Categories
мэдээ улс-төр

Японы ерөнхий сайд Кишида Фүмио Монгол Улсад айлчилна DNN.mn

Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио энэ сарын 9-12-ны өдрүүдэд Казахстан, Узбекистан, Монгол Улсуудад айлчлах гэж байна. Энэ бүс нутагт хийж байгаа түүний айлчлал төв Азийн улсуудын хөрш Орос, Хятадаас хамаарах нөлөөллийг сулруулах гол зорилготой гэж судлаачид хэлж байна. Мөн улс орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь өндөр технологийн тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Монгол Улсын хувьд Япон улстай олон жилийн найрсаг, хамтын ажиллагаатай явж ирсэн. Томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудад Япон улсын тусламж, дэмжлэг өндөр байдаг. Энэ удаад тус улстай цахилгаан станцуудаа шинэчлэх, бордоо болон түлш шатахуун үйлдвэрлэх арга технологийг нэвтрүүлэх боломжийн талаар ярилцах ажээ.

Мөн Япон улсад ажиллах хүчин илгээх асуудлаар тохиролцох гэнэ. Түүнчлэн JICA байгууллагаар дамжуулан япон хэлний боловсролын дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөх аж. Тус улсын ерөнхий сайд манай улсад хамгийн сүүлд 2016 онд айлчилж байсан. Тэгвэл найман жилийн дараа буюу Япон, Монголын соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио айлчлах гэж байгаагаараа онцлог аж. Түүний хувьд 2021 оны есдүгээр сарын 29-нөөс Либерал Ардчилсан Намын дарга болсныхоо дараа сар нь Японы 100 дахь ерөнхий сайдаар томилогдсон. Абэ ерөнхий сайдын үед Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан улстөрч аж. Түүний эцэг Кишида Фүмитакэ болон өвөг эцэг Кишида Масаки нар Парламентын доод танхимын гишүүд байсан бөгөөд Ерөнхий сайд асан Миязава Киичи (1991-1993) түүний холын хамаатан юм. Аав нь Нью-Йорк хотод томилогдон ажиллаж байсан тул тэрбээр тус хотын Куинс дүүрэгт бага сургуульд сурч байжээ. Кишида Японы алдарт Васэда их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж 1982 онд төгссөн. Тэнд ирээдүйн улстөрч Иваяа Такэшитай найзууд болж байжээ. Кишида Фүмио гэргий, гурван хүүхэдтэй аж.

 

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *