Categories
гадаад мэдээ цаг-үе

Японд галт уул дэлбэрч, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ DNN.mn

Японд галт уул дэлбэрч, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Японы өмнөд бүсийн Кагошима мужийн нутаг дэвсгэрт оршдог галт уул Ням гарагт дэлбэрсний улмаас тухайн орон нутгийн хэмжээнд онц байдлын зэрэглэлийг хамгийн өндөр түвшинд шилжүүлжээ.

Орон нутгийн цагаар оройн 8:00 цаг өнгөрч байхад Сакуражима галт уул хүчтэй дэлбэрсэн байна.

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида хохирлоос сэргийлэх чиглэлд орон нутгийн захиргаатай нягт хамтран ажиллахыг засгийн газартаа даалгажээ.

Онц байдлын зэрэглэлийг хамгийн өндөр буюу тавдугаар түвшинд шилжүүлснээр галт уулын тогооноос гурван километрийн радиус дотор оршдог Аримура, Фүрүсато тосгодын 51 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан байна.

Сакуражима уул Бямба гарагт дэлбэрэхэд аюулын зэрэглэлийг гурав дахь түвшинд шилжүүлж, ууланд авирахыг хориглож байжээ.

Гэвч Ням гарагийн дэлбэрэлтийн үеэр хад чулуу уулын тогооноос 2.5 км зайд шидэгдэж, утаа нь 300 метрийн өндөрт хүрсэн тул Японы цаг уурын хүрээлэн аюулын зэрэглэлийг ахиулсан байна.

Японы арлууд нь Номхон далайг тойрон хүрээлсэн “Галт цагариг” гэгддэг галт уул, газар хөдлөлтийн дэлхийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог. Сакуражима өмнө нь арал байсан боловч галт уулын дараалсан дэлбэрэлтүүдийн улмаас ойролцоох том арлын нэг хэсэг болж залгагдсан юм.

Япон улс хамгийн сүүлд 2015 онд мөн Кагошима мужийн Күчиноэрабу арал дээр галт уул дэлбэрэхэд онц байдлын зэрэглэлийг хамгийн өндөр түвшинд шилжүүлж, нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байжээ.

Эх сурвалж: AFP

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *