Төв аймгийн Алтанбулаг суманд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Хэргийн мөрөөр Алтанбулаг сумыг зорилоо. Тус сум Улаанбаатар хотоос 52 км-ийн зайд орших бөгөөд сумын төвийн чанх хойгуур Туул гол урсдаг. Алтанбулаг сумын Засаг дарга Б.Цэрэнбат ажлаар хот явсан учир Засаг даргын орлогч Н.Батмөнх дарга бидэнд сумынхаа талаар танилцуулав. Тэрээр 1999 оноос хойш сумандаа ажиллажээ. Өмнө нь Засаг дарга, Тамгын газрын даргын албыг хашиж байжээ. Албан бүртгэлээр сум 3084 хүн амтай. Хустай байгалийн цогцолборт газар, Олон улсын энхийг сахиулах төв, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги зэрэг томоохон байгууллагууд үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор 2000 орчим түр оршин суугч суманд харьяалагддаг байна. Тиймээс нутгийн ихэнх иргэн мал аж ахуй эрхэлдэг бөгөөд үүнийг дагасан үйлдвэр, үйлчилгээ явуулж амьдралаа залгуулдаг. Бусад сумтай харьцуулахад ажилгүй иргэд бага. Сүүний үйлдвэр, бяслагны үйлдвэр, сүү хөргөлтийн үйлдвэр, эсгий эдлэлийн үйлдвэр гээд жижиг дунд үйлдвэр олон бий. Эдгээр үйлдвэрүүд сумынхаа иргэдийг тодорхой хэмжээгээр ажлын байртай болгож байна. Мөн Туул голыг түшиглэн чацаргана зэрэг жимсний аж ахуй эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж хэд хэд байдаг юм байна. Энэ жил сумын 80 жилийн ой тохиож байгаа аж. Сумынхан ойдоо бэлтгээд нэлээд хөл хөдөлгөөнтэй байв.
СЭЖИГТЭН ТАЛИЙГААЧИЙН ЦЭЭЖИН ТУС ГАЗАР НЭГ ХУТГАЛЖ, УЛМААР АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ
Ер нь бол жилийн дөрвөн улирал идэвхтэй амьдрал буцалж байдаг сум бололтой. Ажилгүй иргэд ховор учраас архидан согтуурах дүр зураг, элдэв янзын гэмт хэрэг ч төдийлөн гараад байдаггүй тухай нутгийнхан ярьсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус суманд гарсан хүн амины ноцтой хэрэг нутгийн олныг нэлээд цочроогоод байна. Алтанбулаг сум Сумт, Аргал, Алтан-Овоо, Замт гэсэн дөрвөн багтай. Сумт нь төвийн баг бол үлдсэн гурав нь хөдөөгийн баг. Алтан-Овоо багийн нутагт уг хэрэг гарсан гээд байгаа. Угтаа хэрэг сумын төвд гарчээ. Хэрэг сумын төвд иргэн Т-ийн гэрт үйлдэгдсэн байна. Иргэн М, П нар маргалдаж улмаар нэгнийхээ аминд хүрчээ. Талийгаач М 30 гаруй настай. Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрт нутагладаг малчин аж. Тухайн өдөр сумын төвд орж ирээд таньдаг найз нөхөдтэйгөө уулзаж ганц, хоёр шил архи уусан гэх. Ингээд П-тай шалихгүй асуудлаас болж үл ойлголцоод салжээ. П-г унтаж байх үеэр М гэрт нь орж мотоциклийн каск буюу малгайгаар цохиж авсан бололтой. Дуг нойрондоо дугжирч байхад нь гэнэт цочоож сэрээсэнд П уурсан босч ирээд хариу цохилцож ширүүн маргаан үүсч улмаар хутга аван талийгаачийн цээжин тус газар хутгалж аминд нь хүрчээ. П хүний аминд хүрсэн гэдгээ гэнэт ойлгож шоконд орж улмаар амиа хорлохыг завдаж өөрийгөө хутгалжээ. Энэ үеэр ойр хавьд байсан хүмүүс М-ийг эмнэлэгт хүргэж, цагдаад дуудлага өгчээ. Харамсалтай нь түргэн тусламж ирэхэд М аль хэдийнэ амьсгал хураасан байсан ба сэжигтэн П их хэмжээний цус алдаж байсан гэх мэдээлэл байна. Ингээд сэжигтэнг эмнэлэгт ирэхтэй зэрэгцэн сумын хэсгийн төлөөлөгч иржээ. “Хэрвээ маргаан үүсч зодоон болох үед дуудлага өгсөн бол ийм байдалд хүрэхгүй байсан. Утсаар залгаж дуудлага өгч болдоггүй юм гэхэд гүйж ирээд яагаад дуудлага өгчихсөнгүй вэ” гэж хэсгийн төлөөлөгч ярьж байсан. Хэрэг болсон газар хэсгийн төлөөлөгчийн байрнаас хэдхэн гудамжны цаана байжээ. Сэжигтэн П нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн. Өдгөө 28 настай тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, тус суманд ямаа самнахаар ирээд байсан нь энэ юм. Энэ хугацаанд хамаатныхаа айлд байрлаж байжээ.
ТАЛИЙГААЧ ЧАМГҮЙ САЙН УЯАЧ БАЙЖЭЭ
Талийгаач М эхнэр хүүхэдтэй, тогтсон амьдралтай нэгэн байж. Эцэг, эхээс ах дүү олуулаа. Удам залгасан малчин төдийгүй хурдан морь уядаг уяач хүн гэдгийг таньж мэдэх хүмүүс ярьж байна лээ. Түүний уясан хурдан хүлэг сумандаа төдийгүй томоохон уралдаанд айрагддаг байж. Залуу хөдөлмөрч, ажилсаг нэгэн байжээ. Нутгийн хүмүүс ч М-ийг даруу төлөв зантай, олон таван үггүй гэдгээр нь андахгүй. Зарим нь “Би лав өдий олон жил энэ суманд амьдрахдаа түүнийг архи уучихсан согтуу явсныг харж байгаагүй” гэж ярьж байгаа бол зарим “Овоо хэдэн малтай. Амьжиргаатай, томоотой залуу л санагддаг. Хоорондоо шалихгүй зүйлээс болж муудалцсан гэсэн. Хайран сайхан залуу” гэв. Насаараа тус нутагт амьдарсан нэгэн хөгшин “Ганц юм хувааж уугаад хүний аминд хүрч байдаг яасан их омог вэ. Энэ залуус сүүлийн үед их омогтой болж. Сав л хийвэл ална, тална гээд хутга шөвөг барьдаг болчихож” хэмээн нэлээд бухимдангуй өгүүлэв. Ер нь энд ойрын хэдэн жил ноцтой хэрэг гарч байгаагүй гэнэ. Гэвч өнөө жил ийн хоёр дахь хүн амины хэрэг тус суманд гараад байна. Өнгөрсөн өвөл мөн нэг залуу хүргэнээ хутгалж аминд нь хүрсэн хэрэг гарсан байна. Хүргэнтэйгээ таарамжгүй харилцаатай байсан нь хэрэг гарах гол шалтгаан болсон гэх. Он гарсаар хоёр ч ноцтой хэрэг гарсанд нутгийн иргэд ч их түгшиж шөнө, орой гэрээсээ гарахдаа эмээх болсон талаар ярив.
“ХОТТОЙ ОЙРХОН БОЛОХООР ЭЛДЭВ ЯНЗЫН ХҮМҮҮСИЙН ХӨЛ ТАСАРДАГГҮЙ”
Сүүлийн үед Алтанбулаг суманд онц ноцтой хэрэг мэр сэр гарах болжээ. Саяхан тус сумын нутаг дэвсгэр Булгийн тохой гэх газраас шатсан цогцос олдож нийгэмд нэлээд шуугиан дэгдээсэн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат 50 гаруй хоёр хүү нь бүлэглэн амь насыг нь хороож улмаар шатаасан болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг. Биокомбинат, Шувуун фабриктай залгаа орших суманд гаднаас чиглэсэн элдэв хүмүүсийн хөл хөдөлгөөн тасардаггүй бололтой. Ялангуяа малын хулгай их гардаг байна. Биднийг очих үеэр сумын хэсгийн төлөөлөгч малын хулгайн араас мөрдлөг хийхээр яваад эзгүй байв. Алтанбулаг сум малынхаа тоогоор дээгүүрт бичигддэг. Тиймээс мал тэвээрэг авах үеэр хэсгийн төлөөлөгчид малын хулгайн дуудлагаар тасардаггүй гэсэн. Нийслэлээс машин тэрэг хөлөглөн бэлтгэлтэй гарсан хулгайч нар айлын адуу, үхэр шөнөөр тууж гол гатлуулан баруун тийш дамнуулан тууж зам дагуух томоохон гуанз, цайны газруудад нийлүүлдэг гэх мэдээлэл ч бий.
СЭЖИГТЭН ЮУНЫ УЧИР ХҮНИЙ АМИНД ХҮРЭВ
Сэжигтэн П ямар учраас хүний аминд хүрсэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байна. Түүнийг саатуулаад байгаа бөгөөд хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Нутгийн хүмүүсийн ярьж буйгаар талийгаач сэжигтэн хоёр бие биенийгээ танихгүй гэнэ. Тухайн өдөр хэдэн хүнтэй нийлж архи ууж, дарвих үед сэжигтэн хамт байсан бөгөөд улмаар согтуу хүмүүс нэгнийхээ үгэнд гомдож, үл ойлголцол үүссэн байж болзошгүй. Маргаан ширүүсч хэрэг гарах шалтгаан болсон гэх. Зарим эх сурвалжийн мэдээлснээр талийгаач цээжиндээ дөрөв хутгалуулж амиа алдсан гэж байгаа бол албан эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн талийгаачийн цээжин тус газар нэг хутгалсан нь амин тус газар нь тусч үхлийн шалтгаан болжээ.