УИХ-ын дарга З.Энхболд зургаадугаар сарын 1-3-ны хооронд Япон улсад ажлын айлчлал хийсэн билээ. З.Энхболд дарга айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчдийнхөө хамтаар өнөөдөр 20.17 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзаж, Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан болохыг онцолсон юм. Мөн айлчлалын хүрээнд Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолд оролцсон талаарх мэдээллийг хүргэлээ.
УИХ-ын даргын айлчлалын хүрээнд шийдэгдсэн нэг чухал асуудал нь Уул уурхайн салбарын хувьд Япон улстай нүүрсний чиглэлд хамтран ажиллах юм. УИХ-ын дарга З.Энхболд энэ тухай “Нүүрсээ нүүрс чигээр нь зарах боломжгүй болон үнэ нь шалан дээр унасан учраас өөр хэлбэрт оруулна. Тийм учраас цэвэр нүүрсний технологийн төв байгуулж, нүүрсээ хувиргана. Хувиргасны үр дүнд өртөг нь Монгол Улсад үлдэнэ. Тэр хэмжээгээр ажлын байр бий болно. Тэрийг хийхэд тэр ажлыг хийж чаддаг монгол залуусыг Косен гэдэг сургуульд сургана. Цэвэр нүүрсэн дээр ажилладаг. Ийм маягаар урагшаа харж ажиллана. Хэдхэн жилийн өмнөх 100 гаруй ам.долларын үнэ хүрч байсан нүүрсний үнээ санагалзаад байх юм бол энэ улсын хөгжил урагшлахгүй. Тийм учраас эдгээр ажлыг Япон улстай өндөр хэмжээнд ярьсан. Энэ улсад юу хэрэгтэй, тэр ажлыг хийхээс өөр арга байхгүй” хэмээв. Мөн энэ үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Япон улсад дадлагажигч ажиллах хүчин гаргах асуудал манай улсад урт хугацаанд үр дүнгээ өгөхөөр тааламжтай байдлаар шийдэгдсэнийг онцлов. Уг зорилтот ажил 8-10 жил үргэлжлэх бөгөөд Монгол Улс шаардлагатай боловсон хүчнээ тодорхой тоонд захирагдахгүйгээр Япон Улсад бэлтгэх боломжтой болсон байна. Япон улс руу дадлагажигч ажиллах хүчин гаргах гаргах бэлтгэл ажлыг Хөдөлмөрийн яамны зүгээс яаралтай байдлаар ханган ажиллах аж.
Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Монгол, Японы парламентын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй албаны хүмүүс багтаж ажиллажээ.