-ГАДААДАД АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛЧУУД НЭГНИЙГЭЭ ХАЙРЛАЖ ХАМГААЛААГҮЙНХ НЬ ТӨЛӨӨ ТУХАЙН УЛС ОРНООС НЬ ЭРГҮҮЛЭН ТАТДАГ ХУУЛЬ, ЖУРАМТАЙ БОЛМООР БАЙНА-
Японы метронд монгол залуус нэгнийгээ хэрцгийгээр зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаад байна. Монголчуудын нэгнийгээ зодож байгаа балмад зэрлэг үйлдлийг харуулсан бичлэгийг youtube.com хуудаст тавигдсан даруйд л дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хүн үзжээ. Бичлэгийн сэтгэгдэл дор хүмүүс монголчуудыг жигшин зэвүүцэж байгаагаа илэрхийлж, янз бүрийн утга санаагаар доромжлон бичиж байна. Сэтгэгдэл дунд нутаг нэгтнээ ингэж хэрцгийгээр зодож, толгой руу нь өшиглөж байгааг олон хүн гайхаж, буруутгажээ.
Консулын газар: Хоёр иргэнийг хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан хэргээр саатуулаад байна
Монголчуудын зодооны талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад “Өнгөрсөн амралтын өдрөөр буюу энэ сарын 2-ны өдрийн 19:20 цагийн үед Токио хотын Акабанэ галт тэрэгний буудалд монгол иргэд танхайрч, хоорондоо зодолдсон хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан үндэслэлээр Монгол Улсын хоёр иргэнийг саатуулаад байгааг Токио хотын Кита дүүргийн Акабанэгийн Цагдаагийн газраас мэдэгдсэн. Хувь хүний нууцыг хамгаалах үүднээс саатуулагдсан иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг манай улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд мэдэгдсэн” гэв. Монгол залуус нэгнийгээ зодож гэмтээсэн бичлэг гарсан даруйд “Метронд согтуу хятад хүн байсан гэнэ. Тэр хятад манай хоёр залуугийн нэгнийх нь нүүр рүү нулимсан байна. Үүнээс болж хятад хүнийг зоджээ” гэх мэтээр янз бүрийн худлаа мэдээлэл цацагдаж байв.
“Согтуу залуус цалин мөнгөний асуудлаас болж нэгнийгээ зодсон байна лээ” гэв
Харин зодооны талаар Японд амьдардаг нэгэн залуутай холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.
-Японы метронд монгол залуус нэгнийгээ зодож хүнд гэмтэл учруулсан байна лээ. тэднийг таньдаг гэж байсан. зодоон юунаас болсон юм бол?
-Монголчуудын зодооны асуудлаар энд хүн бүр ярьж байна. Япончууд биднийг танхай балмад, араатан шиг авирлаж байна гээд л дургүйцлээ илэрхийлж байна. Би тэр гурван залуугийн нэгийг нь сайн танина. Японд ирээд хоёр жил гаруй болж байгаа юм. Миний кохай хийдэг байсан юм. Кохай гэдэг нь миний дор ажилладаг хүн гэсэн утгатай. догшин ширүүн авир гаргаад байхааргүй л даруухан залуу. Архи ууснаас болоод л ийм зүйл болчихлоо гэж үзэж байна. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаарх мэдээлэл гарч байгаа. Зодоон яг юунаас болсон бэ гэдгийг хажууд нь байгаагүй болохоор нарийвчилж хэлж мэдэхгүй байна. Харин архи ууснаас болж зодоон болсон гэдэг нь тодорхой. Японд амьдардаг монголчуудын ярьж байгаагаар нэг нь өндөр цалин авсан. нөгөөх нь бага цалин авсан. Үүнээсээ болоод муудалцсан гэх яриа байгаа.
-Зодуулсан залуугийн биеийн байдал ямар байгаа бол. зодсон залууг нь цагдан хорьсон гэсэн?
-Зодуулсан залуугийн биеийн байдал тааруу байгаа гэсэн. Тархиндаа хүнд гэмтэл авсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Харин зодсон хоёр залууг Токио хотын Кита дүүргийн Акабанэгийн Цагдаагийн газраас цагдан хорьсон байгаа. Японы хууль чанга, олон нийтийн газарт танхайрсан, метро таван минутаар саатуулсан. Бусдыг зодож хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр хорьж байгаа юм байна лээ. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг шиг л Японы хуулиар хорих ялаар шийтгүүлэх нь тодорхой болчихлоо” гэв.
Нэгнийгээ үзэн ядаж, жигшин зэвүүцдэг зан монголчуудыг дэлхийд муухай харагдуулж байна
Бичлэгээс харахад “П… чамайг алаад өгнө” хэмээн хашгирч толгой руу нь өшиглөж, хамар, амнаас нь цус гарч байхад хэдэн минутын турш зөвхөн толгой руу нь өшиглөх аж. Мөн япон хэлээр хараал хэлэн хашгирч, зодож байгаа хүнээ хайрлахгүй улайрч, өшигчиж зодож байгаа нь харагдана.
Соёлт нийгэмд хүн хүнээ ингэж зэрлэгээр хүний нутагт цус нөжтэй нь хольж зодох нь битгий хэл амьтантай ч зүй бусаар харилцахаа больсон. Гэтэл монголчууд л нэгнийгээ үзэн ядаж, жигшин зэвүүцдэг нь Японд болсон зодооноос шууд харагдаж, мэдрэгдэж байгаа юм. Монгол хүн сайн яваа нэгнийгээ харахаараа нүд нь хорсож, үзэн ядаж зэвүүцүүлэх бодлого хэзээнээс байсан. Бидний цус, мах, ясанд энэ муухай зан нэвт шингэчихсэн. Үүний горыг өнөөгийн монголчууд бид амсаж байна. Тэр тусмаа гадаадад амьдарч байгаа монголчуудаас энэ зан хэтэрхий их илрээд байх шиг. БнСУ-д амьдарч байгаа монголчууд нэгнийгээ зодож, танхайрах, амь насыг нь хөнөөж байна. Бүр онц хэрцгий аргаар буюу эд эрхтнийг нь мөчилж, хэдэн арван удаа хутгалж, тарчлаан тамалж амь насыг нь хөнөөсөн хэрэг цөөнгүй гарсан. Сүүлийн 100 жилд гараагүй онц ноцтой хэргийг гадаадад амьдарч байгаа монголчууд л үйлдэж байна шүү дээ. дээр нь ажил хөдөлмөр эрхлээд цалин хөлс гайгүй аваад явж байгаа нэгнийхээ гэр орноос хулгай хийдэг. Хууль бусаар ажиллаж байгаа хүмүүсээ барьж өгөөд мөнгө авдаг. Бие биенийгээ дээрэмдэж, зоддог байдал бараг өдөр бүр гардаг гэх. Түүнчлэн ажиллаж байгаа газрынх дарга нарт ар хударгаар нь муулж, өөрөө сайн нэр олж, нутаг нэгтнээ гудамжинд гаргасан тохиолдол ч хаа сайгүй. Залилж мэхлэх, байгааг нь тонох явдал ч зогсдоггүй гэдэг. Ер нь монголчуудын дунд аль өнгөтэй өөдтэй яваа нэгнийгээ үнэн голоосоо үзэн ядаж, жигшин зэвүүцэх нь хүнд байж болох зан чанар гэдэг ойлголт байдаг бололтой. Ямар ч хүнийг сайнаар харахаа больж, таньдаг нэгнийгээ “Тэр хэзээ тийм байсан юм. Нэг муу хогийн амьтан л байсан шүү дээ. одоо харин их сэхэж, томорсон байна” гээд л муулдаг наад захын жишээ Монголд элбэг.
Нэгнийгээ үзэн яддаг, хайрлаж энэрэх сэтгэлгүйгээр зэрлэгээр зодож байгаа нь монголчуудыг дэлхийд муухай харагдуулж байна. Монголчуудын нэгнийгээ үзэн яддаг энэ муухай сэтгэхгүйг өөрчлөх цаг нь болжээ. Хэдий болтол дэлхийд монголчууд хүний адаг шаар гэж хэлүүлж явах юм бэ. Элэг нэгт цөөхөн монголчууд бие биенийгээ хайрлахгүй юм бол өөр улс орны харь хүмүүс биднийг ойлгож хайрлах нь юу л бол. Нэгнийгээ шазуур зуун үзэн ядаж, жигшин зэвүүцлээ гээд бидний хэн нь ч юу ч хожоогүй. Гадаадад амьдарч байгаа монголчууд нэгнийгээ хайрлаж хамгаалаагүйнх нь төлөө тухайн улс орноос нь эргүүлэн татдаг хууль, журамтай болмоор байна. Улсынх нь зүгээс ямар нэг хариуцлага ногдуулдаг болох хэрэгтэй. ингэж байж хариуцлагатай, журамтай, хүн ёсоор биш юмаа гэхэд хуулийн өмнө биенээ хүндэлж, аливааг тэвчдэг болох зам руу орно. Мөн хүүхдүүдээ багаас нь монголчуудаа хайрлаж, хүндлэх ухааныг суулгах ажлуудыг одооноос хийж эхэлмээр байна. Тэгэхгүй бол нэгнийхээ аминд хүрэхээр улайрсан бух шиг л дайрч, цус нөжтэй нь хольчихоод юу ч болоогүй юм шиг шүлсээ хаяад хээв нэг зогсож байна шүү дээ, монгол залуус.
Г.БАТЗОРИГ