Categories
мэдээ утга-зоxиол

ЯРУУ НАЙРАГ: Д.Дамдинжавын “Бүсгүй” шүлэг DNN.mn

СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ ДАМДИНСҮРЭНГИЙН ДАМДИНЖАВ “БҮСГҮЙ ХҮН” ШҮЛГИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Дэлгэрэх навчтай модны бүлээн хэвлий бэлхүүс тань байдаг

Дэлбээлэх цэцэгсийн эмзэг нь бүсгүй тантай адилхан байдаг

Дэндүү тансаг солонгын өнгө нь үзэмж тань байдаг

Дэлхий од гариг бүхлээрээ эх хүн байдаг аа.

Уй гунигийг ороолон баяр хөөр цогиж явах тэр сэтгэл тань байдаг

Учралын тэнгэр эсгэн хагацлын зүг урвах нь хүртэл сайхан байдаг

Эр хүн уйлахын ганцхан шалтаг эхчүүд минь байдаг

Эргэн эргэн төрөхийн гарцаагүй шалтгаан эмэгтэй хүн байдаг аа.

Цахилж зөрөх гөрөөсний нүдэнд үзэгдсэн хорвоо таны гэнэн дурлал байдаг

Цагийн манан дундаас гэнэт цойлсон марал таны гэгээн бодол байдаг

Нүдэн нуураа хашиж дэвсэн шувуудын жигүүр хөмсөг тань байдаг

Нөмгөн орчлонг бүсэлж үүрсэн ухааны тэнхээ бүсгүй таных байдаг аа.

Яргуй дуулалдсан хаврын зөөлөн урь энхрийлэл тань байдаг

Яаж ч хичээгээд зурж чадаагүй уран бүтээл инээмсэглэл тань байдаг

Гунхаж яваа дүр тань миний сэрүүн цагийн зүүд байдаг

Гунигаа мартаж хөнтрөх мянган балга дарс харц тань байдаг аа.

Сансраас над руу нумарч татсан цагаан заадас эхийн сүүн цацал байдаг

Саранд асаж, наранд шатаж харагдах тэр гэрэл бүсгүйн гоо үзэсгэлэн байдаг

Залуугийн сайхнаа магтаалын салхинд үрж элээх нь мөхөл биш, бахдал байдаг

Санааны минь чанадад бүрэлдэх нь төрсөн бус, зурсан ертөнц байдаг аа.

Ирлэсэн мэс шиг зүрх сийчих охидын дурлал жаргал минь байдаг

Иссэн дарс мэт нулимсаа энгэрт асгах нь ихийн их хайр байдаг

Ижийдээ хэлж амжаагүй шад шүлгийн минь утга таны л тухай байдаг

Ирж буцахын хооронд энэ ертөнцдөө та нар бурхан нь байдаг аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *