Categories
гадаад мэдээ

Японы Гадаад хэргийн сайдын айлчлал DNN.mn

Япон улсын гадаад хэргийн сайд Ёко Камикава Украины нийслэл Киев хотод урьдчилан зарлалгүйгээр айлчилж, Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцлийг тууштай дэмжихийг батлан илэрхийлжээ. Тэрбээр Япон дрон илрүүлэгч системийг Украинд нийлүүлэх зорилгоор 37 сая ам.долларын тусламж үзүүлэх болсныг энэ үеэр мэдэгдэв.

Мөн Украины ард иргэдэд өвлийн улирлыг давж гарахад нь зориулан таван ширхэг цахилгаан эрчим хүчний үүсгүүрийг илгээх болсныг мэдээлсэн байна. Дараа нь Камикава сайд 2022 онд Оросын цэргүүдийн хядлага үйлдсэн Буча тосгон, ширүүн тулааны талбар болж байсан Ирпин хотод зочилж, ирэх сарын 19-ний өдөр Токиод зохион байгуулагдах Украины эдийн засгийг сэргээн босгох асуудлаарх олон улсын чуулганы бэлтгэл ажлын талаар Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулебатай ярилцжээ.

Сайд Камикаваг хүлээж авч уулзсан Украины ерөнхийлөгч Владимир Зеленский шинэ оны эхний өдөр Японд газар хөдөлсөнд эмгэнэл илэрхийлж, 2023 онд Хирошима хотод болсон Их Долоогийн чуулганы үеэр Украины гадаад харилцааг дээшлүүлэхэд тусалсан ерөнхий сайд Фүмио Кишидад талархал илэрхийлсэн байна.

Өнгөрсөн сард Японы эрх баригчид зэвсгийн экспортын бодлогоо шинэчилж, Patriot агаараас хамгаалах системийг АНУ-д экспортлох шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр нь АНУ-аас Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн тоог мэдэгдэхүйц нэмэгдүүлээд байгаа бөгөөд Япон улсын гадаад хэргийн сайд Польш, Финланд, Швед, Нидерланд, АНУ, Канад, Герман, Турк улсуудаар хийх хоёр долоо хоногийн айлчлалынхаа дундуур ийнхүү Украинд зочилсон байна.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *