Categories
мэдээ нийгэм

Японы буцалтгүй тусламжаар дөрвөн сургууль барина

Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх арга хэмжээ өнөөдөр болжээ. Тус арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока, “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөл, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НЗД-ын орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.

Япон Улсын “Жайка” олон улсын байгууллага 2017 оны нэгдүгээр сараас “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа. Энэ хүрээнд 2017 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы улсын Засгийн газар, “Жайка” олон улсын байгууллагатай Чингэлтэй дүүрэгт 720, Хан-Уул дүүрэгт 920, Налайх дүүрэгт 320, Баянзүрх дүүрэгт 480 хүүхдийн өргөтгөлийн барилгыг тус тус шинээр барих гэрээнд гарын үсэг зурсан байна.

Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн шинэ барилгын ажлыг эхлүүлэх ёслолын үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока хэлэхдээ, “Тус сургуулийн барилгын онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан бүх дэд бүтэцтэй, гамшгийн үед хоргодох байрны зориулалтаар ашиглах боломжтой бөгөөд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологиор баригдаж байгаа. Үүгээрээ Монголд загвар болохуйц сургуульд болно” гэжээ.

Түүнчлэн “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөгч эдгээр сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд БСШУСЯ болон холбогдох байгууллагууд ихээхэн анхаарал тавьж, дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлсэн байна.

Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгаас гадна Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд баригдах шинэ сургуулийн шавыг тавьж, суурийн ажил нь эхлээд байгаа бол Налайх дүүргийн 53 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлын бэлтгэлийг хангаж байгаа юм байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр өмнө нь хэрэгжсэн дөрвөн төслийн хүрээнд Улаанбаатар хотын 45 сургууль болон сургуулийн өргөтгөлийг барьж, сургуулийн хүчин чадлыг 22 мянгаар нэмэгдүүлсэн гэдгийг онцолжээ.

tsogzolmaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *