Categories
гадаад мэдээ

Японы энэ оны ханз DNN.mn

Японд жил бүр тухайн оны онцлогийг агуулсан ханз үсгийг сонгодог уламжлалтай. Энэ жилийн оны онцлох ханз нь “икуса” буюу “тулаан, дайн” гэсэн утгыг илэрхийлдэг дүрс үсэг болжээ.

Оны бэлгэдлийг илэрхийлсэн ханзыг уран бичих ёслол Киото хот дахь буддын шашны “Киёмизү” сүмд болж, Японы томоохон телевизүүд шууд дамжуулсан байна. Сүмийн лам Сэйхан Мори 130 х 150 см-ийн хэмжээтэй, цагаан будааны цаасан дээр уран бичлэгээр бичжээ. Тэрбээр жил бүр оны бэлгэ тэмдэг ханзыг 33 см-ийн урттай бийрээр уран бичлэгээр бичдэг уламжлалтай. Зохион байгуулагчдын онцолсноор, коронавирустэй хийж буй тэмцэл болон Украины мөргөлдөөн үргэлжилж байгаа, түүнчлэн Японы тамирчид Бээжингийн өвлийн олимпод амжилттай оролцсон зэрэг хэд хэдэн шалтгаанаар ийм сонголт хийсэн байна.

Оны бэлгэдэл ханзыг 1995 оноос хойш зохион байгуулж буй бүх нийтийн санал хураалтын дүнд үндэслэн сонгодог болсон билээ.Энэ жил у явуулсан санал асуулгад 220 мянган хүн оролцжээ. Хэрэглэгдэж байгаа утгаасаа хамааран “хямд” эсвэл “аюулгүй” гэсэн утгатай “ан” гэдэг ханзанд олон хүн саналаа өгч хоёрдугаарт оржээ. Японд энэ жил иенийн ам.доллартой харьцах ханш сүүлийн 30 гаруй жилийн доод түвшинд хүрч унасан нь энэ ханзыг сонгох хүчин зүйлсүүдийн нэг болсон байна. Үүнээс гадна, уг ханз нь энэ зун бусдын гарт амиа алдсан Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн овог нэрийг бичихэд ордог ажээ. Жагсаалтын гуравдугаарт “хөнгөн, хөгжилтэй” гэсэн утгатай, “гаку”, “раку” гэж уншдаг ханз үсэг бичигдсэн байна. Энэ жил коронавирусний халдварын нөхцөл байдал сайжирч, чөлөөт цагаа өнгөрүүлэх эрх чөлөө, боломжийг мэдэрсэн учир сонгосон хэмээн энэ ханзыг сонгосон хүмүүс тайлбарлажээ.

Япончууд өнгөрсөн онд “кин” буюу “алт” гэсэн утгатай ханзыг оны бэлгэдэл ханзаар сонгосон юм. Уг ханз нь бас “мөнгө” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэ ханзыг 2021 оны зун Токио хотноо болсон Олимпын наадмаас Японы тамирчид хамгийн олон алтан медаль хүртсэнд зориулж сонгосон юм гэж “Kyodo” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *