шугамдах ажлаа эхэлдэг гэж ангийнх нь зөвлөх багш Н.Оргил тайлбарлалаа. Зөвлөх
гэдэг нь хуучнаар бол ангийн багш. Планшетээ үүрээд автобусанд орохоороо зай
эзэллээ гэж загнуулахаас гадна сонин хачин үг ч их сонсдог гэнэ. Нэг цагаан
сараар бүр “Бууз хийдэг хүүхдүүд үү” гэж асууж байж. Ангийнхнаа байсхийгээд
инээлгэх Б.Од-Эрдэнэ гэдэг өндөр хүү “Бид ч бас яах вэ үүрээд явчихдаг. Эд нар
л хэцүү. Хоёр хөл нь харагдвал их юм. Явдаг самбар гэцгээнэ шүү дээ, эднийг”
гээд ангийнхаа охид руу эрүүгээрээ дохиж инээдэм болов.

Ангийн охид гэдэг
нь Б.Уянга, О.Номгон хоёр. Уянга нь тийм ч намхан биш, нуруулаг цагаан охин юм.
Ийм нуруутай хүүхэд планшетийнхаа цаанаас харагдах төдий байдаг гэхээр үүрдэг
цүнх нь нэлээд том эд бололтой. Үе үе хэрсүү үг хэлсэн шигээ суух намуухан
дуутай охин нь Номгон. Яриасаг нүүрэмгий гэж жигтэйхэн У.Дөлгөөн эдний ангийн
бас нэг төлөөлөл. У.Дөлгөөн, О.Номгон, Б.Уянга, Б.Од-Эрдэнэ дөрөв ангийнхнаа
төлөөлж уулзсан юм. Интерьер дизайны анги 64 оюутантай, бараг аймаг бүрийн
хүүхдүүд бий гэнэ.

Мэргэжлээ сонгосон
шалтгааныг нь сонирхоход О.Номгон “Архитектор болох хүсэл миний хар багын
мөрөөдөл. Судлаад үзтэл нэг хэв маягт баригддаг, дотоод бодол үзэл санаагаа
гаргахад хүндрэлтэй юм шиг санагдсан. Дотоодоо бүрэн гаргаж илэрхийлэхэд
интерьер дизайны мэргэжил илүүг олж харсан” гэж ярилаа. Энэ мэргэжлийг дурлаж
сонгосон Б.Уянга “Хүсч сонгосон мэргэжил маань интерьер дизайн. Цар хүрээнд
баригдахгүйгээс гадна амьдралын хэв маягийг тодорхойлж өгдгөөрөө гоё. Хүний
сэтгэл зүй, мэдрэмжийг нарийн судалж, амьдрах орчныг нь бүрдүүлж өгнө гээд
бодохоор сонирхолтой санагддаг” гэсэн юм. У.Дөлгөөний хувьд архитектор болох
хүслээр шалгалт өгсөн ч оноо нь хүрээгүй учраас энэ ангид элсчээ. Одоо бол
мэргэжилдээ хайртай, цаашдаа илүү амжилттай ажиллах хүсэлтэй яваа аж. Сурч буй
мэргэжлээ “Архитектор инженер талдаа ойрхон бол интерьер дизайн илүү гоо зүй
тал руугаа” гэж тодорхойлов. Харин Б.Од-Эрдэнэ төлөвлөж байж сонгосноо ярив.
Эгч нь ийм мэргэжлээр төгссөн болохоор эргэлзэлгүйгээр сонгожээ.

Улс даяар урлагийн
наадам зохиодог оюутнууд

Интерьер дизайны
хоёрынхон нэгийнхэнтэйгээ хамт сургуулийнхаа “Про арте” клубийг ажиллуулдаг.
Оюутнуудын ажиллуулдаг клуб “Айфэ” гэдэг урлагийн фестивалийг улсын хэмжээнд
зохион байгуулдаг нь сонирхолтой санагдав. Үнэ төлбөргүй кино үзүүлж, уран
зургийн үзэсгэлэн дэлгэж, зурагт хуудас, богино хэмжээний кино, анимэйшн
бүтээлийн уралдаан зарлаж, шалгарсныг нь шагнаж урамшуулна гэдэг хэсэг оюутнууд
бүү хэл баргийн компанийн давчих даваа биш. Нэгдүгээр курстээ байхдаа зохион
байгуулсан урлагийн наадмынх нь үеэр нийслэлчүүд Өргөө кино театрт “Содура”
киног үнэгүй үзэж байж.

Эдний ангийн дарга
Г.Онон клубийнхаа маркетер гэнэ. Дөлгөөн “Манай Онон маркетингийн мундаг
авьяастай. Бидэнд юуных нь мөнгө байхав. Бүх юмаа л гуйж амжуулна. Урих
хүмүүсээ гуйна, кино гаргах, үзэсгэлэн дэлгэх газраа царайчилна. Урлагийн
наадам дээр “Содура”-г үнэгүй гаргах гээд “Өргөө” дээр очоод гуйсан чинь гурван
сая төгрөг гэсэн юм билээ. Ярьсаар байгаад 800 мянга болгосон. Урлагийн наадмын
үеэр сургуулийнхаа урлаг зааланд моно драмын Ц.Баясгалан жүжигчинг урьсан юм.
Онон маань Ц.Баясгалан жүжигчинг авчрах гэж араас нь гурван хоног гүйсэн. Сүүлдээ
бүр ширээнийх нь өнцөгт суугаад сөгдөөд гуйсан гэсэн. Ц.Баясгалан эгчийг “Миний
хүү нэг газар ингээд сууж байвал хэцүү юм даа” гэж бодтол гуйсан байгаа юм даа.
Тэгээд л зөвшөөрүүлчихсэн” гэж яриад хөгжилтэй инээв. Жилдээ нэг удаа урлагийн
наадам хийхээс гадна улирал бүр “Креатив майнд” гээд алдартай хүмүүсийн лекц
сонсох арга хэмжээг ч зохион байгуулчихдаг аж.

“Дэлхийн урлагийн
түүх”, “Монголын урлагийн түүх”, “Гоо зүй” гэсэн хичээлүүддээ илүү ойртохын
тулд дуурь, балет үзэцгээдгээ ярив. Дөлгөөн “Анх дуурь үзээд ерөөсөө ойлгоогүй.
Юу болоод байгаа юм бүү мэд гэж бодсоор дуусгасан. Дараагийн дууриа харин
нэлээд судалж байж үзсэн. Уншиж судлаад үзэхээр ойлгодог юм билээ. Одоо бол
дурлаж үздэг болсон. Гэхдээ балет нь бүр гоё” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. Интерьерийн
ангийнхан учраас тайзны засалт нь сонирхолтой санагддаг гэнэ. Тайзны засалт
гэснээс эдний ангийнхан мэргэжлийн хичээлүүд үзсэнээсээ хойш байшин, барилгын
хийц харсан шигээ алхах хоббитой болж.

Тоог нь арилтал
хэрэглэж байж “акталдаг” үнэтэй шугам

Чөлөөт цаг
гарахаараа юу хийдэг вэ гэсэн асуултад хэн нь ч ресторан, паб гэж хариулсангүй.
Б.Уянга чөлөө гарахаараа л унтаж амрахыг илүүд үздэг бол О.Номгон гэр бүлээрээ
агаарт гарах дуртай гэнэ. Харин У.Дөлгөөн “Жаахан зав гарвал гэрээ цэвэрлэж,
хоолоо хийдэг. Оюутан болсноосоо хойш фэйсбүүктээ ганц ч зураг нэмээгүй байна
лээ” гэж ярив. Гэртээ хариад зүгээр сууж болохгүй гээд өнөө том планшетээ
үүрээд автобусанд адлуулаад явдагаас нь харахад зав чөлөө багатай гүйцгээдэг нь
илт. Цаас, будаг, бийр, харандаа, маркер, өндөр үзүүлэлттэй таблет, нөүтбүүк
авах гээд зардал ихтэй болохоор өдрийн хоол идэхгүй өнжих өдөр олон гэнэ. Өдөрт
хоолонд орох гэж хармаалж ирсэн тав, гурван мянгаараа цаас авах тохиолдол
цөөнгүй гэж Б.Уянга ярив.

Хотынхон хооллохдоо
хэмнэхийг хичээдэг бол дотуур байрныхан нь харин боломжийн бололтой. Хөдөө
гэрээс нь ирсэн цагаан идээ, мах, боорцог гэдэс алдуулахгүйгээс гадна байр нь
ойрхон учраас өдөртөө очоод хооллочихдог юм байна. Оюутнуудад өгдөг автобусны
карт сард 22 удаа суух эрхтэй аж. Тэр эрхээрээ автобусанд зорчъё гэвэл өглөө
автобусдаад орой гэр рүүгээ алхахаас өөр аргагүй гэж оюутнууд ярьж байлаа.
У.Дөлгөөн нэг удаа автобусанд суух үеэрээ шугамаа хугалчихаад уйлахын наагуур
юм болж. Нэг нь гэхэд л 20 гаруй мянган төгрөгөөр үнэлэгддэг учраас тоог нь
арилтал хэрэглэж байж “акталдаг” аж. Цаас хиртүүлчихнэ гээд шугамаа байн байн
савандаж угаадаг болохоор бичиг нь амархан арилчих гээд байдаг гэнэ.

УИХ-ын гишүүдийг
таньдаггүй нэг үеийнхэн

Тэднээс хэрэг
болгож сонирхсон зүйл маань “УИХ-ын гишүүдийг таних уу” гэсэн асуулт.
Од-Эрдэнээс бусад нь гишүүдийг танихгүй, мэдэхгүй, мэдье гэж боддоггүй
гэцгээсэн юм. Од-Эрдэнэ харин “Улстөржих дургүй. Гишүүдийн ихэнхийн нь нэрийг
мэдэхгүй. Гэхдээ дээр байгаа хүмүүс ямар шийдвэр гаргаад байгааг сонирхдог”
гэсэн хариу өгөв.

Төгсөөд Монголдоо
ажиллах уу, гадаадад сурах уу гэж асуухад Б.Уянгаас бусад нь гадагшаа явж сурна
гэцгээлээ. Б.Од-Эрдэнэ “Гадагшаа явж мэргэжлээ дээшлүүлчихээд ирэхэд
Улаанбаатар жинхэнэ Old city буюу хуучин хот болно. Мэдээж цаашдаа том, гоё хот
болж сүндэрлэнэ. Тэр хотыг босголцоно” гэсэн бол У.Дөлгөөн “Би мөрөөдөх дуртай.
Төгсчихөөд сурах сургуулиа олчихсон. Европт хот төлөвлөлтийн архитектороор
сурна. Монголд тулгамдаж байгаа асуудал бол хот төлөвлөлт. Европын бүх хотууд
төлөвлөлт талдаа гайхалтай.

Эртний Грек Ром
гэхэд л барилга байгууламж нь маш нарийн хийцтэй байсан. Тэр бүхнийг судлаад
ирнэ” гэв. Харин О.Номгон “Орчин үеийн хүмүүсийн хандлага их гоё болсон. Ямар ч
хүн загвар бол амьдрах хүсэл эрмэлзэл гэдгийг ойлгодог болсон. Би төгсөөд гадны
улсаас туршлага судална гэж боддог. Франц гэх мэт илүү загварлаг орнуудад очиж,
нүдээ нээж байж Монголд шинэ нүд гарч ирнэ. Зөвхөн нэг хүрээнд сэтгээд байвал
шинэ бүтээлч санаа гарахгүй. Тэгэхээр заавал гадагшаа явна” гэсэн хэрсүү хариу
өглөө.

Б.Уянгын хувьд
төгсөөд хоёр жил ажиллачихаад гадны улсуудаар аялал хийхээр төлөвлөжээ. “Улс
орнуудын амьдралын хэв маягийг ойлгож авчихаад компани байгуулна даа” гэж
мөрөөдлөө хуваалцав. Бүгдээрээ л гадаадад сурч боловсорчихоод Монголдоо ирнэ
гэцгээж байлаа. Нэг ангийн дөрөвтэй хамт ирсэн хүү өөрийгөө Бат-Ирээдүй гэж
танилцуулсан юм. Өөр анги ч гэлээ интерьер дизайны хоёрынхонтой нэг ангийнхан
шиг ижилдчихэж. Бат-Ирээдүй ч бас энэ чиглэлээр суралцдаг юм байна. Сургуулиа
төгсөөд мөн л гадагшаа явахаар шийджээ. Гадаадад сурах гэж байгаа шалтгаанаа
“Улс орон болгоны дизайны чиг хандлага өөр өөр байдаг. Бүгдтэй нь танилцахад
шинэ санаа гарч ирнэ. Монгол Улсын хувьд дизайн гэсэн чиглэлийг ойлгоод нэг их
удаагүй. Дэлгэрч эхлээгүй байгаа. Тийм учраас үнэлж чаддаггүй. Төгсчихөөд
гадагшаа яваад хөгжөөд ирэхэд л дизайнеруудыг хүлээж авахад бэлэн байх болов
уу” гэж тайлбарлав.

Ангийнхантайгаа л хэл
нэвтрэлцдэг “дизайнерууд”

Дөлгөөн
“Найзуудтайгаа ярихаар яриа явдаггүй болчихсон байна лээ. Ангийнхантайгаа бол
ойлголцоод сайхан ярьж гарна шүү дээ” гэхэд бүгд л нээрээ тэгдэг шүү гэцгээж
байна. Эдний ангид сонсголгүй, хэлгүй нэг охин байдаг гэнэ. Сарангуа эхэндээ
ангийнхнаасаа санаа зовдог байсан ч одоо дунд нь ороод ярьдаг болжээ. Ангиараа
дохионы хэл сурсан болохоор харилцахад түвэг учирдаггүй аж. Хичээлийн үеэр
Сарангуагийнхаа ойлгохгүй байгааг багшдаа хэлж ангийнхаа охинд тусалдгаа ярив.
Сарангуагийн хэлснийг багш нь ойлгохгүй тохиолдолд ч түвэггүй ойлголцуулчихдаг
гэнэ.

Б.Од-Эрдэнэ “Хийж
байгаа нь биднээс хэд дахин илүү” гэж ангийн охиноо магтав. Өдөржин хамтдаа
будаг, цаастай холилдож өнждөг болохоор мэргэжлийнхээ тухай өөдрөг, мөрөөдөл
дүүрэн яриа өрнүүлэх сайхан гэсэн үгийг нэг ангийн дөрөвтэй хөөрөлдөж суухдаа
хэд хэдэн удаа сонссон юм. Хэзээний хэрсүү яриатай Номгон “Багш маань интерьер
дизайн гэдэг бол бурхадын мэргэжил гэж ярьдаг. Болоогүй юмыг зөгнөж ирээдүйн
загварыг хардаг, гаргадаг хүмүүс нь интерьер дизайныхан гэхээр сайхан
санагддаг. Өнөөдрийн бидний ширээн дээрээ тавиад самбар дээр тоо, дүрс, бичиг
харуулдаг проректор, лед дэлгэцийг өмнөх үе маань бүтээсэн. Ирээдүйд бүтээнэ
гэж байгаа жолоочгүй машины загварыг бид гаргана” гэж ярилаа.

Дуугаараа
ангийнхнаа уяраадаг Бадамаа нь хөл хүнд болжээ. У.Дөлгөөн “Гоё дуу сонсохоор
огшдог доо. Бадамааг ямар ч дуу дуулсан тийм мэдрэмж төрдөг. Тийм гоё дуулдаг
хүн бөндийчихөөд яваад байхаар хөөрхөн санагдаад байгаа юм чинь. Манай
ангийнхан харахаараа л өхөөрддөг юм” гээд хөгжилтэй инээв.

Ангийн гол дүрийн
баатруудын тухай яриулах гэтэл “Хэн нэг хүний онцлог гэхээс илүү бид чинь нэг
хүн шиг ижилдэж, нэгэн цул болсон” гэсэн үгийг У.Дөлгөөнөөс сонслоо. “Манай
ангийн уур амьсгал ийм гоё байгаагийн нэг том шалтгаан манай Оргил багш.
Нэгдүгээр курст ордог жил хичээл эхлэхээс хоёр хоногийн өмнө бүгд рүү нь залгаж
дуудаад уулзсан. Хамгийн анхны хичээлийн хуваарийн сонголтыг нэг бүрчлэн гаргаж
өгч байсан гээд бод доо. Хичээлээс гадна амьдрах ухаан заадаг” гэж Номгоныг
хэлэхэд Од-Эрдэнэ “Багш гэхээс илүү ангийн залуу гэж боддог ш дээ” хэмээн
хошигнов.

Ц.Баасансүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *