Categories
гадаад мэдээ улс-төр

Японы парламентын гишүүнд хахууль авсан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноожээ

Токио хотын дүүргийн шүүхээс Японы парламентын доод танхимын гишүүн Цукасу Акимотод хахууль авсан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноожээ.

Үүнээс гадна, 7.58 сая иенийн /69 мянга орчим ам.доллар/ торгууль ногдуулсан байна. Прокурорын байгууллагаас Акимотод таван жилийн хорих ял оноохыг шаарджээ.
Акимото 2017 оны наймдугаар сараас өнгөрсөн оны аравдугаар сар хүртэл дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Японд зугаа цэнгэлийн бүс, казино байгуулахтай холбоотой хөрөнгө оруулалтын төслүүдийг хариуцаж байжээ. Мөрдөн шалгалтын явцад тэрбээр мөрийтэй тоглоомын бизнес эрхэлдэг Хятадын нэгэн компанитай холбоотой болох нь тогтоогдсон байна. Тус компани нь шинээр байгуулж буй рашаан сувиллын томоохон газруудын хүрээнд үйл ажиллагаа явуулах казино байгуулахад оролцохыг ихээхэн сонирхож байжээ.
Прокурорын байгууллагын мэдээлснээр, энэ компанийн төлөөлөгчид гаальд мэдүүлэлгүйгээр Японд хэдэн арван мянган ам.доллар бэлнээр оруулж ирсэн байна. Энэ мөнгийг Акимотод авлига хэлбэрээр шилжүүлсэн гэж мөрдөн байцаагчид сэжиглэж байгаа аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан Японд казино байгуулах тусгай зөвшөөрөл авахыг оролдож байсан Хятадын компанийн гурван ажилтныг баривчилжээ.
Акимотог 2019 оны арванхоёрдугаар сард баривчилсан бөгөөд гурван сарын дараа батлан даалтад гаргасан байна. Гэсэн хэдий ч дараа нь өнгөрсөн оны наймдугаар сард авилгын шинэ хэрэгт холбогдуулан дахин цагдан хорьжээ. Токиогийн дүүргийн шүүхээс түүнд ял оноохоос гурван сарын өмнө буюу 2021 оны зургадугаар сард дахин батлан даалтад гаргасан байна.
Мөрийтэй тоглоомын бүсийг хуулиар зөвшөөрөх хуулийг Японд 2016 оны арванхоёрдугаар сард баталсан байна. Японд урьд нь орлогынх нь талыг буяны үйлст зориулдаг морины уралдаан, дугуйн болон моторт завины уралдаанаас бусад мөрийтэй тоглоом тоглох хориотой байжээ. Мөрийтэй тоглоомын анхны бүс тус улсад 2023 онд байгуулагдах төлөвтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *