Япон улсын Засгийн газар Рэйвагийн нэгдүгээр оны намар одон гардах гадаад иргэдийн нэрсийг арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зарлажээ. Одон гардах иргэдийн жагсаалтад Монгол Улсын иргэн, орчуулагч Раднаагийн Баттогтох багтсан байна.
Р.Баттогтох нь 1977 онд Монгол Улсад анх удаа хэрэгжсэн Хөгжлийн албан ёсны тусламж болох “Говь ноолуурын үйлдвэрийг барьж байгуулах” буцалтгүй тусламжийн төсөлд орчуулагчаар ажилласан байдаг.
Түүний Монгол улсын их сургууль, Их монгол дээд сургуульд Япон хэлний багшаар ажиллах хугацаандаа Монгол дахь Япон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Япон, Монголын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх болон Япон хэлний боловсролын хөгжилд оруулсан алдар гавьяаг нь үнэлэн “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнахаар болсон байна.