Categories
мэдээ улс-төр

Япон Улсаас 0,8 хувийн хүүтэй, хорин жилийн хугацаатай зээл авна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон баталлаа. Үүний дараа Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэн учраас төслийг баталлаа.

УИХ-ын чуулганы хуралдаанаар хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Засгийн газраас 850 сая ам.долларыг гурван жилийн хугацаатай олгохоор болсон. Үүний эхний санхүүжилт болох 283,3 сая ам.долларын хэлэлцээрийг 2017 оны арван хоёрдугаар сарын 5-ний өдөр гэрээг хэлэлцэн баталсан. Нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын санхүүжилтэд олгох хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Монгол Улсын Засгийн газар болон ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Япон улсаас авч байгаа зээл нь 20 жилийн хугацаатай 0,8 хувийн хүүтэй, сайн нөхцөлтэй зээл авч байгаа нь эдийн засаг хүнд байгаа үед томоохон ач холбогдолтой, үр дүнтэй байна байх. Энэ зээлийг эдийн засгийн ямар салбарт, ямар зориулалтаар зарцуулах вэ. Ер нь зээлийн талаар манай нийгэмд буруу ойлголт их төрүүлж байна. Зээл, хөрөнгө оруулалтын үр дүнгээр хөгждөг, бүтээн байгуулалт хийдэг. Зээл авсан иргэдийг муухай харагдуулах гэсэн бодлогогүй, захиалгатай зүйлсийг тавьж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Зээлийг тооцоотой судалгаатай, эргэн төлөлттэй авдаг, олгодог зүйл.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Энэ зээл төсвийн зардлыг санхүүжүүлэхэд зориулж байгаа. Бид төсвийн зардлыг жилийн арилжааны банкнуудаас зээл авбал 14-18 хувийн хүүтэй санхүүжүүлж ирсэн. Үүнд төлж байгаа хүү нь 600 гаруй тэрбум төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүгээ бууруулж зээл авч байна гэсэн үг. Энэ зээл ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа зээл юм. Төр арилжааны банкнуудаас зээл авахгүй байх боломжийг бүрдүүлж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Аж ахуй нэгж байгууллага зээл авдаг. Зээл авсан хүмүүсээ, аж ахуй нэгжээ хулгайч, луйварчин шиг цоллоод байдал их гарч байна. Зээл аваагүй хүмүүсийг ч үүндээ хамруулж, харлуулах гэсэн байдал маш их гарч, үргэлжилж байна. Хүү багатай, урт хугацаатай зээл авч байгааг дэмжиж байна. Гэхдээ Монголын ард иргэдэд наалдах, үр өгөөжийг нь юу гэж харж байна вэ. Ямар төсөлд зарцуулах, үр өгөөж нь юу байх, ажлын байр нэмэгдэх үү.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Энэ зээл нь төслийн зээл биш учраас Япон улсын компаниуд орж ирэхгүй, зөвлөх үйлчилгээ хийхгүй. Харин 2018 оны төсөвт суусан зардлуудыг санхүүжүүлэх юм. Үүнд ямар нэг төсөл санхүүжихгүй. Харин үүнийг хийхийн тулд бид ОУВС-ийн хөтөлбөрийн цаана Монгол Улсын хөгжлийн түнш болон АНУ, Солонгос, БНХАУ, Дэлхийн банк зэрэг олон орны хамтын ажиллагаа өргөжиж байгаа.

Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хооронд байгуулсан төсөв, нийгэм болон эдийн засгийн санхүүжилтийн хэлэлцээрийг хэлэлцэж баталъя гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн 77.3 хувь нь дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *