Categories
гадаад мэдээ

Япон улс Украины хямралтай холбогдуулан ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг зарлалаа

Украины хямралтай холбогдуулан Япон улсын засгийн газар ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг зарлалаа.

Тус улсын ерөнхий сайд Фүмио Кишида өнөөдөр өглөө хийсэн мэдэгдэлдээ “Орос улсын гаргасан үйлдэл Украины тусгаар тогтнол болон олон улсын дэг журамд илэрхий хохирол учрууллаа. Бид уг алхмыг нь шүүмжилж, дипломат яриа хэлэлцээний ширээнд суухыг Оросын талд уриалж байна. Хүндэрч буй нөхцөл байдлыг бид анхааралтай ажиглаж байна” гэж хэлжээ.

Тус улсын авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээний хүрээнд Японы зах зээлд ОХУ-ын засгийн газар бонд гаргах боломжгүй болох ба тодорхой хувь хүмүүсийн хөрөнгийг битүүмжилж, хилийн хориг тавих юм байна.

Хориг арга хэмжээний дэлгэрэнгүйг удахгүй танилцуулах тухай Кишида мэдэгджээ.

Япон улс одоогоор газрын тос, шингэрүүлсэн хийн хангалттай нөөцтэй байгаа тул хоригийн улмаас богино хугацаандаа ямар нэг хомсдол үүсэхгүйг тэр амласан байна.

Мөн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлтийн сөрөг нөлөөг дотоод зах зээлдээ хязгаарлах бүх арга хэмжээг авахаа мэдэгджээ.

Их Долоогийн бүлгийн бусад орнуудтай нягт холбоотой ажиллаж, нөхцөл байдал дордсон тохиолдолд нэмэлт арга хэмжээг түргэн шуурхай авах төлөвлөгөөтэй байгаагаа Кишида энэ үеэр хэлсэн юм.

Япон улсын өмнөх засгийн газрууд дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болсон газар нутгийн маргаанаа өөрт ашигтай шийдүүлэх зорилгын үүднээс ОХУ-тай харилцахдаа хатуу бодлого баримтлахаас зайлсхийдэг байв.

Тус улсын хувьд Орос улсаас эрчим хүчний хамаарал харьцангуй бага.

2021 онд Япон улсын эрчим хүчний нүүрсний 12 гаруй хувь, шингэрүүлсэн хийн 10 орчим хувийг ОХУ нийлүүлж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *