Categories
мэдээ цаг-үе

Янгирын тэх айлын хотонд “хүргэн оржээ”

Баянхонгор аймгийн Заг сумын Баянбулаг багийн Баянбулагийн амаар нутагладаг малчин Чүнгэсийн Төмөрбүстийн хотонд янгирын нэгэн тэх “хүргэн ороод” хоёр жил гаруй болж байгаа аж. Энэ тэх анх хоёул байсан ч ижил нь шилүүс, чонын зоог болсон уу, “сүүлгүй боохой”-н тогоо тосолсон уу, уржнангаас ганцаар явах болжээ. Хад асгатай уулсын оройгоор л идээшлэх мөнөөх тэх өдрөөс өдөрт Төмөрбүстийн хонь ямаан сүрэгт дөхөн дассаар нэг л өдөр айлын хотонд хүрээд иржээ. Анхандаа хонь ямаа үргээд хөөрхий тэх дэмий л бараадаж явах болсон байна. Хоногийн олноор хээрийн зэрлэг өвгөөсөө ямаанууд эмээхээ больж ижилсэж эхэлжээ. Намар ямаанд ухна тавих цагаар “хүргэн хүү” хүчээ үзүүлж, арваад ямаа хээлтүүлжээ. Жирийн ямааны ухна яаж зэрлэг янгиртай мөчөөрхөхөв дээ. Тэх гуайтай мөргөлдлөө гэж бодоход арагшаа махийсан 75-140 сантиметр урт эвэртэй, биеийн урт нь 130-160 сантиметр, жин нь дунджаар 100-150 килограмм татдаг амьтан чинь Хадаа аварга, одой хүнтэй барилдахтай адил юм болно биз дээ. Өндөр нь гэхэд л сэрвээгээрээ 70-110 сантиметр хүрдэг амьтан шүү дээ. Малчны хотонд сүргийн манлай болсон тэх маань харин хээрийн амьтан гэсэндээ хот хашаанд хэр барагтай бол ордоггүй, хааяа гэнэдээд орлоо гэхэд үсэрч дэгдээд гараад явчихдаг гэнэ. Байнга л захалж, үргэх нь түүний унаган араншин гэж байгаа. Ноднин хавар гарсан “хүргэн” янгирын анхны төл арваад ишиг одоо тоо бүрэн бойжиж байгаа гэсэн. Ишигнүүд нь эцгийгээ дуурайсан цовоо цолгин гэж жигтэйхэн, зэгзийсэн амьтад. Хониноос сугарч хоцроод хээр эхүүдээ дагуулаад хоночихдог гэж байгаа. Төмөрбүст гуай хотондоо дассан өнөөх тэ­хийг хөөж явуулах гэж үйлээ үзжээ. Нэг удаа тасдаж хөө­гөөд явуултал уулсын оргил бараадалгүй Эх булагт нутагтай айлын хонинд хэд хоночихоод хүрээд иржээ. Ийм товч намтартай янгирын нэгэн тэх малчны хотонд тухлаад, зураг хөргөө татуулсан шиг байж байна.

Янгирын тухай сонирхуулахад дэлхий дээр найман зүйлийн зэрлэг ямаа байдгийн нэг төрөл нь монгол янгир юм. Алтайн өвөр говь, Хангайн нуруу, Хөвсгөлийн зарим уулсын ойн бүсээс дээшхи асга хадаар нутагладаг. Эрэгчинг тэх гэх агаад ишиг, борлон, шүдлэн, бавдай буюу хязаалан, их улаан, загал, халиун, харлаг гэж нас насанд нь өөрөөр нэрлэнэ. Янгир хээлээ зургаан сар орчим тээж, тавдугаар сарын дунд үеэр төллөн, голдуу нэг, хааяа ихэр ишиг гаргана. Янгир ховор тураг ан бөгөөд манай оронд агнахыг хориглож дархан цаазтай болгожээ. Жил бүр Засгийн газрын зөвшөөрлөөр тодорхой тооны янгир агнах эрхийг аж ахуйн нэгжүүдэд олгодог. Янгир ямаа ихэвчлэн хоёроос таваараа сүрэглэх боловч хүйтрэх тусам сүргийн доторх янгирын тоо ихэсч өвлийн улиралд хориос дээш толгойгоор сүрэглэдэг онцлогтой. Өндөр хадтай уулын оройд сүүдэр бараадан зогсож аюул ослоос сэрэмжилнэ. Шилжилт хөдөлгөөн хийх талбай нь ихдээ л жаран зургаан хавтгай дөрвөлжин километр байдаг гэнэ. Анчдын ярианаас үзвэл, янгир ямар ч чимээ сонссон доошоо л чиглэн харна уу гэхээс дээшээ чиглэн хардаггүй гэж байгаа. ХАА-н ухааны доктор Ё.Доржбатаас янгир, ямаа хоёр эрлийзжих талаар тодруулахад “Ямаанаас гарсан янгирын эрлийзийн ноолуур дунджаар 150 гр болдог. Тэгэхэд Баянхонгорын Залаа-Жинстийн цагаан ямаанаас дунджаар 700-1000 гр ноолуур гардаг. Харин тэсвэр тэвчээрийн хувьд монгол ямааг дагуулахгүй, бие товир ямаа гардаг” гэж байлаа.

Л.БАТЦЭНГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *