Categories
гадаад мэдээ

Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn

зураг

Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилснаа өчигдөр парламентад хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.

Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн амь насанд халдсан хэргийн дараа энэ асуудал хурцаар сөхөгдөх болсон юм. Абэ агсны аминд халдсан этгээд нь их хэмжээний хөрөнгө мөнгөө Эв Нэгдлийн сүм буюу Мүүний шашны байгууллагад алдсан гэр бүлийн гишүүн байв.

Энэ хэргийн дараа Японы улс төрчдийн дотор дээрх байгууллагатай холбоотой хүмүүс олноор ил болсон юм.

Ерөнхий сайд Фүмио Кишидагийн засгийн газрын нэр хүнд муу байгаагийн нэг шалтгаан нь Эв Нэгдлийн сүмтэй холбоотой дуулиан болоод байгаа.

Шинээр санаачилсан хуулийн төсөлд шашны байгууллагад хандивласан мөнгөө дагагчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд буцааж авах эрхтэй байхаар тусгажээ.

Бас дагагчдаасаа шүтлэг бишрэлийг нь далимдуулан дарамталж, хандив нэхэхийг шашны байгууллагуудад хориглох заалт оруулсан байна. Тухайлбал гай зэтгэрээс аврах нөхцөлтэй хандив, өргөл барьц авах гэх мэт.

Хэрвээ шашны байгууллагын төлөөлөгч ийм албадлагын арга хэрэглэж, хандив авсан нь батлагдвал нэг жил хүртэл хугацаатай хорих ял оноох болон мөнгөн торгуулиар шийтгэхээр болжээ.

Дуулиантай холбоотойгоор Эв Нэгдлийн сүмийг шалгах даалгаврыг аравдугаар сард ерөнхий сайд Кишида хуулийн байгууллагуудад өгч байв.

Шалгалтын дүнгээс шалтгаалан Эв Нэгдлийн сүм татвараас чөлөөлөгддөг шашны байгууллагын статусаа алдаж болзошгүй юм.

Дэлхийн Энх Тайван, Эв Нэгдлийн төлөө Гэр Бүлийн Холбоо гэсэн албан ёсны нэртэй дээрх байгууллагыг Сүн Мюн Мүүн 1954 онд Өмнөд Солонгост байгуулж байжээ.

Эх сурвалж: AFP

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *