Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2017.02.09/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Ноён Элчин сайд Масато Такаока Япон Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирж, ажиллаж эхэлсэнтэйгээ холбогдуулан төрийн өндөр дээд албан тушаалтнуудад бараалхаж буй хүрээнд энэхүү уулзалт болсон юм.
Уулзалтаар манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал, эдийн засгаа богино хугацаанд сэргээхэд томоохон төслүүдээ хэрэгжүүлж эхлэх, Олон улсын валютын сангийн зээлд хамрагдах арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар харилцан санал солилцож, ярилцав.
Мөн Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудалд Япон Улс хөрөнгө оруулагчийнхаа хувьд уг нисэх буудлыг яаралтай ашиглалтад оруулахыг хүсч буйгаа ноён Элчин сайд илэрхийлж, ашиглалтад оруулснаар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чухал алхам болно хэмээн тэмдэглэсэн. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар үүнтэй санал нэг буйгаа тэмдэглэж, хоёр орны найрсаг харилцаа урьдын адил үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.