Өнгөрсөн долоо хоногт Индонез улс дотоодын эрэлтээ хангах үүднээс нүүрсний экспортоо нэгдүгээр сарын турш зогсоох шийдвэр гаргасан билээ.
Индонез бол эрчим хүчний хэрэгцээний нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч юм. Тус улсын нүүрсийг Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсууд хамгийн ихээр худалдаж авдаг.
Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний хямрал нүүрлээд байгаа энэ үед Индонез улс хоригоо удаан үргэлжлүүлж чадахгүй гэж ажиглагчид үзэж байгаа.
Одоогоор Индонезын нүүрсийг импортлогч улсуудын зах зээлд ямар нэг сөрөг нөлөө ажиглагдаагүй байна. Харин Лхагва гарагт Япон улсын засгийн газар нүүрсний экспортын хоригоо цуцлахыг Индонезын талаас албан ёсоор хүсжээ.
Япон улс сар бүр 2 сая тонн орчим нүүрсийг эрчим хүч болон аж үйлдвэрийн зориулалтаар Индонезоос худалдаж авдаг юм байна.
Жакарта хот дахь Япон улсын элчин сайдын яамнаас Индонезын эрчим хүч, ашигт малтмалын сайд Арифин Тасрифт гардуулсан захидалд нүүрс ачсан дөрвөн хөлөг онгоц Япон руу хөдлөхөд бэлэн болоод байгаа ч зөвшөөрөлгүйн улмаас замдаа гарах боломжгүй болсныг дуулгажээ.
Одоогоор Хятад, Өмнөд Солонгос улсууд нүүрсний хангалттай нөөцтэй байгаагаас гадна өөр бусад эх үүсвэрээс хэрэгцээгээ хангах боломжтой тул Индонез улсын эрх баригчдад хандаагүй байгааг судлаачид тайлбарлаж байна.
Индонезын нүүрсний компаниуд олборлолтынхоо 25 хувийг төрийн өмчит эрчим хүчний PLN (Perusahaan Listrik Negara) корпорацад зах зээлийн үнээс хямд үнээр нийлүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй байдаг.
Нэгдүгээр сард тус корпорацад 5.1 сая тонн нүүрсний хомсдол үүсэх урьдчилсан тооцоо гарсны улмаас Индонезын засгийн газар экспортын хориг тавьжээ.
Өмнө нь нүүрсний хомсдолоос үүдэлтэй эрчим хүчний тасалдал Индонезын улс төрд том асуудал үүсгэж байсан түүхтэй. Тухайлбал 2019 оны наймдугаар сард нийслэл Жакарта хотын 21 сая хэрэглэгч эрчим хүчгүй болсон нь нүүрсний хомсдолоос болж байжээ.
Тухайн үед Индонезын ерөнхийлөгч Жоко Видодо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нүүрс олборлогчдын зөвшөөрлийг цуцлах талаар анхааруулж байв.
Индонезын нүүрс олборлолтын хэмжээ сард 47-51 сая тонн орчим байдаг бол дотоодын хэрэглээ нь 9-10 сая тонн ажээ. Гэвч олборлогчид илүү ашиг олохын тулд нүүрсээ гадаадад экспортлохыг илүүд үздэг нь дотоод зах зээлд хомсдол үүсгэхэд нөлөөлдөг байна.
Эх сурвалж: This Week In Asia