Categories
мэдээ цаг-үе

Яруу найрагч Баттөрийн Мягмаржав: “Ээжийн цэнхэр нутаг” тоглолтоо хийхээр санаа шулуудаж хэвтэнэ дээ

“Болор цом”-ын эзэн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Баттөрийн Мягмаржавтай уулзаж хөөрөлдлөө. Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадам 32 дахь удаагаа зохиогдоход “Тэнгэрийн татах хүч“ шүлгээрээ тэргүүн байр хүртсэн тэрээр эдүгээ аюулт өвчинд шаналан Баянхошуун дахь гэртээ адар ширтэн хэвтэнэ. Түүний “Ээжийн цэнхэр нутаг” дуу хөгжим, яруу найраг, сэтгэлийн их цэнгүүн ирэх арваннэгдүгээр сарын 14-ний 19 цагт “UB palace”-ын их танхимд болох аж. Монголын хоймор сайхан нутаг Хөвсгөлөөс төрсөн ясны яруу найрагчдаа ус нутгийнхан нь болон улс түмнээрээ туслан хөл дээр нь босгоосой билээ!


-Алс холын Солонгост ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар эх орондоо ирсэн сураг байсан. Бие тэнхээ ямаршуухан байна даа?

-Сайхан намаржаад байна уу, та бүхэн минь. Яах вэ, хүний нутагт хүмүүсийн адил ажиллаж хөдөлмөрлөн нэг жил болоод ирлээ. Юм үзэж харъя, ажилтай орлоготой байя гээд амьдралын тодорхой зорилготой явсаан. Явсны хэрэг яахав болж л байлаа. Тэгтэл тэнд жил болдгийн ойн дээр өвчин зовлонд унаснаа мэдлээ. Тэрүүгээрээ бие хаагаа үзүүлтэл ходоодны шарх гээд эмнэлэг жаахан хөөцөлдөж яваад ирлээ. Хүний нутагт үзүүлж харуулах мөнгө нь ч дийлдэхгүй юм, тэгээд аргагүйн эрхэнд эх орондоо есдүгээр сарын дундуур ирсэн дээ.

-Ирээд “Ээжийн цэнхэр нутаг” сэтгэлийн цэнгүүнээ хийхээр шийдэв үү?

-Энд эмчилгээ сувилгаа хийлгэж, гадаадын улс орны эрүүл мэндийн байгууллагад шинжилгээгээ явуулсан. Ходоод, элэг гэсэн хоёр эрхтэн хавсарсан өвчин учраас түвэгтэй л юм шиг байна. Шинжилгээний хариу иртэл зүгээр байж байхаар тоглолт хийж эмчилгээний зардлыг босгоё гэсэн саналыг найз нөхөд, Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Ренчинлхүмбэ сумын нутгийн зөвлөл”, “Хөвсгөл-нэг үе” клубээс санаачлан “Ээжийн цэнхэр нутаг” дуу, найраг, сэтгэлийн их цэнгүүнийг хийхээр товлоод байна. “Хөвсгөл-нэг үе” клубийн ерөнхийлөгч Г.Чингүнжав гэж сэтгэл сайт хүмүүн л энэ буянт үйлийг санаачиллаа. “Би ямар хүний өмнөөс өвдсөн биш” гэж дуугүй талдаа байсан ч тоглолтынхоо цаана нь гарахаар санаа сэтгэл шулуудаад хэвтэж байна даа. (Идэр залуухан найрагчийн эрдүү аргил хоолой сөөнгөтөн цээжний чинадаас шивнэн ярих ажээ. Л.Б)

-Энэ буянт үйлийг хэн, хэн дэмжиж байна?

-Миний хорин жил ажилласан Монголын үндэсний радио, телевизийн хамт олон, МЗЭ-ийн шагналт зохиолч Бидэрийн Баярсайхан, төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, сэтгэл сайт дүү нар, найз нөхөд сэтгэл зүрхээ надад харамгүй зориулж байна даа. Тэд маань л гадуур бүх ажлыг зохицуулаад бужигнаад байх шиг байна. Миний байгаа царай ч дээ, ингээд хэвтэж байдаг “ажил”-тай болж дээ.

-Хүний нутагт шүлэг бүтээл аль хэр туурвив. Шинэ номоо баринтаглах бодол байна уу?

-Өө, уран бүтээлээсээ яаж холдох вэ. Сэтгэл зүрхэнд байгаа юм чинь бичиж байгаад ирсэн. Өгүүллэгийн нэг ном боочихъё гэсэн чинь учиг зангидах арай болоогүй санагдаад байгаа. Энэ нэг өвчин шүү юмны цаана гарч байгаад хэвлүүлэх бодол байна. Цахим өртөөний буянаар Орос, Хятад, хаа байсан дэлхийн нөгөө бөөрнөөс сайхан сэтгэлийн дэм өгч сэтгэлээр минь намайг үндсэндээ босгож ирж байна даа. Эд бүхэндээ энэ өвчнийг даваад гарчихсаныхаа дараа хүүрнэл үгийн номоо өргөн барина даа.

-Юу гэсэн нэртэй ном байх бол?

-Аа, номондоо нэр сайн оноож амжаагүй. Жаахан дутуу дулимаг санагдаад байх юм. Хоёрын хооронд юм хүний гар дээр тавих би дургүй. Угаасаа ч тийм бодол үзэлтэй хүн. Хариутай бол бариутай гэж сайхан монгол үг бий. Сэтгэлийн дэм өгсөн хүн зондоо үнэгүй тараах бодолтой байна. Уран бүтээлч хүний чадах юм л энэ юм даа. Солонгост ажиллаж байхдаа мэр сэр бичсэн шүлэг байлгүй яахав. Иймэрхүү л ааш аягтай байх шив дээ.

-Өмнө нь уншигчдынхаа оюуны мэлмийд хэдэн номоо толилууллаа?

-“Долоон сарын цас”, “Цаг хугацаа буцвал…”, “Хоймор нутаг”, “Уулсын симфони” гэсэн арван хоёр мөнгөний дэвтэр шиг хэдхэн ном, “Нүүнэ” хэмээх тоосго шиг том нэг номтой хүн л дээ би.

-Өөрийн чинь цэнгүүнээ нэрлэсэн “Ээжийн цэнхэр нутаг” ч ухаарлын сайхан үгтэй дуу шүү…

-“Мэлмэрээ нуурын дэргэд нь хө

Миний л ээжий суугаа даа

Ээжийн нутгаа санаад байх чинь

Эр хүн байж би чинь уйлах нь үү дээ

Салхи хөлөглөм цэцэгс нь ээ

Самсаа шархирам үнэртэй дээ

Нутаг ээжээ санаад байна аа

Нулимсаа нуугаад уйлах нь үү дээ” гэсэн шүлгийг аль тэртээ ерээд онд бичиж, хөгжмийн зохиолч Жигжидийн Жаргалсайхан ая зохиосноос хойш олон ч дуучин дууллаа. Монгол Улсын гавьяат жүжигчин Чулуунхүү, Өлзий-Орших, Бямбажав болон дуучин Найдандорж нар дуулж хүнд хүргэж байх шив дээ. Би өөрөө их дуу цөөтэй, дээр нь дууны үг цөөтэй хүн. Дууны үг чинь нэг бодлын амархан ч юм шиг, нөгөө бодлын хэцүү ч юм шиг санагддаг юм.

-Тоглолтод хэн хэн гэдэг уран бүтээлчид оролцох бол?

-Гавьяат жүжигчин Ө.Уянга, Завханы гавьяат С.Батсүх ах хоршин дуулагч Б.Бат-Энэрэл хүүтэйгээ, соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч, дуучин Норовын Баасандорж, соёлын тэргүүний ажилтан О.Баянмөнх, Г.Эрдэнэтунгалаг, Д.Найдандорж, Я.Гэрэлчулуун, морины хэмээх дуучин Л.Нарантуяа нар, “Uvertura” хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм. Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржоос эхлэн Монголын утга зохиолыг нуруун дээрээ үүрч байгаа ерээд оны мөнгөн үеийнхэн соёлын гавьяат зүтгэлтэн Цоодолын Хулан, Хайдавын Чилаажав, Д.Нацагдоржийн болон “Болор цом”-ын хошой шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, модернист яруу найрагч Баатарын Галсансүх, “Болор цом”-ын эзэн Агваржин Жа.Баяржаргал, Норовын Гантулга, Шагдарын Лхамноржмаа, Л.Моломжамц, Ц.Эрдэнэбаатар, яруу найрагч Бидэрийн Баярсайхан, О.Цэнд-Аюуш нарын үе үеийн яруу найрагч, зохиолчид оролцохоор болж байгаа. Манай үе үеийн яруу найрагчид нижигнээд л ирж шүлгээ уншина гэсэн. Тайз бол ямар ч байсан хоосонгүй байх нь тодорхой. Бужигнана ч, нижигнэнэ ч л гэж үзэж байгаа.

-Та эцэг эхээс хэдүүл билээ?

-Бид эцэг эхээс есүүлээ. Эжийгээ хэдэн жилийн өмнө бурхны оронд үдсэн. Эжийгээсээ хойш ч сайхан есүүлээ л аж төрж байна. Би чинь айлын дөрвөн эрэгтэйгийн хамгийн отгон. Өлмий доороо гурван эмэгтэй дүүтэй. Өнөөдөр төрсөн нутаг Ренчинлхүмбэ сумаас маань нэг ах, хоёр эгч минь дүүгээ эргэж ирээд байна даа. Манайхан бүгд малчин улс аа. Малын буян хаачих билээ, сайхан л амьдарцгааж байгаа. Бичиг соёл гэж явсан нь ганцхан би ухаантай. Хоёр ах, нэг охин дүү нар минь бас ирж л байгаа сурагтай. Би уг нь Солонгосоос ирээд Хөвсгөл сайхан нутагтаа нэг оччихъё гэсэн чинь бие арай дийлэхгүй байж л байна. (гүн санаа алдав. Л.Б)

-Ренчинлхүмбэ ч бас янзтай сайхан хангай даа?

-Өө, яриад яахав. Одоо яг жинхэнэ нүүдлийн үед миний нутаг хичнээн сайхан гээч. Манайхны нүүдэл цас орохоос өмнө юу юугүй цаашаа явчих гээд байна гэж ирээд байгаа Лхагва ах маань хэлнэ лээ. Манайхан чинь Ханхын тийш, Хөвсгөл нуурынхаа ар талд очиж өвөлждөг улс. Тав зургаан хоног нүүнэ. Монголд үлдсэн жинхэнэ нүүдэл тэнд л бий. Тэмээн хөсөг, шар ачаа, морин тэгнээ гээд сүүлчийн сайхан нүүдэл манай нутагт л байдаг. Машин техник явах аргагүй газар чинь тэгэхээс ч яахав. Үеийн үед тэгж л нүүж ирсэн. Тэр чанараараа л байж байгаа. Энэ сайхан нүүдлээрээ явах юм сан гэж бас бодох.

-Хань чинь хаанахын сайхан бүсгүй байна?

-Манай хүн чинь Ёндонгийн Сүрэнхорлоо гэж бас есөн хүүхэдтэй айлын охин. Сайхан ханийнхаа хайр, асаргаанд л одоо сууж байна даа. Хүү Баасандалай, Энх-Амгалан хоёр маань одоо л нэг амьдралын зах руу орох гэж байгаа хүүхдүүд дээ. Өнгөрсөн жил хөөрхөн ач хүүтэй боллоо. Өвөө болох уяралтай сайхан юм.

-Та монгол түмэндээ хандаж хандивын данс нээсэн гэл үү?

-Баттөрийн Мягмаржав миний “ХААН” банкны 5020521058 тоот данс байгаа. Монгол ахан дүүс та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе дөө!

Тэнгэрийн татаххүч

Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор

Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм

Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр

Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм

Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ

Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг

Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон

Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би

Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар

Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсийм

Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг

Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм

Эх газрын татах хүчтэй булаалдан байж

Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм

Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан

Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм

Сарныхаа сүүн гэрлээр хөхүүлэн байж

Нарныхаа халуун алгаар өргөж өсгөсөн тэнгэр минь

Сая живаа оддоо хүний нүдэнд харуулаагүйсэн бол

Сансрын хөлгийг бид яах гэж бүтээх юм бэ?

Хүлэг морь, хийморь хоёроо давхил дундаа юүлсэн

Хүннү эцэгтэй Монголын үрс билээ, бид

Хөрст дэлхийн татах хүчинд

Хөлөө майга болтол татуулсан ч

Зовхиноосоо бол тэнгэр өөдөө татуулсан

Зоригт өвгөдийн үр сад билээ, бид

Газрын зоог хүлгийнхээ нуруу шиг хайрлан

Гангар хун шиг гэртэйгээ нисэн буун жаргасан

Энгэр газраа дэрлэн өвгөдийн бие шингэлээ ч

Тэнгэр таны хэвлийд бурхан сүнс залармой

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *