Categories
гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Вьетнамд айлчлав DNN.mn

Японы Ерөнхий сайд Фумио Кишида ням гарагт Вьетнамд албан ёсны айлчлал хийж, Украин дахь цэрэг дайны ажиллагааг зогсоохын чухлыг цохон тэмдэглэлээ.

Тэрбээр Ханой хотноо Вьетнамын ерөнхий сайдтай уулзсаны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ, Украины тусгаар бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэх ёстой гэдгийг мэдэгдсэн байна. “Дэлхийн аливаа бүс нутгийн статусыг хүчээр өөрчлөх үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж Кишида хэлжээ.

Тэрбээр мөн, Өмнөд Хятадын тэнгисийн дундах харьяаллын маргаантай бүсэд барилгын ажил өрнүүлж, хиймэл арал дээрээ цэргийн байгууламжууд байгуулж байгаа Хятадын үйл ажиллагааг зэмлэн буруушаасан байна. Японы Ерөнхий сайдын Зүүн Өмнөд Ази болон Европын орнуудаар хийх 8 өдрийн айлчлалын хоёр дахь цэг нь Ханой байсан юм. Өмнө нь бямба гарагт Индонезод айлчилсан Кишида, Тайланд, Итали, Их Британи улсуудад мөн очихоор төлөвлөж байгаа аж.

Вьетнам, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы засгийн газрын тэргүүний энэ айлчлал болж байгаагаараа мөн онцлогтой. Вьетнам нь Японы засгийн газрын тусламж дэмжлэгийг хамгийн их хүртдэг улсын нэгд тооцогддог. Уулзалтын үеэр Вьетнамын Ерөнхий сайд Япон улсыг хэдийнээ тогтсон стратегийн түншлэлээ эрчимтэй гүнзгийрүүлж байгаа тэргүүн зэргийн түнш орнуудын нэг хэмээн үздэгээ тэмдэглэн хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *