Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг манай улс ч бас тэмдэглэнэ. Баярын хүрээнд зохион байгуулах ажлуудыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтдаа хийж байгаа юм. Яг одоо Соёлын төв өргөөн баярын хурал, хүндэтгэлийн концерт эхэлж байна. Баярын хуралд төр, засгийн төлөөлөл Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд, Беларусь улсаас суугаа Элчин сайд, Казакстан улсаас суугаа Элчин сайдууд болон ахмад дайчид оролцоно.
Харин маргааш БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд ОХУ, Казакстан, Беларусь зэрэг улсын Элчин сайдууд 11.00 цагт Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд, 11.30 цагт Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Чингисийн талбайд 14.00 цагаас эхлэх баярын арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулах юм. Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаалыг МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар шууд дамжуулан үзүүлэх бөгөөд шууд нэвтрүүлгийн цэргийн тайлбарлагчаар ЗХЖШ-ын БХЗГ-ын дарга, бригадын генералын Ж.Бадамбазар, БХЯ-ны мэргэжилтэн, хурандаа Г.Лүндэн нар ажиллах юм. Цэргийн ёслолын жагсаал маргааш Москва хотын цагаар 10.00 цаг, Улаанбаатар хотын цагаар 16.00 цагт эхэлнэ. Шууд нэвтрүүлгээс өмнө иргэд цэргийн хээрийн хоол идэж, Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн ялалтын баярын тухай түүвэр тоглолтыг үзэх боломжтой.
Харин 19.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөөнд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “День победы” хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулна. Төгсгөлд нь 22.00 цагт Чингисийн талбайд 5-10 минутын ёслолын буудлага буудах юм байна.