Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн мэдлэг, санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Ятгах тусам Нягтал” арга хэмжээг энэ оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд Монгол банк, Монголын банкуудын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд дараах ажил, арга хэмжээг зохион байгуулсан юм. Үүнд:
Нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө, үүрэг ажлын чиглэлийг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар батлуулж, алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэнд 7 хоног тутам хяналт тавьсан.
Улаанбаатар хотын 4 чиглэлийн төв зам дагуу самбар, “JCDесаих” ХХК-ийн 28 автобусны буудал, “ССТS” ХХК-ийн зам дагуух 20 самбар нийт 52 самбарт мэдээлэл байршуулсан.
Хүн, автомашин олноор зорчдог газарт байрлах LED дэлгэц, Улаанбаатар хотод байрлах нийтийн орон сууцны цахилгаан шатны дэлгэц, цахилгаан бараа худалдаалдаг дэлгүүрүүдийн дэлгэц болон үйлчилгээний газруудын дэлгэцүүдээр видео байрлуулсан.
Залилах гэмт хэргийн үйлдлийн арга, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлсон 16 видео контент шинээр бүтээж нийтийн цахим сүлжээ болон 24 телевизээр түгээсэн.
Уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2 төрлийн зөвлөмжийг 6,775 ширхэг хэвлүүлж төв орон нутгийн цагдаагийн байгууллагад хүргүүлсэнийг олшруулан олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгсэл, түгээлт, такси үйлчилгээ үзүүлдэг автомашинд наах ажил явагдсан.
Иргэдийн өдөр тутамын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хаяг, шошгонд “Ятгах тусам Нягтал” залилагчид боломж бүү олго гэсэн үгийг хэвлэж, худалдаанд гаргасан.
Үүрэн холбооны оператор компанийн нийт 2,568,214 хэрэглэгч нарт “Ятгах тусам Нягтал” залилагчид боломж бүү олго гэсэн агуулгатай зорилтот мессеж хүргэсэн.
“Залилах гэмт хэрэг”, “Санхүүгийн луйвар” гэсэн 2 зорилтод нэвтрүүлгийг хийсэн юм.
Арга хэмжээний хугацаанд буюу энэ оны 01 дүгээр сард залилах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 15,3 хувиар буюу 98 хэргээр буурсан. Үүнээс нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг 17,1 хувиар буюу 92 хэргээр, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 14 хувиар буюу 6 хэргээр тус тус буурсан байна.