Categories
мэдээ нийгэм

Яруу найрагч А.Эрдэнэ-Очир бурхны оронд оджээ

Монголын яруу найргийн сод билэгт төлөөлөгч, монголын ард түмний хайртай хүү МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир утга зохиолын үйл хэргийн төлөө зүтгэж яваад номын агаар сэлгэж, монголын уран зохиол, нийгэм соёлын амьдралд нөхөж болшгүй их уй гашуу тохиолоо.

Нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир нь 1972 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрж, 1990-ээд оны эхэн үеэс уран бүтээлийн замналаа эхэлсэн билээ. Тэрбээр амьдралынхаа богинохон хугацаанд “Бэхэн цэнхэр өдрүүд” /1990/, “Эрх сэтгэл” /1995/, “Гэнэн шувуу” /2000/, “Сар нарны урсгал” /2001/, “Миний цуглуулсан хорвоо” /2006/, “Ийм нэгэн амьдрал” /2007/, “Тунгалаг гунигийн улирал” /2007/ зэрэг яруу найргийн бүтээлүүд хэвлүүлж, монголын утга зохиолын шинэ үеийн түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн авьяас билэг төгөлдөр яруу найрагч байв. Түүний яруу найргийн бүтээлүүд Монголчуудын оюун санааны амьдралын дүр зураг, оршихуйн дотоод мэдрэмж, уламжлалт сэтгэлгээ, гоо сайхны үнэт чанаруудыг хадгалсан мөн чанартай юм.

А.Эрдэнэ-Очир нь Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины сэтгүүлч, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, “Утга зохиол, урлаг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн “Цог” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Туурвин бүтээх хугацаандаа утга зохиолын ертөнцөд төдийгүй монголчуудын оюун санааны амьдралд яруу найргийн гайхамшигт бүтээлүүдээрээ өнө мөнхийн суу алдрыг олсон уран үгийн билигтэн, бичгийн суутан байлаа. Түүний шүлгүүд Орос, Хятад, Англи, Франц, Япон, Македон зэрэг улсын хэлээр орчуулагдаж, монгол хэлт яруу найргийг дэлхий дахинд танилцуулахад томоохон хувь нэмэр оруулсан билээ.

Тэрбээр яруу найргийн шилдэг бүтээлүүдээрээ МЗЭ-ийн нэрэмжит шагнал /1998/, “Болор цом” наадмын тэргүүн шагнал /2002/, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /2009/ Дэлхийн соёл, яруу найргийн академийн “Гарамгай яруу найрагч”, БНСУ-ын Ханчоны соёлын нийгэмлэгийн “Байгалийн модернизм” шагнал, Б.Явуухулангийн нэрэмжит шагнал, МУСГЗ /2017/ цол хүртжээ.

Яруу найрагч А.Эрдэнэ-Очир нь сүүлийн жилүүдэд МҮОНР-ийн хөгжмийн нэвтрүүлгийн албаны сэтгүүлч редактор, МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж, их утга зохиол, утга соёлын амьдралын төлөө ухамсарт амьдралын сүүлчийн мөчийг хүртэл зүтгэж явсан.

Монголын их утга зохиолын сод билэгт төлөөлөгч, монголын ард түмний хайртай хүү авьяас билэгт уран бүтээлч түүний эгэл даруу, эрдэм төгс гэгээн дүр бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хоногших болно.

Ум сайн амгалан болтугай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *