Categories
мэдээ нийгэм

Япон Улсын Элчин сайд хүлээн авалт зохион байгууллаа

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдрийг тохиолдуулан аравдугаар сарын 29-ний өдөр хүлээн авалт зохион байгууллаа.

Хүлээн авалтад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа болон албаны бусад хүмүүс оролцов.

Япон Улс, Монгол Улс нь стратегийн түншлэлийг байгуулж, олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж ирлээ. Ерөнхий сайд Ш.Абэ тус албанд томилогдсоноосоо хойш гурван удаа Монгол Улсад айлчилж, мөн Ерөнхийлөгч Х.Баттулгатай гурван удаа уулзалт хийсэн.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Эзэн хааны Хаан ширээнд суух ёслолын арга хэмжээнд оролцох үеэрээ Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзалт хийж, хоёр орны Ерөнхий сайд нар стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж, “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай”-г хамтран цогцлоон хөгжүүлнэ гэдэгт санал нэгдэв.

Япон Улс, Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаа зэрэг олон улсын энх тайвны төлөөх идэвх, санаачилгатай оролцоог өндрөөр үнэлж, тэрхүү ур чадварыг улам дээшлүүлэхийн төлөө 2012 оноос тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн. Ялангуяа, барилга байгууламжийн салбарт зам барих зэрэг сургалтуудыг зохион байгуулж, мэдлэг, туршлагаасаа хуваалцаж байгаа бөгөөд тус сургалт нь Монгол Улсын Зэвсэгт хүчний чухал сургалтуудын нэгд тооцогдож, Монгол Улсын инженерийн цэргийн ангийн энхийг сахиулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэхэд ч тусалж, дэмжлэг үзүүлж байгаа юм.

Монгол Улс, АНУ-тай хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын хамтарсан хээрийн сургуульд энэ жил Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний 60 гаруй хүний бие бүрэлдэхүүн оролцсон. Япон улс цаашид ч тус сургуульд идэвхтэй оролцох талаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан хоёр орны Ерөнхий сайд нарын хамтарсан мэдэгдэлд дурдсан.

Өнөөдрийг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчний 57 офицер Япон улсад суралцаад байна. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээн дэх төслийг саадгүй хэрэгжүүлэхэд Японд суралцсан оюутнууд хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

Ийнхүү хоёр орны батлан хамгаалахын хамтын ажиллагаа өргөжиж, ялангуяа Монгол Улсын Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *