Categories
мэдээ улс-төр

Японы иргэний гомдлын дагуу УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэлжээ

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн гэв үү хэмээсэн мэдээлэл энэ долоо хоногийн эхээр зарим хэвлэлд гараад буй билээ. Харин тэрбээр өнгөрсөн даваа гарагт болсон Төсвийн байнгын хорооны хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Савада гэдэг хүний гомдлоор намайг АТГ-т шалгасан асуудал байхгүй” гэж мэдэгдэв. Түүнээсээ хойш минут ч бололгүй “АТГ-ынхан шалгаад үнэн мөнийг нь тогтоочихно биз” гэсэн зөрүүтэй мэдээлэл өглөө.

Манай сонин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ХААН банкны хувьцаатай холбоотойгоор унтууцаж буйн учир” гэсэн нийтлэлээрээ түүний бичсэн нэг огноотой, хоёр өөр албан бичгийн талаар анх олон нийтэд хүргэсэн. 2019 оны нэгдүгээр сарын 25-ны “2019.01.25 11/386” дугаартай англи, монгол хэлээр бичсэн хоёр өөр албан тоотын нэг нь тухайн үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хандан “Эдийн засгийн ухааны доктор, профессор С.Өлзийбатыг Гавьяат эдийн засагч цолоор шагнуулах саналыг дэмжиж байна” гэж бичсэн байв.

Харин англи хэлээр бичсэн, “25.01.2019 11/386” дугаартай албан бичиг нь ашиг сонирхлын зөрчилтэй, “Таван богд групп” ХХК-д давуу байдал олгохыг зорьсон, цаашлаад үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг ч зөрчсөн гэж хэлж болохуйц албан тоот байсныг бид уншигчдад ил болгосон. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гарын үсэгтэй, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидеод хандан англи хэлээр бичсэн, 25.01.2019 огноотой, 11/386 дугаартай албан бичигт “Танай компани ХААН банкны хувьцаа эзэмшигчээс гарахаар төлөвлөж, өөрийн хувьцааг гуравдагч этгээдэд худалдахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл миний анхаарлыг татлаа. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар нь танай арилжааны бизнесийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх учиргүй ч Банкны тухай Монгол Улсын хуулиар аливаа эцсийн өмчлөгч буюу түүнд хамааралтай этгээд нь нэгээс илүү санхүүгийн байгууллагыг шууд болон шууд бус замаар эзэмшихийг хориглосон болохыг танд мэдээлэх нь бидний үүрэг болно. Одоогоор арилжааны гурван том банкны тоонд ХААН, Худалдаа хөгжлийн болон “Голомт” банк ордог. ХААН банкны хувьцааг оролцуулсан бизнесийг аливаа арилжааны банканд худалдах болон шилжүүлэх нь тухайн өмчлөгч, түүнд хамааралтай этгээдийг хууль бус гэж манай улсын хуулиар тооцдог. ХААН банкны одоо байгаа хувьцаа эзэмшигч “Таван богд групп” компаниас гаргасан тус банкны хувьцааг танай болон дээрх группийн хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол Улсын Засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлмээр байна. Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамнаас дэмжих бичиг гаргах замаар худалдан авах санхүүжилтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. 2017, 2018 онд олон улсын зах зээлд гарган амжилттай арилжсан манай улсын бондыг харгалзан үзвэл Монгол Улсын Засгийн газрын дэмжих бичигтэй “Таван богд групп”-ийн гаргах бондыг олон улсын хөрөнгө оруулагчид нааштай хүлээн авах үндэс байгаа гэж миний бие бодож байна” хэмээн бичсэн байсан билээ.

Тэгвэл Японы иргэн, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео манай хууль хяналтын байгууллагад хандан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг шалгуулах гомдол гаргасан байна. Уг гомдлыг хууль журмын дагуу Монгол дахь өөрийн орны ЭСЯ, манай Гадаад харилцааны яамаар дамжуулан илгээж, өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад цөөнгүй хонож буй аж. Тус газрынхан хуулийн хугацаанд гомдлыг хянаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах үндэслэлтэй гэж үзсэн байна. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлснийгхууль хяналтын байгууллагын хэд хэдэн эх сурвалж баталлаа.

ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео чухам ямар гомдол гаргасан тухай мэдээллийг бид олж авлаа. Тэрбээр 2021 оны арваннэгдүгээр сард уг гомдлыг бичиж манай ГХЯ-аар дамжуулан “Ноён Хүрэлбаатарын хууль бус үйл ажиллагааг шалгуулах тухай” гэж тодотгон АТГ-т хүргүүлсэн аж. Түүндээ нэлээд ноцтой зүйл дурджээ. Уг гомдлоос товчлон хүргэе.

“Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй “Sawada holdings” Co.Ltd компани нь 2003 онд ХААН банкийг худалдан авсан цагаас хойш 20 жилийн хугацаанд Монгол Улсын банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн анхдагч томоохон байгууллагуудын нэг билээ. Бид ХААН банкийг Монгол Улсын санхүүгийн салбарын системийн чухал банк болгож өсөн дэвжихэд түлхэц өгөхийн зэрэгцээ тус банкны дижитал шилжилт, банкны цогц үйлчилгээг Монгол орны өнцөг булан бүрт хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

“Sawada holdings” Co.Ltd компанийн хувьцаа эзэмшигчдэд томоохон өөрчлөлт оруулах хувьцаа худалдан авах тендерийг 2020 оны хоёрдугаар сарын 20-нд зарласан юм. Бид ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигчийн хувьд Монгол Улсын Банкны тухай хуулийн 36.2-т заасны дагуу тендер зарласан талаарх мэдээллийг Монголбанканд цаг хугацаанд нь мэдэгдсэн болно.

Гэвч Монгол Улсын Банкны тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл олгох эрх бүхий холбогдох албан тушаалтны заавар, шаардлага болон зөрүүтэй тайлбарын улмаас тендер зарласан цагаас хойш хувьцаа шилжүүлэх хэлцэл хоёр жил орчмын хугацаанд хойшлогдоод байна.

ХААН банкны 60 хувийг эзэмшиж буй томоохон хувьцаа эзэмшигч “Sawada holdings” компанийн хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт орох болсонтой холбоотойгоор тус банкны гадаадын хөрөнгө оруулагч болох “Sawada holdings” болон энэ компанийн хувьцааг худалдаж авахаар төлөвлөж байсан Япон Улсын “Meta capital inc” болон “Upsilon investment limited partnership” компанийн нэр хүндэд үндэслэлгүй, бүдүүлгээр халдах явдал гарч байна. Тухайлбал, манай хувьцаа шилжүүлэх үйл ажиллагааг хууль бус хэмээн олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөх, “Sawada holdings” компанийн шинэ хувьцаа эзэмшигч болох “Meta capital inc” компанийг мөнгө угаах ноцтой гэмт хэрэгт гүтгэх боллоо. Иймд, “Sawada holdings” компани болон бид Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамаар дамжуулан албан ёсоор гомдол хүргүүлж байна.

Энэ гомдлыг гаргах болсон гол шалтгаан нь Монгол Улсын Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлсэн үг, олон нийтийн сүлжээнд тавьсан нийтлэлүүдтэй холбоотой. Ч.Хүрэлбаатар нь өөрийн хувийн ашиг сонирхол, өөр компанийн бизнесийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс манай хувьцааны арилжааг хууль бусаар хоёр жил шахам сунгаж, бидний дотоод үйл ажиллагаанд хууль бусаар хөндлөнгөөс оролцсоноос үүдэн эдийн засгийн шууд болон шууд бус хохирол, тэр дундаа боломжоо алдаж, зардал нэмэгдсэнийг түүнээс нэхэмжлэх болно.

Тиймээс Сангийн сайд асан, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Ч.Хүрэлбаатарын манай байгууллагын нэр хүнд болон хувьцааны ханш зэрэгт эдийн засгийн ноцтой хохирол учруулсан худал мэдээлэл, хууль бус үйлдлийг Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу бүрэн шалгаж өгөхийг хүсэж байна.

“Upsilon”, “Sawada holdings” болон ХААН банк нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Монголбанкны зүгээс шаардсан шаардлагатай бүх мэдээлэл, баримт бичгийг хугацаанд нь бүрдүүлж өгсөн бөгөөд зохих зөвшөөрлийн дагуу хувьцаа шилжүүлсэн болохыг Монголбанк батлах болно.

“Sawada holdings” нь Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани тул манай “Upsilon” компанитай хийсэн гүйлгээ нь Япон Улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагуудын хяналтын хүрээнд хийгдсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Энэ бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл нь манай хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй тул ийм үйлдлийг таслан зогсоохын тулд зохих арга хэмжээг цаг алдалгүй авах нь бидний хамтын хариуцлага юм” хэмээжээ.

Юутай ч энэ гомдолд дурдсаны дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байна. Хэрхэн шалгаж шийдвэрлэхээс Ч.Хүрэлбаатарын ч, ХААН банкны хувьцаа эзэмшигчдийн ч, цаашлаад монголчуудын эл банканд итгэх итгэлд ч нөлөөлөх нь гарцаагүй.


Эх сурвалж: Unuudur.mn

Г.Равжаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *