Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгосоор буй Умард Солонгост шахалт үзүүлэхээр Япон болон Монгол Улс тохиролцсон тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.
Японы Гадаад харилцааны сайд Таро Коно пүрэв гарагт Токио хотноо Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзсан байна. Уг уулзалтын үеэр Т.Коно хэлэхдээ “Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг хамтын хүчин чармайлт гаргах нь чухал. Умард Солонгост олон талаар шахалт үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг улс орнууд бүрэн дагаж мөрдөх хэрэгтэй” гэжээ.
Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын дараа Умард Солонгост шахалт үзүүлэхэд хамтран ажиллахаар уг уулзалтын үеэр талууд тохиролцсон байна.
Умард Солонгост хулгайлагдсан япончуудын асуудлыг шийдвэрлэхэд тусламж үзүүлэхийг Т.Коно Монголоос хүссэн байна. Мөн тэрбээр “Монгол Улс Олон улсын валютын сан болон бусад банк санхүүгийн байгууллагаас санхүүгийн тусламж авахын тулд эдийн засгийн хатуу бодлого баримтлах нь зүйтэй” гэжээ.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нь энэ сарын эхээр Умард Солонгост айлчилж, тус улсын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намтай уулзсан билээ.