Монголчууд хөрсний дулаан ашиглан өвлийн хүлэмжинд хүнсний ногоо тариалжээ. Хөрсний дулаан ашиглах технологийг Япон улсад түлхүү ашигладаг. Монголын нөхцөлд газрын хөрснөөс доош таван метр хүртэл ухаж дулаан гаргаж авч байгаа юм байна. Ингээд таван метрийн гүнээс тусгай зориулалтын хоолой суулгах замаар дулаан татаж хүлэмжийг дулаацуулдаг байна. Гадаа -30 хэм хүйтэн байсан ч хүлэмж дотор 0-1 хэмийн дулаан хадгалагддаг аж. Энэ талаар өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа. Өвлийн хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль, салатны навч, бууцай гэх мэтчилэн 5-6 төрлийн нарийн ногоог 45 хоногийн хугацаанд, хөрсний дулаан ашиглан тарьж байгаа аж. “Жайка” байгууллагын тусламжтайгаар “Сэргээгдэх эрчим хүч ашиглан бага эрчим хүчээр хүлэмжинд хүнсний ногоо тариалах технологийг дэмжих төсөл”-ийг 2014 оноос эхлэн гурван жилийн хугацаанд туршилтаар хэрэгжүүлжээ.
Энэ технологиор нарийн ногоог 45-50 хоногийн дотор тарьж, хураан авах боломжтой гэнэ. Хүлэмж нийтдээ 240 м.кв талбайтай. Зуны улиралд 2 м.кв талбайгаас 3.5 кг ногоо хурааж авна. Харин өвлийн нөхцөлд арай бага, нэг кг орчим нарийн ногоо хурааж болох гэнэ.
Хөрсний дулаан ашиглаж ийнхүү нарийн ногоо тариалах нь бусад нам даралтын зуух, цахилгаан халаагуур, төвийн шугам сүлжээний дулаан ашигладаг хүлэмжнээс 20-30 хувиар бага зардал гаргадаг аж.
Цаашид энэ технологийг хүлэмжинд ашиглахаас гадна малын байр, агуулах саванд ашиглах бүрэн боломжтой гэж үзжээ. Үүнээс гадна хувийн орон сууцыг ч халаах боломжтой хэмээн үзсэн байна.
Япон улсын энэхүү технологи нь амжилттэй болох нь тогтоогож, төслийн туршилтын ажил өнөөдөр дуусч, цаашид өвлийн хүлэмжийг Эрчим хүчний яаманд харьяалуулан үргэлжлүүлэхээр болсон байна.
О.ӨНӨР